Мэдээ мэдээлэл
Б.Авид: Шинжлэх ухааны салбарт төрөөс хөрөнгө оруулалт хийлгүй 37 жил болчихоод байна
Жил бүрийн арваннэгдүгээр сарын 4 дүгээр долоо хоногт Олон улсын шинжлэх ухааны ажилтны өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдрийг тохиолдуулан шинжлэх ухааны байгууллага, төр хоорондын уялдаа холбоо, эрдэмтдийн бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах зэрэг асуудлаар ШУА-ын Ерөнхий эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Авидтай ярилцлаа.
ESA: ШУ-ны байгууллагуудын өмнө тулгарч буй асуудлаар ярилцлагаа эхлүүлье. Төсөв санхүүгийн асуудал хүндрэлтэй, үйл ажиллагаа явуулах байрны асуудал хүндэрлээ гэх зэргээр ШУ-ны байгууллагуудад асуудал их байна. Үйл ажилллагаа явуулахад хамгийн хүндрэлтэй зүйл юу байна вэ?
-Арваннэгдүгээр сард Шинжлэх ухааны ажилтны өдөр тохиодог. Энэ хүрээнд салбарын жаргал зовлонг ярих нь зүйтэй биз. 1990 - 2000 он хүртэл шинжлэх ухааны байгууллагыг тараачихгүй авч үлдсэн нь тухайн үеийн гол үйл явдал байлаа. 2000 оноос хойш ШУ-ны байгууллагад зарцуулах төсөв хөрөнгө харьцангуй нэмэгдэж эхэлсэн. Гэвч санхүүжилт өнөө хэр нь хангалтгүй л байна. Дэлхийн хөгжингүй орнууд жишгээр дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 1-2 хувийг шинжлэх ухаанд зарцуулдаг. Гэтэл манай улсад 10 дахин бага буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 0,1-0,2 хувийг нь шинжлэх ухаанд зарцуулж байна. Үүнийгээ дагаад шинжлэх ухааны ажилтнаас гарч байгаа үр дүн бага.
Шинжлэх ухааныг хөгжүүлэхийн тулд хөрөнгө оруулалт маш их хэрэгтэй. Тэр дундаа ажиллах орчин нөхцлийг бүрдүүлэх ёстой. Судалгаа хийхийн тулд лаборатори, багаж хэрэгсэл, эм урвалж байх хэрэгтэй. Гэтэл эдгээр нь байхгүй бол ажил явахгүй шүү дээ. Сүүлийн 15-17 жил аливаа зүйлийг аргацаасан байдалтай явж ирсэн боловч дорвитой хөрөнгө оруулалт хийгдэхгүй учраас шинжлэх ухааны байгууллага нь өндийж чадахгүй байна. МАН-ын Засгийн газраас шинжлэх ухааны байгууллагын санхүүжилтийг 5 дахин нэмэгдүүлнэ гэж амласан болохоор амлалтаа биелүүлээсэй л гэж найдаж байна даа.
ESA: Төсөв санхүү дан ганц ажилчдын цалин хөлс, урсгал зардалд явчихдаг. Тэгэхээр эрдэмтэн, судлаачид судалгааны ажлынхаа хөрөнгө санхүүг бор зүрхээрээ аргалж байна уу?
-Уг нь нийт төсвийн 30 хувь нь цалинд, 70 хувь нь судалгаа шинжилгээний ажилд зарцуулагдах ёстой. Жил жилийн улсын төсөвт тусгагдаж байгаа санхүүжилт 30 тэрбум төгрөг л байдаг. Үүний 20 орчим нь эрдэмтэн судлаачдынхаа цалинд зарцуулагддаг. Үлдсэн 10 тэрбум төгрөг судалгаа шинжилгээний ажилд зарцуулагддаг ч үйл ажиллагаанд хүрэлцдэггүй. Хөдөө орон нутгаар судалгаа хийгээд явахад зардал их гардаг ч санхүүжилт нь хэт бага болохоор манайхан бөөн бөөнөөрөө майхантай хээрээр л явдаг юм. Ерөөсөө өөрийн чинь хэлдэгээр судлаачид маань бор зүрхээрээ л судалгаа, шинжилгээний ажлаа хийж байна.
ESA: Сүүлийн жилүүдэд шинжлэх ухааны байгууллагад ажиллагсад залуужиж байх шиг байна. Хүний нөөцийн хувьд хангалттай байж чадаж байна уу?
-Одоо бидний нэг асуудал бол хүний нөөц юм. Шинжлэх ухааны байгууллагад ажиллах хүнийг 10-20 жил өндөр түвшний лабораторид ажиллуулснаар тухайн хүн сайн боловсон хүчин болно. Өнөөдөр манай салбарт ажиллах шаардлагатай гол хүний нөөц бол 40-55 насныхан. Гэвч зах зээлд шилжсэний улмаас шинжлэх ухааны байгууллагад ажиллаж байсан хүмүүс өөр салбарт ажиллах болсон. Тэгтэл энэ байгууллагад тэр хүний орон зай үлдэж байгаа бөгөөд тэр орон зайг нь нөхөж чадахгүй байсаар хүний нөөцийг хувьд тасранга болжээ. Манайд 55-аас дээш насны болон 35-аас доош насны эрдэмтэн судлаачид голчлон байна. Хэдийгээр асуудал их байгаа ч тодорхой түвшинд үйл ажиллагаагаа явуулсаар байна. Гэвч Монгол улсын хөгжилд хувь нэмэр оруулах хүч харьцангуй бага байгаа юм.
Нөгөө талаасаа Монгол улс цөөн хүн амтай учраас эрдэм шинжилгээний ажилтны тоо ч цөөхөн. Уг нь дэлхийн дунджаар нэг сая хүнд 1500 эрдэм шинжилгээний ажилтан ноогддог гэсэн тооцоо бий. . Харин манайд 1 сая хүнд 500 эрдэм шинжилгээний ажилтан оногдож байна. Тэгэхээр ажилтны тоогоор ч хөрөнгө санхүүгийн боломжоор ч хэд дахин бага байдгаас болж шинжлэх ухааны байгууллагын үйл ажиллагаа хангалтгүй байгаа юм.
ESA: Эрдэмтдийн бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулахад юу дутагдаж байна? Төрийн дэмжлэг үү, эсвэл хувийн хэвшлийн дэмжлэг үү?
-Шинжлэх ухаан олон нийтийг танин мэдэхүйн болон улс орны эдийн засгийн хөгжлийг дэмжих гэсэн хоёр үүрэгтэй гэж хэлж болно. Орчин үед өндөр хөгжилд хүрч байгаа орнууд шинжлэх ухаанд тулгуурлан хөгжиж байна. Шинжлэх ухааны академи дотроо 10 хүрээлэнтэй. Хүрээлэн тус бүр өөр өөрийн онцлог бүхий үйл ажиллагаа явуулдаг. Тухайлбал түүхийн хүрээлэн, архелогийн хүрээлэн дэлхийд дээгүүрт тооцогдох судалгааны ажил хийдэг бол улсын эдийн засгийн хөгжилд нэмэр оруулах судалгааны ажлын чиглэлээр хими, физик, биологийн хүрээлэн ажиллаж байна. Тодруулбал хими, химийн технологийн хүрээлэн ургамлын төрөл бүрийн судалгаа хийж байгаа бөгөөд манай оронд ургадаг ургамлаас хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй эмийг гарган авч байгаа юм. Мөн физикийн хүрээлэн “зай буюу батарей” хийж байна. Орчин үед машинаас эхлээд л батарейгаар ажилладаг олон зүйл байгаа учраас энэ зах зээл нь маш ирээдүйтэй. Монгол орон бол эрдэс түүхий эдээр баялаг. Олон төрлийн элемент ордог батарейг Монголд байдаг түүхий эд дээр тулгуурласан өндөр технологийг ашиглаж хийх нь бидний зорилт юм. Гэвч бидэнд үйлдвэрийн суурь, дэд бүтцийн асуудал тун хүндрэлтэй байна. Батарей хийхийн тулд төрөл бүрийн химийн бодис хэрэгтэй учраас суурь химийн үйлдвэр байгуулах нь хэрэгтэй болоод байгаа юм.
Нэг талаас эдийн засгийн эргэлтэд оруулах бүтээгдэхүүн хийхийн тулд эхлээд судалгааны ажил, туршилтууд, дараа нь үйлдвэрлэлийн шат руу орно. Энэ бүхнийг хийхийн тулд тэр бүгдийг нь дэмжсэн дэд бүтэц хэрэгтэй.
Одоо манайд эрдэмтэд гээд хэсэг хүмүүс байна. Нөгөө талд нь туршилтад орсон бүтээгдэхүүнийг аваад үйлдвэрлэх ёстой хувийн хэвшил байдаг. Уг нь хувийн хэвшлийнхэнд эрдэмтдийн бүтээлийг аваад үйлдвэрлэх гэхээр нөгөө үйлдвэрлэлийн бааз суурь нь байхгүй учраас л эрдэмтдийн бүтээл эдийн засгийн эргэлтэд орж чадахгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл эрдэмтэд, хувийн хэвшил дунд байгаа уналтын цэгийг дэмжсэн дэд бүтэц манайд байхгүй болохоор л өсөлт мэдрэгдэхгүй байна.
ESA: ШУА-ын хүрээлэн дундаас аль хүрээлэнгийн лаборатори, ажиллах орчныг нэн түрүүнд шинэчлэх шаардлагатай байгаа вэ?
-Нэгдүгээрт химийн хүрээлэн, хоёрдугаарт ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн, гуравдугаарт физикийн хүрээлэнгийн ажиллах нөхцлийг эхний ээлжинд сайжруулах шаардлагатай гэж бодож байна.
ESA: Эдгээр хүрээлэнгийн лабораторийг хамгийн сүүлд хэзээ шинэчилсэн юм бол?
-Миний мэдэхээр 1980 онд томоохон хөрөнгө оруулалт хийгдсэн. Түүнээс хойш томоохон хөрөнгө оруулалт хийгдээгүй бөгөөд 2008 онд багахан хөрөнгө оруулалт хийгдсэн. Би сүүлийн 25 жилийн хугацаанд шинжлэх ухаантай холбоотой байсан тул энэ хугацааны асуудлыг мэднэ. Энэ хугацаанд хөрөнгө оруулалт гэж юм хийгдсэнгүй. Яах вэ, гадаадын хөрөнгө оруулалт, тусламж дэмжлэгээр мал эмнэлгийн хүрээлэнгийн тоног төхөөрөмж шинэчлэгдсэн. Гэхдээ 1980 оноос хойш улсаас томоохон хөрөнгө оруулалт хийгдээгүй. Тийм учраас л ажиллах орчноо сайжруулах хэрэгтэй гэж байнга хэлээд байгаа юм л даа. Хүний ажиллах орчин хангалтгүй байвал тэр хүн ажлын байран дээрээ тогтвортой ажиллахгүй биз дээ.
ESA: Ажиллах хүч, ажлын нөхцлөөс хамаарч эрдэмтэд өөр салбарт ажиллах боллоо гэж ярьж байна. Эрдэмтэн, судлаачид аль салбар руу илүүтэй хөрвөж байна?
-Их дээд сургуулийн багш болж байна. Уул уурхай руу маш ихээр явсан. Мөн гадаадын олон улсын лабораториуд руу, гадаад улсад ажиллахаар явж байгаа. Ер нь нэг хүнээс үр дүн хүлээхийн тулд 10 гаруй жил доод тал нь хүлээх хэрэгтэй. Тэгтэл 10 жил биш 3 жил ажиллаад ажлаасаа гарахад тэр хүн байсан, байгаагүй ялгаагүй болж байгаа юм. Тэгэхээр тогтвортой ажиллах нөхцлийг нь бүрдүүлэхийн тулд ажиллах орчин нөхцлийг яаралтай сайжруулах хэрэгтэй. Үүнд л төр анхаарал хандуулах шаардлагатай байна. Ер нь улс орны хөгжил шинжлэх ухаан дээр тулгуурлаж явах учиртай гэдгийг хүн бүр ойлгох хэрэгтэй. Тэгэхээр шинжлэх ухаан дээр тулгуурлаж хөгжихийн тулд нэн даруй санхүүгийн асуудлаа шийдмээр байна. Өнөөдөр санхүүжилт нэмэгдлээ гэхээр маргааш бүтээл гарахгүй шүү дээ. Тиймээс хурдан хөгжье гэвэл ойрын хугацаанд хөрөнгө оруулалтаа нэмэх хэрэгтэй. 2030 онд хөрөнгө оруулалт нэмэгдэхээр 2050 онд эрдэмтдийн бүтээл эдийн засгаа дэмжинэ. Тиймээс одоо хөрөнгө оруулалтаа шийдэж чадвал 2025 он гэхэд эдийн засгийн хөгжлөө дэмжинэ гэдгийг ойлгох хэрэгтэй байна.
ESA: Боловсролын салбарынхан цалингаа нэмэгдүүлэхээр тэмцэж байна. Энэ тэмцэлд шинжлэх ухааны байгууллагууд нэгдсэн. Тиймээс шинжлэх ухааны байгууллагын ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх тал дээр ямар байр суурьтай байна вэ?
-Цалин бол бага. Гэхдээ цалин хөлсөөс илүүтэй эрдэмтэн, судлаачдын ажиллах орчныг сайжруулах хэрэгтэй байна гэдгийг ШУА-ын ерөнхийлөгч хэлсэн. Бид улс орны нөхцөл байдлыг ойлгож байгаа учраас цалин нэмэгдүүлэх шаардлагыг тавихгүй байгаа. Харин ажиллах орчин буюу лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэх хэрэгтэй гэсэн саналаа салбарын сайддаа хэлсэн.
ESA: Ярилцсанд баярлалаа.
ЭХ СУРВАЛЖ: ekhsurvalj.mn