Үндсэн агуулга руу

Мэдээ мэдээлэл

ДЭЛХИЙН II ДАЙНЫ ҮЕИЙН МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДАЛ

ДЭЛХИЙН II ДАЙНЫ ҮЕИЙН МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДАЛ

Өнөөдөр ялалтын баярын өдөр тохиож байна. Коронавирусийн цар тахлын улмаас Ялалтын баярын жагсаалыг хойшлуулж байгаагаа  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдсэн. Гэсэн хэдий ч энэ өдөр Ялалтын баярын тухай мэдээлэл дэлхий нийтийн анхааралд хэвээр байна. 1945 оны тавдугаар сарын 9-ний өдөр буюу  дэлхийн хоёрдугаар дайн дууссан энэ өдрийг Монголчуудын хувьд  ч чухалчилж үздэг тэмдэглэлт өдөр билээ.

Энэ өдрийг тохиолуулан  тухайн үеийн Монгол улсын  эдийн засгийн байдал ямар байсан тухай сонирхолтой мэдээллийг та бүхэнтэй хуваалцаж байна. 

Дэлхийн хоёрдугаар дайны үеийн  Монгол улсын эдийн засаг (Түүх, эдийн засгийн шинжилгээ) номын зохиогч ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан доктор Д.Эрдэнэбатын БНМАУ-ЫН ЭДИЙН ЗАСГИЙГ ДАЙНЫ БАЙДАЛД ЗОХИЦУУЛАН ЯВУУЛСАН АСУУДАЛД өгүүллийг бүрэн эхээр нь  хүргэж байна.

БНМАУ-ЫН ЭДИЙН ЗАСГИЙГ ДАЙНЫ БАЙДАЛД ЗОХИЦУУЛАН ЯВУУЛСАН АСУУДАЛД (1941-1945)

МАХН-ын Х их хурал 1940 оны 3 дугаар сарын 20-ноос 4 дүгээр сарын 5-ны өдрүүдэд хуралдаж, Намын Төв Хорооны тайлан илтгэл, улс орны эдийн засгийн үндсэн салбар болох мал аж ахуйн байдал, түүнийг цаашид хөгжүүлэх зорилт, намын шинэ программ, дүрэм зэрэг асуудлуудыг хэлэлцжээ. Улс орны гадаад, дотоод байдал, дэлхийн хоёрдугаар дайны аюул занал, олон улсын улс төрийн байдал хурцадсан тухай илтгэж, ядуу дунд аж ахуйтанд албан татварын хөнгөлөлт үзүүлэх, малын тэжээл бэлтгэх, худаг ус гаргах, хашаа саравч барих, малын тоо толгойг 10-13 жилийн дотор 23 саяас 200 сая хүртэл өсгөх зорилтыг дэвшүүлжээ. Тус их хурлын дараа Улсын VIII их хурал хуралдаж шинэ үндсэн хууль баталж, улс орны аж ахуй, соёлыг хөгжүүлэх нэг жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр болов.

1941 оны 6 дугаар сарын 22-нд ЗХУ-д Германы зэвсэгт хүчин довтолсноор эх орны их дайны гал дүрэлзэн асаж энэхүү бүтээн байгуулалтын зорилтуудыг хэрэгжүүлэхэд бодитой саад бэрхшээл учруулав. 1941 оны 6 дугаар сарын 22-нд хуралдсан МАХН-ын Төв Хороо,  БНМАУ-ын Бага Хурлын тэргүүлэгчид, СнЗ-ийн гишүүдийн хамтарсан хурлын тогтоолд “Германы фашизм нь ямар ч шалтгаангүйгээр үнэнч ёсыг эвдэж, Нийгэм журамт холбоот улсын зарим хот суурингуудыг бөмбөгдөж, манай агуу их үнэнч хань нөхөр Зөвлөлийн засагт холбоот улсад байлдааныг зарлажээ… Бүх ажиллагааг улам сайжруулах ба ялангуяа ноос үсийг цугларуулах худалдан авах төлөвлөгөөг гүйцэтгэх явдлыг амжилттайгаар биелүүлэх болон үйлдвэрийн бүтээлийг өндөр болгож, тус орны аж ахуйгаа батлан хамгаалах хэргийг хөгжүүлэх явдалд тус улсын хөдөлмөрчин, малчин, ажилчин, албан хаагчид, оюутан нарыг МАХН-ын Төв Хороо ба БНМАУ-ын Засгийн газраас уриална”[1] гэж заажээ.

1941 оны 11 дүгээр сард хуралдсан МАХН-ын Төв Хорооны бүгд хурлаас улс орны өмнө тавигдаж буй зорилтыг тодорхойлохдоо “Монгол Ард Улсын одоогийн хамгийн чухал бөгөөд үндсэн зорилго бол зөвлөлтийн ард түмнээс гитлеризмтэй явуулж байгаа тэмцэлд бүхий л аргаар туслах явдал мөн” “Тус улсын аж ахуйг цэргийн байдалд оруулан өөрчлөн байгуулах, дайн байлдааны хэрэгсэл шаардлагыг хангах явдалд тохируулах явдал мөн”[2] гэж заажээ. 1942 оны 1 дүгээр сард хуралдсан БНМАУ-ын XXV дугаар Бага Хурал МАХН-ын Төв Хорооны бүгд хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын чиглэлийг тодорхойлж, “Манай улсын өмнө зогсож буй улс төр, эдийн засгийн зорилтуудыг биелүүлэх бүх ажил нь улс орныг батлан хамгаалах явдлыг бүхий л аргаар бэхжүүлэх ба фронтод туслах явдалд захирагдсан байвал зохино”[3] гэж заажээ.

Монгол Улсын эдийн засгийн ерөнхий тэнцвэр дэлхийг хамарсан дайны улмаас доголдох болсон нь, гадаадаас авч байсан бараа бүтээгдэхүүний тоо хэмжээг хязгаарлан, дотоодын нөөц бололцоог өргөнөөр ашиглах замаар үүсэн бий болсон нөхцөл байдалд тохируулан эдийн засгаа зохицуулах арга хэмжээ авч явуулахыг шаардаж байв.

1941 оноос эхлэн улсын орлого, зарлагын хяналтын тоонуудыг баталж, ардын аж ахуйг хөгжүүлэх төлөвлөгөөг аймгаар хувиарлан, гүйцэтгэх болов. Улс ардын аж ахуй, соёлыг нэг жилийн төлөвлөгөөтэйгөөр хөгжүүлэх болсноор мал аж ахуй, аж үйлдвэр, худалдаа, соёл боловсрол зэрэг төлөвлөгөөт ажлын биелэлт гүйцэтгэлийг улирлаар гаргаж, ололт, дутагдлыг илрүүлэн дүн шинжилгээ үйлдэн, улсын эдийн засгийг цаашид хөгжүүлэх чиглэлийг тогтоох зорилгоор СнЗ-ийн дэргэд Улсын төлөвлөгөөний газрыг байгуулав. Улсын төлөвлөгөөний газар нь яамд, тусгай газар, аймгийн яам, хотын захиргаа зэрэг бүхий л албан газруудад хугацаа заан гүйцэтгэхээр төлөвлөн баталсан аж ахуй, үйлдвэр, санхүү, худалдаа, соёл зэрэг бүх салбарын ажлуудын гүйцэтгэлийн мэдээг нэгтгэн орос, монгол хэл дээр тус бүр нэжгээд хувиар хүлээн авч байжээ.

  Улсын төлөвлөгөө тоо бүртгэлийн хянан шалгах газраас тус улсын ардын аж ахуй ба соёл боловсролын хөгжлийн төлөвлөгөөг жил бүрээр шалгаж, биелэлтэнд хяналтыг тавьж, уг төлөвлөгөөг биелүүлэх талаар явуулсан ажлын чанар, дутагдал доголдлыг улирал дараалан дүгнэж, дүн мэдээгээ СнЗ-д оруулан илтгэж байлаа.

1943 оны 3 дугаар сарын 16-ны СнЗ-ийн 17 дугаар хурлаар “1. Гэнэтийн аюул буюу өөр онц байдлууд тохиолдсоны улмаас гарсан зардлуудыг нөхөх явдалд 2. Нийт улсын ба батлан хамгаалахын ач холбогдол бүхий үндсэн барилга буюу улс орны батлан хамгаалах явдал, аж ахуй соёл боловсролын арга хэмжээнүүдийг биелүүлэх явдалд”[4] зориулан СнЗ-ийн фондыг байгуулахаар шийдвэрлэжээ.

Дайны жилүүдэд улсын төсөвлөсөн орлогыг албан татварын орлого бүрдүүлж байсан бөгөөд тэр нь шууд хураах ашиг орлогын, орон нутгийн татваруудаас бүрдэж байв. Харин зарлагад улс нийтийн аж ахуй, нийтийн соёл боловсрол, яамд, улсын зээллэг болон бусад зардлууд багтаж байв. Албан татварын хууль нь ядуу дунд ангийн эрх ашгийг хамгаалж, тэтгэж дэмжихэд чиглэгдэж байлаа. 1940-1941 оны албан татварын хуулиудад феодал, түшмэл, том лам нар агсдын аж ахуйн орлогын их багыг харгалзахгүйгээр жилийн нийт орлогын 27-30 хувийг хураахаар заасан нь дунд, чинээлэг аж ахуйтанд ногдуулах татвараас олон арван хувь илүү[5] байлаа.

Сангийн явдлын яамнаас 1942 оны улсын бүх орлого 177 900 000 төгрөг, нийт зарлага 177 900 000 төгрөг, 1943 онд улсын бүх орлого 191 000 000 төгрөг, нийт зарлага 191 000 000, түүний дотор СнЗ-ийн фондод 6 322 700 төгрөг байхаар төсөвлөн СнЗ-өөр батлуулжээ. 1943 онд улсын зарлагын төсөвт улс орныг батлан хамгаалах зардалд 104 500 000 төгрөг зарцуулахаар тооцсон нь улс орны нийт зардлын төсвийн 50 гаруй хувийг эзэлж байв. Дайны жилүүдэд жил бүр ийнхүү улсын төсвийн тал хувийг зэвсэгт хүчнээ зузаатгах болоод хил хамгаалах хэрэгт зарцуулж байсан нь тус орны эдийн засгийн хөгжилд ихээхэн хүндрэл учруулж байв.

Улс орныг дайны байдалд зохицуулан удирдахдаа эдийн засгийн хүчин чадлыг бэхжүүлэх үүднээс мал аж ахуй, газар тариалан, аж үйлдвэр, санхүүгийн салбаруудад түлхүү анхаарал хандуулж байв.

Юуны өмнө эдийн засгийн үндэс болох мал аж ахуйд ихээхэн анхаарч, МАХН-ын Төв Хороо, Улсын Бага Хурлаар мал аж ахуйн тухай асуудлыг тусгайлан хэлэлцэж, мал аж ахуйн салбарын удирдлага зохион байгуулалтыг боловсронгуй болгох зорилгоор МАХН-ын Төв Хороонд мал аж ахуйн асуудлыг хариуцсан нарийн бичгийн даргын орон тоог бий болгох, аймгийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга нарт мал аж ахуйн асуудлыг шууд хариуцуулах, Мал, Тариалангийн яамыг Мал аж ахуйн яам болгон өөрчлөх, мал эмнэлгийн салбарыг хөгжүүлж, боловсон хүчнээр хангах, малаа өсгөсөн малчдыг урамшуулах, худаг, хашаа саравч барих ажлыг төлөвлөгөөжүүлэн аймаг, сумуудаар хувиарлан гүйцэтгэж байв. Дайны жилүүдэд мал аж ахуйг хөгжүүлэх талаар хэдий олон чухал арга хэмжээнүүд авч явуулж байсан боловч байгалийн бэрхшээл ган зуд, гадаад, дотоодын хэрэгцээний улмаас малын тоо толгой ихээхэн хорогдсон билээ. 

Газар тариаланг шинжлэх ухааны үндэстэй хөгжүүлэн, тариалангийн талбайг өргөтгөн, монгол нутагт тариалахад тохиромжтой ургамлын сортыг бий болгож, дотоодын гурил, хүнсний ногооны хэрэгцээг аль болохуйц боломжийнхоо хэрээр хангах зорилт тавьж, сангийн аж ахуйгаас гадна улсын болон хувийн байгууллага, аж ахуй, ардын аж ахуйтныг үр тариа, хүнсний ногоо тариалахыг дэмжиж байв. Хөдөө аж ахуйн салбарт социалист сектор болсон Ардын үйлдвэрийн нэгдэл, сангийн аж ахуйг хөгжүүлэн бэхжүүлэхэд анхаарч, 1942 онд “Ардын хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн нэгдлийн үлгэр жишээ дүрэм”, 1943 онд “БНМАУ-ын газар эдэлбэрийн хууль”-ийг баталжээ.

Аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд ЗХУ-аас импортоор авдаг бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх болон улсыг батлан хамгаалах, Зөвлөлтийн улаан армийн хэрэгцээт зүйлийг үйлдвэрлэх үйлдвэр, гар үйлдвэрийн артелийг шинээр барьж байгуулах, өргөтгөх, бүтээгдэхүүний тоо хэмжээ, чанарыг нь дээшлүүлэхэд гол анхаарлаа чиглүүлж байв.

1941 оны 10 дугаар сарын 29-нд болсон Улаанбаатар хотын нам, эвлэлийн идэвхтний хуралд маршал Х.Чойбалсан энэ тухай хэлсэн үгэндээ, “...давс, саван... тос, нэн ялангуяа бид тосыг гадаадад гаргаж ч чадах хүртэл бололцоо байна. Түүнчлэн тэмээний шат, хом, модон эдлэл зэрэг зүйлүүдийг бүрэн хийж чадах байна. Үүнийг бид өөрсдөө хийх хэрэгтэй. Өөр бусад, өөрөө хийж чадах зүйлүүд олон бөгөөд мөн өөрийн цэргийн захиалгыг хийх бололцоонууд байгаа ба одоо комбинат нь цэрэг бүс, дээл, гутал, эмээл зэргийг хийж чадаж байна. Манай улс нь хэдийчинээ юмыг өөрөө хийж чадах бол манай улс төдийчинээ хөгжих болно. Зөвлөлт Улсаас захиалан ирүүлдэг зүйлээс аль болохоор хорогдуулж өөрөө хийх хэрэгтэй...Ийм дээрээс бид нь өөрийн чадах хэр чинээгээр өөрөө хийх хэрэгтэй”[6] хэмээжээ. 

Аж үйлдвэрийн хөгжлийг түргэтгэхэд Монгол банкны ерөнхий хорооноос удаан хугацааны зээлийг олгох явдлыг дэмжин, гар үйлдвэрийн артель болон бусад үйлдвэр, албан газруудыг байшин барилга, түүхий эд, машин техник, тоног төхөөрөмжөөр  хангахад зарцуулахад чиглүүлж байв. Аж үйлдвэрийн комбинат нь үйлдвэрийн төлөвлөгөөг давуулан биелүүлж, улаан армид явуулах бэлэглэлийн зүйлүүдийг саадгүй хангаж, бүтээгдэхүүний үнийг бууруулж, аж үйлдвэрийн өргөтгөлийг гүйцэтгэн, цалингийн фондыг хэмнэх зорилт тавин ажиллаж байлаа. Гар үйлдвэр нь улаан армид зориулан үйлдвэрийн бүтээгдэхүүнийхээ тоо хэмжээг нэмэгдүүлэн чанарын өндөр түвшинд үйлдвэрлэх зорилт тавьж, дан торгон өнгөтэй дотортой хөнжил, торгон өнгөтэй гоёмсог оймс, чемодан, үнэг, хярс, мануул, чонын бэлтрэгэн хантааз, меринус дотортой нисгэгчийн өвөл цагийн комбинзон, арьсан малгай болон бусад олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байснаас гадна Засгийн газрын захиалгыг гүйцэтгэж байв.

Гар үйлдвэрлэлийн дээд зөвлөл нь хотын болон хөдөөгийн артелиудаас үйлдвэрлэн буй сүлжмэл эд, ангийн үсэн дээл, малгай зэргийн бүтээгдэхүүнийг хүлээн авч тэдгээрийн бөөний ба жижиглэнгийн үнийг батлан худалдаанд гаргах зөвшөөрлийг олгодог байв.

1941 онд гар үйлдвэрийн зөвлөлийн хүсэлтийн дагуу үндэсний боловсон хүчин бэлтгэхээр Сангийн яамны харъяа Санхүүгийн сургуулийн дэргэд гар үйлдвэрийн мэргэжил олгох дамжааг хичээллүүлж эхний ээлжинд 25 сурагчдыг хагас жилийн хугацаатайгаар сургаж эхэлсэн нь дотоодын үйлдвэр худалдааг өргөжүүлэхэд ихээхэн түлхэц болжээ.

Дайны үеийн эдийн засгийг бэхжүүлэх үйлсэд худалдаа бэлтгэлийн ажил маш чухал салбарын нэг болж байв. Ард түмнийг өргөн хэрэглээний бараагаар хангах, дотоодын нөөц бололцоог дайчлан, байгалийн бүтээгдэхүүнийг ашиглах замаар гадаадад гаргах бүтээгдэхүүний тоог нэмэгдүүлж, ноос, махыг улсаас тогтоосон журмын дагуу бэлтгэх нь фронтод болон улсад тушаах бүтээгдэхүүнийг тасралтгүй нийлүүлэхэд чухал ач холбогдолтой байлаа. 1942 онд Улсын худалдааны газрыг байгуулан, хоршоодын холбооноос хотын худалдааны трестийг тусгаарлаж, улсын худалдааг биеэ даасан газар болгов.

1944 оны 4 дүгээр сарын 26-нд Улсын Бага Хурлын тэргүүлэгчдийн 25 дугаар хурлын тогтоолоор “Хэмжүүр ба хэмжих хэрэгслийн тухай” хуулийг баталж, тус улсын худалдаа аж үйлдвэрийн салбаруудад хэрэглэж буй элдэв төрлийн жин хэмжүүрийг цуцалж, олон улсын хэмжээнд хэрэглэж буй метрийн системд шилжин орохоор болжээ.

Дайны үеийн эдийн засгийг бэхжүүлэх үйлсэд худалдаа бэлтгэлийн ажил маш чухал салбарын нэг болж байв. Ард түмнийг өргөн хэрэглээний бараагаар хангах, дотоодын нөөц бололцоог дайчлан, байгалийн бүтээгдэхүүнийг ашиглах замаар гадаадад гаргах бүтээгдэхүүний тоог нэмэгдүүлж, ноос, махыг улсаас тогтоосон журмын дагуу бэлтгэх нь фронтод болон улсад тушаах бүтээгдэхүүнийг тасралтгүй нийлүүлэхэд чухал ач холбогдолтой байлаа. 1942 онд Улсын худалдааны газрыг байгуулан, хоршоодын холбооноос хотын худалдааны трестийг тусгаарлаж, улсын худалдааг биеэ даасан газар болгов.

Дотоод худалдаа өргөжин сум баг бүрд жижиглэн худалдааг хүргэхийг эрмэлзэн, улсын болон хоршооллын худалдааны цэгүүдийг олноор байгуулсны дүнд улсын ба хоршооллын худалдааны цэг 1942 онд 4600 гаруй байсан бол 1945 онд 6500 гаруй болж, 1941 онд жижиглэн худалдаалсан бараа таваар 185.0 сая төгрөг байсан бол 1945 онд 300.8 сая[7] болсон байна. Гэвч өргөн хэрэгцээний бараа, хүнсний бүтээгдэхүүний хомсдлоос үүдэн хувийн худалдаа идэвхжин, дамын панз наймаа эрхлэгчид олширсон байна. Тиймээс бараа таваарыг хөдөлмөрчдөд картын системээр хувиарлах журмыг тогтоож мөрдөхөд хүрч байв.

Зам Тээврийн яам нь ердийн хөсгөөр болон автомашинаар улсын ачааг тээвэрлэхтэй холбогдсон асуудлуудыг шийдвэрлэж байлаа. 1941 онд Улсын төлөвлөгөөт ачааг ердийн хөсөг ба автомашинаар тээвэрлүүлэх нэгдсэн хуваарийг баталж, импорт, экспорт, цэрэг, дотоод яамны ба хилийн заставуудын болон барилгын материалууд, шугам утасны мод, уурхайн хэрэгсэл зэрэг ачааг 130 444 797 тонн км-ээр төлөвлөснөөс, “ардын бүх ердийн хөсгийн зууны 50 хувиар 103 998 497 тонн км ачаа тээвэрлүүлэх ба зам тээврийн байгууллагуудаас авто машинаар 27 447 301 тонн км ачаа тээвэрлүүлэхээр тус тус төлөвлөж, аймгууд ба улсын зам тээврийн байгуулагуудад хувиарласан“[8] бөгөөд ачаа барааг хөдөө орон нутагт тээвэрлэхдээ тогтоосон хувиарийн дагуу зохион байгуулалттай хүргэхийг даалгаж байв. Дайны жилүүдэд улс орны ачаа тээврийн гол үүргийг ердийн хөсөг гүйцэтгэж байсан учир тусгай хууль гарган зохион байгуулалтанд оруулан улсын тээврийг өргөжүүлэх арга хэмжээг авч явуулжээ.

 1941 онд хуралдсан Улсын XXIV Бага Хурлаас “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын дотор улсын ачааг ердийн хөсгөөр заавал тээвэрлүүлж явуулах журмыг тогтоох тухай хууль” баталж, ардын аж ахуйтнаас улсын батлагдсан хатуу үнээр зохих хөсгийг гаргуулж байхаар болжээ. Энэ хуулиар хоёроос дээшгүй ажлын малтай, таваас доош бодтой ардын аж ахуй улсын тээврээс чөлөөлөгдөж бусад аж ахуйтан бүр жилд, ажлын мал тутам 300-500 кг ачааг улсаас тогтоосон ёсоор тонн, км бүрийг 20 мөнгөний хөлстэй заавал тээвэрлэх ёстой болов.[9] Ардын аж ахуйтнуудаас албан журмаар улсын ачаа тээвэрлэхдээ ердийн хөсгөөр  тээвэрлэн хүргэж байсан тул сарлаг, хайнаг, шар үхрийг тус оны 8 дугаар сарын 1-ээс эхлэн  албан журмын тээвэрт өргөнөөр ашиглах болж, говийн аймаг, сумдад бол өвөл, хаврын улиралд морины оронд тэмээгээр албыг залгуулж байхыг зөвшөөрчээ. Мөн морин өртөөний дүрмийг баталж, тус улсын аймаг, сумдын хооронд чухал яаралтай албан хэргүүдийн харилцааг зохицуулах зорилгоор морин өртөөг удирдах хийгээд татан буулгах, шалган байцаах бүхий л хэргийг СнЗ-ийн хэрэг эрхлэх газраас ерөнхийлөн удирдаж байхаар болов. Морин өртөөний албыг улсын албан татвар төлсөн аж ахуйнууд гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд албыг явуулах хүн бүл, морьд цөөтэй аж ахуйнууд байх аваас өртөөний албаас чөлөөлөх эрхийг сумын захиргаанд олгожээ. Ийнхүү улсын тээврийг хөгжүүлэхэд ард иргэдийг өргөнөөр татан оролцуулсан явдал нь ачаа тээврийн ажлыг өргөжүүлээд зогсоогүй ардуудын нийтийн хөдөлмөрт хүчин зүтгэх идэвхийг төрүүлсэн ажээ.

МАХН-ын Төв Хорооны  1942 оны 11 дүгээр сарын бүгд хурал ердийн хөсөг тээврийг хөгжүүлэх асуудлыг дотоод нөөц бололцоог ашиглах гол зорилтын нэг болгон тавьж, Мал, Тариалангийн яам, Зам Тээврийн яам, Идэш Тэжээлийн трест, Гар Үйлдвэрлэлийн  төв зөвлөл, аймгийн хоршоодын холбоо, анхны хоршоодод 50-300 хүртэл тэрэгний морьтой хөсөг тээврийг бий болгохоор заажээ. Мөн тус бүгд хурлын шийдвэрийн дагуу Зам Тээврийн яамны харъяанд “Морин хөсөг тээврийн трест” байгуулж, Улаанбаатар-Сүхбаатар хотын хооронд 12 суурь өртөө бүхий улсын чанартай морин тээврийн шугам[10] байгуулжээ.

1942 онд улсын ачааг заавал тээвэрлэх ердийн хөсгийн төлөвлөгөөг дор тодорхойлсон ёсоор төлөвлөн гүйцэтгэж байв.

Аймгуудын нэр

тээвэрт ноогдсон

тонн, километр

үхэр

тэмээ

гүйцэтгэх тонн, километр

Төв

24,713

18,805

17,340,660

Хэнтий

15,171

7878

8,310,720

Архангай

25,900

5222

10,899,000

Өвөрхангай

4844

24,580

13,840,080

Сэлэнгэ

3560

--

1,139,200

Булган

14,491

280

4,777,120

Увс

5925

6719

3,993,475

Ховд

1434

6757

3,531,938

Завхан

5606

7012

6,299,920

Дорнод

17,271

7051

9,052,220

Дорноговь

--

15,160

7,580,000

Өмнөговь

--

12,665

6,322,500

Говь-Алтай

--

9705

3,352,500

Баян-Өлгий

1028

1058

638,997

Хөвсгөл

7537

1905

3,364,340

Улаанбаатар

951

75

341,820

Дүн

128,431

123,872

101,247,489

1943 онд ардын хөсгөөр албан журмаар гүйцэтгэх төлөвлөгөөг 18 аймагт хувиарлан нийтдээ 93 050 928 тонн километрээр тооцжээ. Ардын аж ахуйтнаас морьдыг тэргэнд сургах төлөвлөгөөг аймгуудад хувиарлан 24 400 морьд тэргэнд сургахаар төлөвлөжээ.

Дайны үеийн байдлыг харгалзан авто тээврийг цэргийн ба улсын онц чухал тээвэрт ашиглаж, албан газруудын мэдэлд байсан холын тээвэрт ашигладаггүй ачааны автомашинуудыг сэлбэг хэрэгслэлийн нь хамт СнЗ-ийн мэдэлд шилжүүлж, хотын дотор автомашинаар аар саар ачаа тээвэрлэх, автомашины шатахуун, тослох материалыг хувь хүнд худалдахыг зогсоож, автомашинд зарцуулах шатахууны сар, улирлын нормыг[11] эрс багасгажээ.

Тухайн үеийн автомашины хэрэглээ, түүний шатахуун, тослох материалын нөөц, зарцуулалтын байдлыг 1943 оны 11 дүгээр сарын 29-нд Засгийн газрын ерөнхий сайд, маршал Х.Чойбалсангаас ЗХУ-ын худалдааны төлөөлөгч Фенигоновт илгээсэн албан бичгээс мэдэж болох юм. Уг бичигт, “Манай улс нь машины шатах тослох зүйлийг хүлээн авахдаа тусгай нормоор авч түүнийгээ маш нарийнаар арвилан хэмнэж нөгөөтэйгөөр зарим машин хэрэглэх хэрэгцээгээ зогсоож, үнэ норм лимитыг хүрэлцүүлсээр ирсэн боловч энэ 10,11,12 саруудад манай машинаар тээвэрлэвээс зохих бараа таваар ба дотоодын түүхий эд, бэлэглэлийн зүйлүүд гэх мэтчилэнгийн ачаа тээврүүд нэмэгдсэний дээр энэхүү сарууд нь хүйтэн улирлын сарууд болох тул норм нь хүрэлцэхгүй болж цаашид үлэмжхэнээр шаардагдаж буйгаас гадна одоо энэ өдөр манай улсад ганц ч килограмм бензины резервгүй сууж буй бөгөөд ийнхүү резервгүй байгаа явдал нь манай улс ардыг батлан хамгаалах явдал ба ардын аж ахуйн ажил явууллагад гэнэт тохиолдох ямар нэгэн чухал ажил гарах ахул маш хүнд болох тул эдгээр байдлуудыг харгалзаж манай 11-12 саруудад авбаас зохих бензин маслын лимитны дээр улсын резервэд 200 тонн бензиныг зохих хэмжээний маслын хамтаар нэмэгдүүлэн олгож өгөхийг” [12] хүсч байсан нь дайны үеийн шатахууны хомсдлын царыг илтгэн харуулж байв.

Дайны жилүүдэд автомашины тоо бараг нэмэгдээгүй боловч авто тээвэр улсын нийт ачаа тээврийн 30 орчим хувийг гүйцэтгэж, нийслэл хот, аймгуудын хоорондын шуудан харилцаа, хүн тээвэрлэлтэнд гол үүрэг гүйцэтгэсээр байв. ЗХУ-аас Улаанбаатар, Алтанбулаг, Сүхбаатар-Наушк, Цагаан нуураас Зөвлөлтийн хил хүртэлх засмал зам тавьж манай улсад шилжүүлэн өгсөн нь дэд бүтцийг хөгжүүлэх, ачаа тээвэрлэлтийн эргэлтийг түргэтгэхэд тус дөхөм[13] болжээ.

Харилцаа холбоо хөгжиж, утсан ба радио харилцаа нэмэгдэв. 1943 оны 3 дугаар сарын 25-нд морин өртөөний шуудангийн зардлыг тус тусын албан байгууллагуудаас хувиарлан гаргуулж байх тухай тогтоол гарснаар морин өртөөний шуудангийн зардлыг зарим орон нутагт олгохгүй, шуудан бичиг нь аймаг сумын хооронд ямар ч зардалгүй явсаар буйг зогсоож, морин өртөөний төсөв нь орон нутгийн албан байгууллагуудын төсөвт батлагдсан учир аймгийн яамнаас мөнхүү шуудангийн зардлыг зохих албан байгууллагуудаас хувиарлан гаргуулж аймгийн удирдлага нь шуудангийн хороотой, нэгдсэн тооцоог гаргаж гүйцэтгэн ажиллах журмыг мөрдөн ажиллахыг нийт аймгийн дарга нарт даалгаж байжээ. Мөн оны 5 дугаар сарын 28-нд Наушк-Улаанбаатарын хооронд шуудан харилцааг сайжруулах тухай тогтоол гарч 6 дугаар сарын 1-нээс эхлэн Наушк-Улаанбаатарын хооронд шуудан тээвэрлэхдээ хоёр өдөрт нэг удаа харилцан зорчиж байхаар болж тонн хагасын тэрэг нэг, Зис-5 машин хоёрыг холбооны ерөнхий хороонд олгохыг Тээврийн яамны удирдлагад үүрэг болгож байжээ. Аймгийн төвүүдтэй шууд харилцдаг телефон утас ба радиогийн шугамтай болох ажлыг 1943 онд гүйцэтгэн дуусгаж шуурхай ажиллахыг Холбооны ерөнхий хороонд даалгаж энэхүү ажилд зориулан улсын төсвөөс нэмэгдэл зардал гаргаж байв. Улаанбаатарт анхны автомат телефон утас байгуулж, Москва болон Зөвлөлтийн зарим хотуудтай телефоноор шууд харилцдаг болж, 1944 онд Харилцаа холбооны ерөнхий газрыг яам болгон өргөтгөжээ.

1941 оны 11 дүгээр сарын 17-22-нд хуралдсан МАХН-ын Төв Хорооны бүгд хурал “БНМАУ-ын орон нутгийн бэлтгэл баялгийг ашиглан хэрэглэх ба 1942 онд ардын өргөн хэрэглээний бараа хэрэглэлийг үйлдвэрлэн гаргах явдлыг хөгжүүлэх асуудал” хэлэлцэж, улс орныг батлан хамгаалах хэрэгцээний зардлыг нэмэгдүүлэх, улсын орлогын шинэ эх сурвалжуудыг илрүүлэн ашиглах, орлогыг нэмэгдүүлэх, улсын төсвийн зарлагын ангийн төрөл, зүйлд тавих хяналтыг чангаруулж, арвилан хэмнэлтийн зарчмыг хэрэгжүүлэх үндсэн чиглэлээр санхүүгийн төв албаны үйл ажиллагааг эрчимжүүлж, улсын санхүү, мөнгө зээлийн бодлогыг дайны үеийн эдийн засгийн нөхцөлд зохицуулан өөрчлөх шийдвэр[14] гаргажээ.

1941 оноос Сангийн яамны дэргэдэх Хянан байцаах газрын дүрмийг өөрчилж, өргөтгөн байгуулсны дээр 1943 оноос албан байгууллагуудын санхүүгийн дотоод хяналт шалгалтын аппаратыг[15] бий болгожээ.  1943 оны X сарын 8-ны СнЗ ба МАХН-ын Төв Хорооны тэргүүлэгчдийн 68/80 дугаар хурлаар санхүүгийн аппаратыг бэхжүүлэх ба түүний хэвийн ажиллах нөхцөл бололцоог дээшлүүлэх, улсын төсвийг нэмэгдүүлэх, шинэ орлогуудын сувгийг хайж олох, ажилчдын цалинг шинэчлэн тогтоохоор болжээ. Монгол  банкинд буй мөнгөний эргэлтийг түргэтгэх, хуримтлал бий болгох, ард түмний гарт байгаа мөнгийг гүйлгээнд оруулах, хугацаатай болон хугацаагүй хадгалуулах, энгийн хадгаламж ба хүүгийн орлого, тусгай харилцах данс нээх ба хадгаламжийн дэвтрийг саадгүй олгох, банкны хэлтэс болон хадгаламжийн кассуудад хүрэлцэн ирж мөнгөө хадгалуулж чадахгүй иргэд тус сумын захиргаагаар дамжуулан баталгаажуулан хадгалуулж байх нь улс орныг батлан хамгаалах, аж ахуй, соёл, боловсрол болон эрүүлийг хамгаалах явдалд ихээхэн тус нэмэр болох тухай ард олонд өргөнөөр сурталчлах ажлыг идэвхийлэн явуулж байв.

1944 оны 2 дугаар сарын 11-ний СнЗ-ийн 18 дугаар хурлын тогтоолоор, Монгол банкны системийн ажилчдын цалин хэрэглэлийг тогтоож, нийт банкны салбарын ажилтнуудын албан тушаалд нь тохируулан 5-50 төгрөгийн нэмэгдэл олгохоор болжээ.

Санхүүгийн мөнгөний эргэлтэнд мөнгөн тэмдэгт цаасуудыг нэмэн оруулахаар болж, 1941 оны 1, 3, 5, 10 төгрөгийн мөнгөн тэмдэгт цаасуудыг Монгол банкнаас гүйлгээнд оруулав. Улсаас ардын аж ахуйтанд олгох зээлийг нэмэгдүүлж, үр ашгийг нь дээшлүүлэхэд анхаарч, СнЗ-өөс 1941 оны 12 дугаар сард “Урт хугацаатай зээлийн хөрөнгийг ашиглах журмын тухай тогтоол”, 1942 оны 1 дүгээр сард “Ардын аж ахуйтнуудад улсын зээл олгох тухай заавар”-ыг батлан гаргав. 1941 онд ардын аж ахуйд урт богино хугацааны зээлээр 2 сая гаруй төгрөг олгожээ. 1944 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн СнЗ ба Намын Төв Хорооны хамтарсан хурлын 113/81 дүгээр тогтоолоор, “Ардын аж ахуй ба ардын үйлдвэрийн нэгтгэлүүдэд 1945 онд олгох 3065 мянган төгрөгийн урт ба 785000 төгрөгийн богино хугацаатай зээллэгний төлөвлөгөөг улсын төлөвлөгөө ба тоо бүртгэл хийгээд хянан шалгах газраас төлөвлөн ирүүлснийг зөвшөөрөн” баталжээ.

1945 онд ардын аж ахуйтнууд ба үйлдвэр нэгтгэлүүдэд олгох богино хугацааны банкны зээллэгийг нийт 18 аймаг, Улаанбаатар хотод хувиарлан хадланд 165,0 (ардын нэгтгэлд 25,0), өвс худалдан авах ба тээвэрлэхэд 190,0 (ардын нэгтгэлд 33,0), үр худалдан авахад 380,0 (ардын нэгтгэлд 72,0), ангийн хэрэглэл авахад 70,0 бүгд 785,0 (ардын нэгтгэлд 130,0) мянган төгрөгийг[16] олгохоор төлөвлөж байжээ. Энэ нь төрөөс банкны зээлээр дамжуулан улс орны мал аж ахуй болон хөдөө аж ахуйг хөгжүүлэх төлөвлөгөөт зорилтын нэгэн хэлбэр байв. Ер нь дайны жилүүдэд улс орны батлан хамгаалах явдлыг бэхжүүлэхийн тулд 80 сая гаруй төгрөгийн зээллэг гаргажээ. Банкны зээлийн үүрэг, учир шалтгааныг ард түмэнд таниулж ойлгуулахын тулд аймаг сумдын идэвхтэн нарын туслалцаатайгаар таниулгын ажлыг явуулж байжээ. Тэрхүү аймгуудад хувиарлагдсан урт ба богино хэмжээний зээлийг цаашид сумдад олгон, тодорхой төлөвлөгөө үйлдэн зээлийг хатуу нэр заасан зүйл ба үйлдвэрийн хэрэглээнд зориулсан учрыг тайлбарлан таниулж байв.

Улсын орлогыг бүрэлдүүлж байсан албан татварын орлогын хуулиудыг шинэчлэн боловсронгуй болгон, орлогын шинэ эх үүсвэрүүдийг бий болгох талаар ихээхэн ажил зохиов.

1941 оны 2 дугаар сарын 28-ны  Улсын Бага Хурлын тэргүүлэгчид ба СнЗ-ийн хамтарсан 11/5 дугаар хурлаас баталсан “Тээврийн хэрэгслүүдээс хураах орон нутгийн татварын тухай хууль”-иар тус улсын бүх нутаг дэвсгэрт буй тээврийн хэрэгслүүдээс татварыг бүртгэсэн газраар нь хураана гэснээс гадна  “Хот суурин газарт агуулан адгуулж буй  малаас орон нутгийн татвар хураах тухай хууль”, “Хот суурин газрын барилга ба мөн барилгын дэвсгэр газраас хураах орон нутгийн татварын тухай хууль” батлан гаргаж, даган мөрдөхийг заажээ. 1942 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн СнЗ-ийн 45 дугаар хурлын тогтоолоор, энгийн артелиудад татварыг ноогдуулахдаа хоршоолсон артелиудтай адилтган үзэж тэдэнд татварыг улсын ба хоршоолсон байгууллагуудад ноогдуулдагийн нэгэн адил хэмжээгээр ноогдуулсан ба зарим татварыг огт ноогдуулаагүй хоцроож байгаа дутагдлыг[17] засахаар заажээ. Улаанбаатар хотын захиргаа нь артелиудын мөн чанарыг ухварлан судлан үзээгүйгээс болж, тэдэнд зохих татварыг хууль ёсоор ноогдуулахгүй байгаагаас худалдаа үйлдвэрийн татварын орлогын төлөвлөгөө нь биелэгдэхгүйд хүрсэн байна. Энгийн болоод хоршоолсон артелиудын ялгаа заагийг тодотгож өгөх, худалдаа үйлдвэрийн татварыг улсын ба хоршоолсон байгууллагуудад ноогдуулдаг ёсоор улсын худалдаа үйлдвэрийн газрууд ба хоршоолсон артелиудад ноогдуулах, түүнд албан ёсоор хоршоолсон артель гэж бүртгэгдсэн артелиудыг хамруулах, улсын үйлдвэрүүдийн нэр хаягийг энгийн артель үйлдвэрүүдэд хэрэглүүлэхийг хориглох,  зөрчсөн энгийн худалдаа үйлдвэрийн газар ба артелиудыг 500 хүртэл төгрөгөөр торгохоор болжээ. 

1943 оны 3 дугаар сарын 19-ны өдрийн СнЗ-ийн 18 дугаар хурлаар зах зээлийн газарт, нэгэн удаагийн татвар хураах тухай хууль батлав. Уг хуулиар  зах зээлийн газарт хураах нэгэн удаагийн татварыг Улаанбаатар, Чойбалсан, Сүхбаатар хот ба Завхан, Архангай, Ховд, Увс, Өвөрхангай, Сэлэнгэ, Хэнтий, Төв аймгуудын төвд хураахаар тогтоож, хөдөө аж ахуйгаас гарах худалдаанаас, өөрийн гар урлалаар бүтээсэн зүйлээс, хувийн эдлэлийг худалдсан бараанд тус тус татвар оногдуулахаар болжээ. Гэр ахуйн хэрэгсэл болон гар урлалын барааг гартаа барьж худалдахад нэг төгрөг 50 мөнгө, хүнсний зүйлийг гартаа болон тусгай хайрцаг саванд буюу газар дэлгэж, эс бөгөөс тэргэн дээр худалдваас 1 төгрөг, тэмээ, үхэр болон тэргэнд ачиж худалдваас 3 төгрөг, үхэр, адуу, тэмээ зэрэг том мал худалдахад толгой бүрээс 4 төгрөг, бог мал худалдваас нэг бүрээс 2 төгрөгийн татвар хурааж, уг татварыг өдөр бүр хураан авч тасалбар олгон, хяналт тавин данс бүртгэл үйлдэн тэмдэглэж, татварыг банкны байгууллагад тушааж байв. Хэрэв худалдааг заасан газраас өөр газарт хийх аваас 10-25 төгрөгөөр торгож, орон нутгийн төсөвт торгуулийн мөнгийг оруулж байхаар шийдвэрлэжээ. Ард олноос хураах албан татвар, зээллэг 1941 онд 51,6 сая буюу бүх орлогын 29,8 хувь байсан бол 1945 онд 57,5 сая төгрөг буюу 18,2 хувь[18] болж байжээ.

Улс ба хоршоолын байгууллагуудаас ашиг орлогын татаас болгон улсын төсөвт оруулах шимтгэлийн хэмжээг тогтоов. Үүнд, Улсыг аюулаас хамгаалах газар 60%, Улсын албан захиалгын газар 50%, нефть 40%, улсын эм бэлтгэл 50%, аймгийн идэш тэжээлийн комбинат 25%, Улаанбаатар хот дахь идэш тэжээлийн трест 40%, Монгол банк 40%, Ноос угаах фабрик 45%, Тээврийн яамны харьяа үйлдвэрийн газрууд 40%, Цахилгаан комбинат 45%, Аж үйлдвэрийн комбинат 50%, Төмөр замын захиргаа 35%, Төмрийн завод 25%, Улаанбаатар хотын худалдааны трест 50%, Мал тариалангийн яамны харьяа бэлтгэл техникийн хэлтэс 50%, уурхайн трестын харьяа газрууд 25%, засан хүмүүжүүлэх газар, Дотоод яамны аж ахуйн тооцооны газрууд 40%, гар үйлдвэрийн хотын ба аймгийн холбоо 35%, гар үйлдвэрийн артель 30%, хотын ломбард 10% зэрэг нэр бүхий 27-н албан газруудыг[19] багтаажээ.

1943 оны 8 дугаар сарын 2-ны Улсын Бага Хурлын тэргүүлэгчдийн 56 дугаар хурлын тогтоолоор “Улсын албан үйлдвэр ба хоршоо худалдааны газрын худалдаа үйлдвэрийн тэмдэгтийн татварын тухай хууль” батлагдаж, нэр заагдсан байгууллагуудаас бусад аж ахуйн тооцоо бүхий улсын албан үйлдвэр ба хоршоо худалдааны байгууллагууд, худалдааны ба аж үйлдвэрийн гэх зэргээр ажлын төрөл тутамд тэмдэгтийг авах үүрэгтэй болгов.

1944 оны 6 дугаар сарын 28-нд “Мал аж ахуйн албан татварын хуулийг өөрчилж, тэгшитгэн оногдуулах журам” тогтоож, түүнд албан татвараас чөлөөлөгдөх ардын аж ахуйтанд цэргийн ар гэрийнхнийг оруулав.

Улсын санхүүгийн нөөцийг зузаатгах зорилгоор үйлдвэр, барилгын яаманд Баян-Өлгий аймгийн Улаан-Хус, Ховд аймгийн Мянгад сум, Өвөрхангай аймгийн Арвайхээр, Хөвсгөл аймгийн Цагаан-Чулуут, Эгийн голын алтны нөөц бүхий газруудад урьдчилсан хайгуул шинжилгээний ангийг илгээх ажилд хөрөнгө төсөвлөн гаргаж байлаа. Алтны нөөц бүхий газар олдвоос нэн даруй шинэ уурхайнуудыг нээж ашиглах явдлыг Ашигт малтмалын трестэд даалгаж байв. Баянхонгорын алтны уурхайн дэргэд буй дэлгүүрийг цай, даалимба, дүнсэн тамхи зэрэг ардын өргөн хэрэглээний бараагаар байнга тасралтгүй хангаж, аж байдлын хэрэглэгдэхүүнд тавин олгож байгаа алтны үнийг грамм нэг бүрийг 15 төгрөгөөр бодон олгож, алтны үнээс илүү гарч буй зөрүү мөнгийг Баянхонгорын алтны газар үлдээж байх үүргийг Монгол банк гүйцэтгэж байв. Алтны уурхайн ажилчдын хөлсийг нэмэгдүүлэх, алт малтах явдлыг урамшуулан алт малтагчдын хөдөлмөрийн бүтээлийг үнэлж, нэг сард бригадаас дундыг бодож нэг хүн 30 грамм хүртэл алт олборлох бол тэрхүү 1 грамм алт тутам 3 төгрөг 58 мөнгө олгох, алт малтагчдын урамшуулалд олгох хөлсөнд гадаад, дотоодын барааг зохих журмын дагуу олгож байхаар тогтоожээ.

Мал аж ахуй, аж үйлдвэрийн салбар өргөжин хөгжиж байгаатай уялдан тус улсын шинжлэх ухааны байгууллагуудад малын элдэв өвчинг устгах эм, тариа, хүчилт бордоо, шүдэнз, хортой цаас хийх туршилтуудыг үйлдэж байсан тухай болон шүдэнз хийсэн боловч хараахан гадаад орнуудын шүдэнзтэй адил болоогүй тухай сонирхолтой архивын баримтууд олдож байна. 1943 онд Улаанбаатар хотод самрын үйлдвэр байгуулах явдлыг зохион байгуулж, улсын хэмжээгээр 250 тонн самрыг бэлтгэхээс 160 тонныг хоршоодын байгууллагууд үлдсэн 90 тонныг орон нутгуудын байгууллагуудаар хувиарлан бэлтгэхээр төлөвлөгөө гарган, Төв, Булган, Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ, Хөвсгөл аймгууд болон хотын трестэд хувиарлан тус хотноо тээвэрлэн ирүүлэхийг даалгаж байжээ.

Улсын төсвийн орлого 1941 онд 176,8 сая төгрөг байсан бол 1945 онд  315 сая төгрөг болж бараг 2 дахин өсч, 1941-1945 онд улс ардын аж ахуйд зориулсан зардал дайны өмнөх 5 жилийнхээс бараг 2 дахин өссөн байна. 1941-1945 онд нийгэм-соёлын хэрэгт дайны өмнөх 5 жилээс бараг 3 дахин илүү хөрөнгө зарцуулжээ.  Гэвч 1941-1945 онуудад 487,8 сая төгрөг буюу улсын төсвийн 50 орчим хувийг цэргийн зардалд зарцуулан, энэ нь улс ардын аж ахуйд зарцуулсан хөрөнгөнөөс 3 дахин илүү байсан нь тус улсын эдийн засгийн хөгжил, бүтээн байгуулалтын ажилд ихээхэн саад тотгор учруулсан юм.

Дайны жилүүдэд улс ардын аж ахуй болон соёл боловсролын салбарыг хөгжүүлэхэд улсын төсвөөс ихээхэн зардал гарган дэс дараалсан төлөвлөгөөт ажлуудыг авч хэрэгжүүлсний үр дүнд ард олны бичиг үсэгт тайлагдах, эрүүл энх амьдрах орчин бүрэлдэх суурь тавигдаж, улс ардын аж ахуйд олон дэвшил гарсан билээ. Улс орны эдийн засгийг дайны байдалд зохицуулан явуулсан энэхүү хүнд хэцүү жилүүдийг монголын ард түмэн цуцалтгүй хөдөлмөр, тэсвэр хатуужлаар даван туулж, дотоодын нөөц бололцоогоо дайчлан ажиллавал ямар их зүйлийг хэрхэн хийж бүтээж болохыг өөрсдийн оюун ухаан, бие сэтгэлээр мэдэрсэн билээ. Бүтээн байгуулалтын  олон ажлууд дайны уршгаар бүтээгүй хэдий ч аж үйлдвэр, худалдаа болон бусад салбарт тодорхой хэмжээний ахиц гарсан нь ололт байлаа.

  • Эрдэм шинжилгээний мэдээлэл

← Бүх мэдээ