Үндсэн агуулга руу

Гишүүд

БАТМӨНХ

БАТМӨНХ


АКАДЕМИЧ СЭРЭЭТЭРИЙН БАТМӨНХ 

Дулааны эрчим хүчний инженер-судлаач

1947 онд Сэлэнгэ аймгийн Хушаат сумын нутаг Орхон-Хараагийн бэлчирт Товоохон хэмээх газар төржээ. 

1965 онд Зүүнхараа хотын 10 жилийн дунд сургууль, 1965-1970 онд ЗХУ-ын Свердловск хотын С.М.Кировын нэрэмжит Уралын политехникийн дээд сургуулийг “Аж үйлдвэрийн дулааны энергетикч” мэргэжил, “Дулааны эрчим хүчний салбар дахь эрдэм шинжилгээ” гэсэн нарийн мэргэшил эзэмшиж, 1974-1979 онд ЗСБНУзУ-ын (Узбекстан) ШУА-ийн Физик-техникийн хүрээлэнгийн Гелиофизикийн секторт мэргэжил дээшлүүлэн, аспирантурт, 1986 онд ЗХУ-ын Уралын техникийн их сургуулийн докторантурт суралцан төгссөн.

1979 онд “Дулааны техникийн онолын үндсүүд (техникийн термодинамик ба дулаан масс солилцоо) сэдвээр техникийн ухааны дэд эрдэмтний зэрэг, 1989 онд ЗХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын академич Мелентьевийн нэрэмжит Эрчим хүчний хүрээлэнд “Эрчим хүчний систем ба цогцолбор” сэдвээр шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан. 1991 онд Монгол улсын ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич хэргэм хүртжээ.

1970-1971 онд МУИС-ийн Эрчим хүчний факультетын Дулааны энергетикийн тэнхимд ЭША, 1971-1979 онд тус тэнхимд багш, 1990 оноос Монгол улсын Техникийн их сургуульд профессор, эрдэм шинжилгээ эрхэлсэн проректор, тэнхимийн эрхлэгч, багийн тэргүүлэх профессор, салбарын зөвлөх профессорын албан тушаалыг хашиж байна. 

1992 онд Монгол улсын ШУА-ийн Технологийн дээд сургуулийг (Улаанбаатарын их сургууль) хэсэг эрдэмтдийн хамт үүсгэн байгуулж 1992-1996 онд 1-р проректор, ШУА-ийн Техник-технологийн бага чуулганы дарга, ШУА-ийн тэргүүлэгч гишүүн, 1991-2017 онд ШУТИС-ийн харьяа Дулааны техник үйлдвэрийн экологийн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байв.

1993 онд профессор, 2006 онд Монгол улсын Гавьяат багш, 2014 онд ОХУ-ын ерөнхийлөгч Б.Н.Ельциний нэрэмжит Уралын холбооны их сургуулийн “Хүндэт доктор” цол олгожээ. 

Нарны энергийг дулаанд хувирган ашиглах, зуухны техникт буцлах давхарга бүхий шаталтын дэвшилтэт технологи нэвтрүүлэх, эргэлдэх буцлах давхаргатай зуух, нүүрсний шаталт, дулаан солилцооны онол, эрчим хүчний системийн судалгаа, үйлдвэрийн экологи зэрэг салбарт зонхилон ажиллаж байна.   


  • Жинхэнэ гишүүн
  • Техникийн шинжлэх ухаан

← Бүх мэдээ