Мэдээ мэдээлэл
Монголын чулуун зэвсгийн үеийн судалгаа дэлхий нийтийн анхаарлыг татсаар байна
Манай орны чулуун зэвсгийн дурсгалыг хайж илрүүлэх, судлан таних, эрдэм шинжилгээний эргэлтэд оруулах ажил Монгол Улсад Шинжлэх Ухааны Академи байгуулагдсанаас хойш илүү зохион байгуулалттай болж, жилээс жилд эрчимжиж байгааг та бүхэн хүлээн зөвшөөрнө гэдэгт итгэж байна. Үүний хамт манай нутагт байгаа чулуун зэвсгийн үеийн дурсгалыг судлах амаргүй бөгөөд хариуцлагатай үүргийг манай үндэсний археологичид мэргэжил нэгт гадаадын судлаачидтай хамтран нэр төртэй гүйцэтгэж, нөр их мэдлэг, туршлага хуримтлуулсан нь манай улс дахь археологийн шинжлэх ухааныг амжилттай хөгжүүлэх, хүний нөөцийг бэхжүүлэх чухал суурь, хүчтэй хөшүүрэг болсоор байгааг энэ хурлын индэр дээрээс цохон дурдахад таатай байна.
Өнөөдрийн энэ хуралд л гэхэд Аризоны их сургуулийн профессор Жон Олсен, Сөүлийн их сургуулийн профессор И Сонбук, Оросын ШУА-ийн Сибирийн салбарын Археологи, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Евгений Рыбин, Вроцлавын их сургуулийн профессор Мирослав Масойч зэрэг АНУ, БНСУ, Япон, Канад, Польш, Англи, Франц, ХБНГУ-ын шилдэг эрдэмтэн судлаачид хүрэлцэн ирж, илтгэл хэлэлцүүлэх гэж байгаа нь Монголын чулуун зэвсгийн үеийн судалгаа дэлхий нийтийн анхаарлыг татсаар байгааг харуулж байгаа юм.
Өнөөдөр хүн төрөлхтний түүхийн хамгийн урт хугацаанд үргэлжилсэн үеийг манай улсад зөвхөн ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн Чулуун зэвсгийн судалгааны салбарынхан АНУ, ОХУ, Канад, БН Польш Улс, Япон, БНСУ, ХБНГУ-ын судалгааны хүрээлэн, төв, их сургуулиудын судлаачидтай хамтран амжилттай судалж байна. Тэдгээрийн үр дүнд Монгол нутагт эртний хүн нутаглан амьдарч ирсэн цаг хугацаа, чулуун зэвсгийн үйлдвэрлэлийн арга барил, хөгжил, эртний хүмүүсийн нүүдэл, тархалтын асуудлууд улам тодорхой болсоор байна. Мөн түүнчлэн эртний хүмүүсийн хүрээлэн байгаа орчны судалгаа давхар хийгдэж байгаа нь плейстоцен, голоцены үеийн байгаль орчныг сэргээн судлахад үнэлж баршгүй хувь нэмэр болох нь дамжиггүй юм.
Харамсалтай нь, археологийн асар баялаг дурсгалтай манай улсад археологичид, түүний дотор жилдээ 6 сараас багагүй хугацаанд хээрийн судалгаанд гарч ажиллах боломжтой мэргэжлийн археологичид дэндүү цөөн байгаа юм. Археологичдын ажил нь зөвхөн талбайн малтлага, олдворын судалгаа боловсруулалтаар хязгаарлагдахгүй бас археологийн аливаа дурсгалт газар тэр дундаа чулуун зэвсгийн дурсгалт газруудыг хадгалж, хамгаалах нь нэн тулгамдсан асуудал байсаар байгаа бөгөөд эрдэм шинжилгээний хуралд оролцогч эрхэм эрдэмтэн мэргэд та бүхэн археологичдын орон тооны талаар болон бусад олон асуудлыг шүүн, тунгаан ярилцаж, тодорхой шийдэлд хүрнэ гэдэгт итгэж байна." гэжээ.
Дашрамд дурдахад, өнөөгийн Монгол улсын нутгаас хуучин чулуун зэвсгийн дурсгал илрэн анхлан олдсоноос хойш нэгэнт 100 жил болжээ. Өнгөрсөн хугацаанд Монгол орны нутаг дэвсгэрээс чулуун зэвсгийн бүхий л үед холбогдох 2000 гаруй бууц, суурин илрүүлэн олсноос гадна дээд палеолит, неолитын үеийн хадны сийлмэл болон зосон зургийн дурсгал ч цөөнгүй олдсон байна. Энэ хугацаанд чулуун зэвсгийн чиглэлээр 10 орчим орны их дээд сургууль, хүрээлэнтэй хамтарсан төслийн хүрээнд хайгуул, малтлага судалгаа хийж, үр дүнг олон арван ном, өгүүлэл, илтгэл хэлбэрээр хэвлэн нийтлүүлсэн нь дэлхий нийтэд тодорхой хэмжээнд танигдаж, Зүүн болон Зүүн Хойд Азийн чулуун зэвсгийн судалгаанд зохих хувь нэмэр оруулжээ.Хоёр өдөр үргэлжлэх тус хурлыг ШУА-ийн Археологийн хүрээлэн санаачилж, Монгол Улсын Соёлын яам, ШУА-ийн Геологийн хүрээлэн, Чингис хаан үндэсний музейтэй хамтран зохион байгуулж байна.