Мэдээ мэдээлэл
ДЭЛХИЙН II ДАЙНЫ ЯЛАЛТЫН 75 ЖИЛИЙН ОЙД
Дэлхийн II дайны ялалтын
75 жилийн ойн өдөрт зорилуж ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн
эрдэмтдийн эрхлэн "Монголын ард түмэн: Бүхнийг фронтод, бүгдийг ялалтын
төлөө" номноос танилцуулж байна.
ЗХУ-д дайн эхэлснийг мэдсэн монголчууд Улаан армид туслан, дайны хүнд хүчрийг бага ч болов хагаслахыг эрмэлзэх болсон үед 1941 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр хуралдсан БНМАУ-ын Ардын Сайд нарын Зөвлөлийн 46 дугаар хурлаас “...тус улсын ардууд ба ажилчин, албан хаагчдаас германы фашизм лугаа тэмцэх газар баатарлагаар байлдаж буй Улаан цэргийн байлдагч нарт зориулан ирүүлсэн бэлгүүдийг хүлээн авах, хүргүүлэх ажлыг явуулах Засгийн газрын комиссыг байгуулах”(Эх орны агуу их дайн Монголын ард түмэн.Баримт бичгүүдийн эмхтгэл. 1941-1945. УБ., 1970, тал 10-11.)-аар тогтон бэлгийн зүйлийг үнэ төлбөргүй, ээлж дугааргүйгээр тээвэрлэхийг Харилцан нэвтрүүлэх Ерөнхий хороонд үүрэг болгохоор шийдвэрлэжээ. Засгийн газрын дэргэдэх Төв комиссын даргад БНМАУ-ын Гадаад яамны орлогч сайд Э.Намсрай томилогдож, комиссын анхдугаар хурал 1941 оны 9 дүгээр сарын 11-нд болжээ.(ГХТА. ф.2, хн 47, тал 178.) Мөн өдөр Комиссын бүрэлдэхүүний талаар аймгийн намын хороод, Үйлдвэрчний Зөвлөлийн дарга нарт мэдэгджээ.
Ард олноо Бэлэглэлийн Төв комисс хэмээн нэрлэгдсэн тус комиссоос аймгуудад салбаруудыг нээх, ирүүлсэн бэлгийн зүйлүүдийг хүлээн авах, худалдан борлуулж тусламжийн санд оруулах талаар хичээнгүйлэн ажиллажээ. Төв комиссын дансанд цуглан ирсэн мөнгөнөөс 1941 оны 9 дүгээр сарын 29-нд БНМАУ-д суусан Зөвлөлтийн Элчин Төлөөлөгчийн газарт 10000 төгрөгийг анх шилжүүлж(ГХТА. ф.2, хн 55, тал 2.), мөн оны эцэст дахин хоёр удаа, нийт 122000 төгрөгийг гуйвуулжээ(ГХТА. ф.2, хн.50, тал 161-162.). Хэдий тийм боловч Төв комиссын ажил төдийлэн жигдэрч амжаагүй, бэлэглэл эмх журамгүй, данс бүртгэл, хяналт муутай явагдаж, олон нийтэд харагдац багатай байсан тул БНМАУ-ын СнЗ, МАХН-ын Төв Хорооны хамтарсан хурлаас “...Улаан цэргийн ялалтыг түргэтгэхийн тулд фронтод туслах ажлыг бүх бололцоогоор хүчтэй болгох явдал шаардагдаж буй тул ард түмний хөдөлгөөнийг зөвөөр зохиох, бэлэглэлийг зөвөөр удирдах ба эмхлэх”- ийн чухлыг харгалзан Төв комиссыг өөрчлөн байгуулжээ.
Улс орны нийгэм, эдийн засгийн амьдралыг дайны байдалд зохицуулан өөрчилж, “зөвлөлтийн ард түмэнд туслах явдлыг БНМАУ-ын хамгийн чухал бөгөөд үндсэн зорилго” (МАХН-ын Их, Бага хурал, Төв Хорооны бүгд хурлуудын тогтоол, шийдвэр. 1921-1956.II хэсэг (1940-1956). УБ., 1956. тал 101). болгосон тухайн үед Бэлэглэлийн Төв комисс ард олны сайн дурын хөдөлгөөнийг төр, олон нийтийн байгууллагын дэмжлэгтэйгээр чиглүүлэн удирдаж, орон даяар өрнүүлж чаджээ. Үүний дүнд Улаан армийн дайчдад зориулсан бэлэглэл боломжийн бүх хэлбэрээр хэрэгжсэний дээр “Бүхнийг фронтод”, “Бүгдийг ялалтын төлөө” хэмээх нэгэн уриан дор дайны хүнд жилүүдийг зөвлөлтийн ард түмэнтэй хамт туулсан монголчуудын сэтгэлийн дэм бас байлаа.
(Ерөнхий редактор С.Чулуун, Эмхтгэгчид: Н.Хишигт, Ч.Дашдаваа, Ч.Болд, Ч.Баасанжаргал. Монголын ард түмэн: Бүхнийг фронтод, бүгдийг ялалтын төлөө. 2015.УБ., )
- Эрдэм шинжилгээний мэдээлэл