Гишүүд
ХОРЛОО (1917-2008)
АКАДЕМИЧ ПҮРЭВИЙН ХОРЛОО
(1917-2008)
Монгол хэл-уран зохиолын багш
1917 онд Сайн ноён хан аймгийн Сайн ноён хошууны Их Баруун сум, одоогийн Өвөрхангай аймгийн Хайрхан дулаан сумын нутаг Өшгөгийн нурууны Тал булагийн дэрсэн худгийн Цагаан толгой гэдэг газар төржээ.
1927-1930 онд Хан хөгшин уулын хошууны танхим, 1930-1931 онд Цэцэрлэг мандал аймгийн бэлтгэл дунд сургууль, 1931-1934 онд Багшийн сургууль, 1945-1949 онд МУИС-ийн монгол хэл, утга зохиолын ангийг Монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр төгссөн.
1958 онд Москва хотноо “Монгол ардын явган үлгэр” сэдвээр хэлбичгийн ухааны дэд эрдэмтний зэрэг, 1978 онд “Монгол ардын дууны яруу найраг” сэдвээр хэлбичгийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан. 1964 онд Монгол улсын ШУА-ийн сурвалжлагч гишүүн, 1982 онд жинхэнэ гишүүн, академич хэргэм хүртжээ.
1934-1935 онд Улаанбаатар хотын Үлгэр жишээ бага сургуульд багш, 1935-1937 онд Ховд аймгийн Манхан сумын Бага сургуулийн захирал, багш, 1937-1938 онд “Монгол ардын үндэсний соёлын зам” сэтгүүлийн орлогч эрхлэгч, 1938-1940 онд Санхүүгийн сургуульд багш, 1941-1945 онд Багшийн сургуульд багш, “Залгамжлагч” сэтгүүлийн эрхлэгч, 1949-1951 онд Санхүү-Эдийн засгийн сургуульд багш, 1949-1955 онд МУИС-д багш, 1958-1963 онд Гэгээрлийн яамны нэгдүгээр орлогч сайд, 1963-1973, 1974-1977 онд ЭШАА, 1978-1987 онд ШУА-ийн Эрдэм шинжилгээ, мэдээллийн хэлтсийн дарга, 1987-1989 онд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, 1990-2008 онд ЭШТэА-аар ажиллаж байв.
2000 онд Төрийн шагнал, 2005 онд Монгол улсын Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн цол олгосон.
Монгол аман зохиол, утга зохиол судлал, зан үйлийн чиглэлээр зонхилон судалгаа хийж, олон арван зохиол бүтээл туурвисан байна.
- Жинхэнэ гишүүн
- Хэл шинжлэлийн шинжлэх ухаан