Мэдээ мэдээлэл
2023 оны "Эрдэмтдийн үг" лекц эхэллээ
ШУА-аас уламжлал болгон зохион байгуулдаг "Эрдэмтдийн үг" лекцэд шинжлэх ухааны бүхий л салбарын нийт 50 эрдэмтэн судлаачид, академичид оролцож, судалгаа шинжилгээнийхээ нээлт, үр дүн, нийгэм, эдийн засаг, байгаль орчинд оруулсан хувь нэмэр, ач холбогдлын талаар олон сонирхолтой лекц уншин, шинжлэх ухааныг танин мэдэх, түгээн дэлгэрүүлэх, соён гэгээрүүлэх үйлсийг идэвхтэй хийсээр ирсэн билээ.
2023 оны “Эрдэмтдийн үг” лекцэд өнгөрсөн онд академич хэргэм шинээр хүртсэн болон шинжлэх ухааны доктор хамгаалсан нийт 11 эрдэмтэн олон нийтэд зориулсан лекц унших бөгөөд нэгдүгээр улирлын байдлаар 2 лекцийг зохион байгуулаад байна.
Энэ оны “Эрдэмтдийн үг” лекцийн салхийг хагалж, ШУА-ийн Математик, тоон технологийн хүрээлэнгийн Математикийн салбарын эрхлэгч, Монгол Улсын төрийн соёрхолт, академич, Рэнцэний ЭНХБАТ "Рамсейн онол: Философи, математик ба эдийн засагт" сэдвээр гуравдугаар сарын 29-ний лхагва гарагт лекц уншлаа. Энэхүү лекцээр английн суут математикч, философич, эдийн засагч Фрэнк Рамсейн шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр, Рамсейн онолтой холбоотой монгол судлаачдын хийсэн бүтээлээс танилцуулж, МУ-ын гавьяат багш Ц.Дашдорж, академич С.Нямзагд нар лекцтэй холбогдуулан өөрсдийн судалгааны талаар ярилаа.
Тус лекцэд ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар, Монгол Улсын гавьяат багш Ц.Дашдорж, Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуулийн дэд захирал Л.Алтангэрэл, МУИС-ийн судлаач н.Цэдэн, ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын дарга А.Баярбаатар, ЭШМХ-ийн дарга, доктор С.Баяннасан, МТТХ-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор А.Мөнх-Эрдэнэ зэрэг зочид төлөөлөгчид оролцлоо. Та бүхэн уг лекцийг сонсохыг хүсвэл https://rb.gy/5fsi холбоосоор дамжин үзэх боломжтой.
Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний
хүрээлэнгийн захирал, хөдөө аж ахуйн шинжлэх ухааны доктор Мижидсүрэнгийн
БЯМБАСҮРЭНГИЙН “Хүнсний хангамж, аюулгүй байдал-пестицидийн хэрэглээ” сэдвээрх
лекц гуравдугаар сарын 29-ний лхагва гарагт боллоо.
Лекцэд Чингис хаан одонт, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Д.Доржготов, ШУА-ийн тэргүүлэгч гишүүн, ХААШУА-ийн ерөнхийлөгч Б.Бямбаа, ХААШУА-ийн гишүүн, академич Ш.Дэмбэрэл, академич Ж.Норовсүрэн, Монгол Улсын ардын багш, доктор, профессор Х. Мөнхбаяр, ХААШУА-ийн гишүүн, доктор Б.Баттөр, МУ-ын ШУ-ны гавьяат зүтгэлтэн, доктор, Ч.Чулуунжав, Мал эмнэлгийн хүрээлэнгийн захирал, ХААШУА-ийн гишүүн, доктор Б.Батцэцэг, Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн захирал, ХААШУА-ийн гишүүн, доктор Н.Баярсүх, Мал аж ахуйн хүрээлэнгийн захирал, доктор Т.Батсүх, МУБИС-ийн Биологийн тэнхимийн эрхлэгч, доктор Ариунболд, ШУА-ийн ХХТХ, БХ, ИТ, УХЭШХ-ийн хамт олон, оюутан залуус оролцлоо. Энэхүү лекцийг https://rb.gy/b6r7 холбоосоор хүлээн авна уу.
- Эрдэм шинжилгээний мэдээлэл