Мэдээлэл
Бидний тухай
ШУА-ийн тухай:
XIII зуунд Их хаан Хувилай “Бичгийн мэргэдийн хүрээлэн” буй болгосон нь Монголчууд эрдэм номыг эрхэмлэн дээдэлж ирсэний илэрхийлэл билээ. Ардын засгийн газрын 1921 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн тогтоолоор “Судар бичгийн хүрээлэн” байгуулагдсанаар Монгол улсад шинэ үеийн шинжлэх ухааны төв байгуулага бий болсон түүхтэй бөгөөд хожим нь Шинжлэх Ухааны Хүрээлэн, Шинжлэх ухаан, дээд боловсролын хүрээлэн болон өргөжин тэлсээр БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1961 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн зарлигаар ШУА-ийг байгуулсан билээ.1961 оны 5 дугаар сарын 22-ны өдөр ШУА-ийн анхдугаар чуулган хуралдаж, зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэн академийн анхны гишүүдээ сонгосноор, Монгол улсад эрдэм шинжилгээний ажил дагнан эрхлэх анхны бие даасан шинжлэх ухааны төв байгууллага бий болсон түүхтэй. Ийнхүү монгол түмний дэвшилтэд оюун санааны мөрөөдөл болсон өөрийн үндэсний Шинжлэх Ухааны Академиа байгуулсан нь Монгол Улсын хөгжил дэвшлийн түүхэнд олсон бахдам амжилтын нэг бөгөөд манай ард түмэн үндэсний сэхээтэн, эрдэмтэдтэй болсны илэрэл, төрийн бодлогын томоохон амжилт байв.
Монгол улсын Их Хурлаас 1996 онд баталсан “Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн эрх зүйн байдлын тухай” хуулиар ШУА нь тус улсад шинжлэх ухаан, тэргүүний технологийг хөгжүүлэх зорилго бүхий шинжлэх ухааны төв байгуулага болохыг хуульчлан заасан билээ. Монголын эрдэмтэн мэргэд, сэхээтнүүд, түмэн олны олон зуун жилийн хүсэл эрмэлзлэл, зүтгэл бүтээлийн үр дүнд Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи байгуулагдсан нь манай оронд орчин цагийн шинжлэх ухаан, техник хөгжих, нийгэм-эдийн засгийг тэргүүний шинжлэх ухаан, технологийн үндсэн дээр хөгжүүлэх боломж бүрдсэн юм. Улс орныг хөгжүүлэхэд шинжлэх ухааны гүйцэтгэх үүрэг өсөн нэмэгдэж буй нөхцөлд ШУА-ийг бүх талаар бэхжүүлж, эрдэм шинжилгээ, судалгааны боловсон хүчин бэлтгэх ажлыг сайжруулан, эрдэмтдийн хүч чармайлтыг үндэсний эдийн засаг, соёлын хөгжлийн хамгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглүүлж, академийн хүрээлэнгүүд үйлдвэрлэлтэй нягт холбоотой ажиллаж, тухайн үед манай улсын хэрэгжүүлж байсан төлөвлөгөөний зорилтыг ханган биелүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулсаар ирсэн юм.
ШУА нь 1961 оноос хойш нэрт эрдэмтдээр эгнээгээ өргөжүүлж, нийт 126 эрдэмтэн академийн жинхэнэ гишүүн (академич)-ээр сонгогдсон бөгөөд эдүгээ салбар салбарын тэргүүлэх эрдэмтдээс бүрдсэн 59 гишүүн буюу академичтай байна.
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу манай академи шинжлэх ухааны салбараар зохион байгуулсан Биологи, Геологи-газарзүй, Нийгмийн ухаан, Техник-технологи ба Физик-математик-химийн салбарын Бага чуулган, Монголын Анагаах ухааны болон Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны салбар академитай, шууд харьяалалд 10 эрдэм шинжилгээний хүрээлэнтэй ажиллаж байна.
Эрхэм зорилго: Нийгмийн тогтвортой хөгжлийг хангах зорилтыг шийдвэрлэхэд гол хүчин зүйл болохуйц чадавхи бүхий олон улсын түвшинд ойртсон онолын суурь судалгааны хүрээлэнгүүдийн сүлжээ бүхий Монгол улсын шинжлэх ухааны төв байгуулага болно.
Их чуулган:
Академийн удирдах дээд байгууллага нь академийн бүх гишүүдийн чуулган юм. Их чуулган нь жилд хоёроос доошгүй удаа хуралдана. Үүнд:
- Шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх бодлогын хэрэгжилт, эрдэм шинжилгээ судалгааны ажлын үр дүнг хэлэлцэж судалгааны тодорхой чиглэлийг хөгжүүлэхэд Засгийн газарт дэмжлэг үзүүлэх;
- Монгол улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, зөвлөмж гаргаж, Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газарт өргөн барих;
- ШУА-ийн эрдэм шинжилгээ үйл ажиллагааны тайланг хэлэлцэх;
- Академийн ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, тэргүүлэгчид, эрдэмтэн нарийн бичгийн даргыг 4 жилийн хугацаагаар сонгох болон хуулиар заагдсан бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж байна.
ШУА-ийн гишүүнийг сонгох асуудлыг ШУА-ийн гишүүнийг сонгох журмын дагуу зохион байгуулж, их чуулганаар хэлэлцэж шийдвэрлэдэг. ШУА-ийн гишүүний ээлжит сонгууль 2017 оны 1 дүгээр сард зохион байгуулж 3 эрдэмтэн шинээр сонгогдон, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс “Академич” хэргэм хүртэв. Энэ удаагийн сонгуульд эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулийн Эрдмийн зөвлөлөөс нийт 34 эрдэмтнийг нэр дэвшүүлсэн байна. ШУА-ийн жинхэнэ гишүүн, 59 академичийн 46% нь ШУА-д, 34% нь их, дээд сургуульд, 20% нь бусад салбарт ажиллаж байна.
Тэргүүлэгчид:
Их чуулганы чөлөөт цагт ШУА-ийн өдөр тутмын үйл ажиллагааг Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчид, эрдэмтэн нарийн бичгийн дарга, Тэргүүлэгч гишүүдээс бүрдсэн Академийн Тэргүүлэгчид удирддаг бөгөөд Академийн Тэргүүлэгчид ажлын албаараа дамжуулан (Тэргүүлэгчдийн газар) үйл ажиллагаагаа хэрэгжүүлдэг.
Бага чуулган: Шинжлэх ухаан, технологийн бодлогыг хэрэгжүүлэх, тэргүүлэх чиглэл, цөм технологийн судалгааны ажилд эрдэм шинжилгээний байгууллагуудын нэгдмэл хамтын ажиллагааг хангах, эрдэмтдийг өргөнөөр оролцуулах, Шинжлэх ухаан, бизнесийн байгууллага хоорондын түншлэл, хамтын ажиллагааг идэвхижүүлэх, эрдэм шинжилгээний бүтээл, дэвшилтэт технологийг хувийн хэвшлийнхэнд сурталчлан таниулах, судалгааны үр дүнг үйлдвэрлэл, хэрэглээнд нэвтрүүлэн хэрэгжүүлэх, үр өгөөжийг нь дээшлүүлэх зорилгоор шинжлэх ухааны салбараар зохион байгуулсан салбарын 5 бага чуулган, 2 салбарын төрөлжсөн академи үйл ажиллагаа явуулж байна. Үүнд:
- Нийгмийн ухааны салбарын бага чуулган
- Физик-математик-химийн салбарын бага чуулган
- Геологи-газарзүйн салбарын бага чуулган
- Техник-технологийн салбарын бага чуулган
- Биологийн салбарын бага чуулган
- Монголын Анагаах Ухааны Академи
- Хөдөө аж ахуйн Шинжлэх Ухааны Академи юм.
Бага чуулган болон салбар академи нь салбарын судалгаа шинжилгээний ажлын төлөвлөлт, гүйцэтгэлд хяналт тавих, салбарын шинжлэх ухааны зохион байгуулалтыг боловсронгуй болгох, тэргүүлэх чиглэлийн судалгааны ажил гүйцэтгэх, үр дүнг дээшлүүлэх, шинжлэх ухаан-бизнесийн байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх, улс орны хөгжлийн байдалд шинжлэх ухааны үүднээс дүгнэлт гаргаж, үндэслэл боловсруулах чиглэлээр үндсэн үйл ажиллагаа явуулдаг.
ШУА-ийн Бага чуулганы дүрмийн дагуу сонгогдсон болон төлөөллийн бүрэлдэхүүнийг 2 жил тутамд 30 хүртэл хувиар шинэчилдэг бөгөөд 2017 оны ээлжит сонгуульд салбарын 5 бага чуулганаас зарласан 33 мэргэжлийн чиглэлийн нийт 48 орон тоонд 19 эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулийн Эрдмийн зөвлөлөөс давхардсан тоогоор 116 эрдэмтнийг нэр дэвшүүлсэн болно. Сонгуулийн журмын шаардлагыг хангасан 66 эрдэмтэн сонгуульд өрсөлдөж 29 мэргэжлийн чиглэлээр 42 эрдэмтэн Бага чуулганы гишүүнээр шинээр сонгогдов.Түүнчлэн Төрийн төлөөллөөр 15 эрдэмтэн салбарын 5 бага чуулганы гишүүнээр сонгогдсон нь нийт гишүүдийн 9 хувь байна. Шинээр сонгогдсон 57 гишүүний 7 нь доктор (Sc D), 50 нь доктор (PhD) зэрэгтэй бөгөөд шинэ гишүүдийн 30 хувийг эмэгтэй эрдэмтэд эзэлж байна.
Өнөөдрийн байдлаар ШУА-ийн салбарын 5 Бага чуулган, бүтцийн төрөлжсөн Академиудын гишүүнээр салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн 234 эрдэмтэн сонгогдон ажиллаж байна.