Үндсэн агуулга руу

Мэдээ мэдээлэл

МОНГОЛЫН ФИЛОСОФЧИДЫН "ШИНЭ ЗАМ"

Дэлхийн философийн өдрийг Монголын философчид 11 дүгээр сарын 16-ны өдөр тэмдэглэв.

Монголд цөөхөн философчид байдаг ажээ. Сүүлийн жилд философчидын идэвхи суларсан талаар“Тогтвортой хөгжил: Оюуны соёл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлын үеэр онцолж байлаа.

Ер нь философи бол агуу том шинжлэх ухаан билээ.  Чөлөөт нэвтэрхий толь болох Википедиад философи буюу гүн ухаан нь хорвоо ертөнц ба хүний нийгмийн мөн чанар, түүнчлэн хүний амьдралын утга учирын талаар эцэслэн тунгааж, аль болох түгээмлээр зөвшөөрөгдөхүйц тайлбарыг хайж судлах ухаан юм.

Философи гэдэг нь грек хэлний "φίλος" буюу дурлах, "σοφία" буюу цэц мэргэн гэсэн хоёр үгний нийлбэрээс гаралтай бөгөөд "цэц мэргэнд дурлах" гэдэг утгаар хэрэглэгдэж байв.

Философи гэдэг бол бид улам илүү мэргэн ухаантай болох, өөрийгөө гүн гүнзгий ухамсарлан улам сайн хүн болох зорилгоор үйлдэж, үнэлж цэгнэж, оюун дүгнэлт гаргаж байгаа тэр аргыг бүтээлч шүүмжлэлтэйгээр, системтэй шинжлэн судлах явдал юм хэмээн тодорхойлжээ.

Үнэндээ “философи хэмээх нь бидний амьдралын, энэ ертөнцийн нийгмийн бүхий л үйл ажиллагааны уг үндэс нь юм” гэсэн бодол сэтгүүлчийн өнцгөөс төрдөг юм.

Тэгвэл орчин цагийн дэлхийн улс орнуудын шинжлэх ухаан философийг зах зээлийн нийгэмд ямар шатанд, ямар байр сууринд авч үзэж, хандаж байгаа нь анхаарал татсан сэдэв болжээ.

Тиймээс дэлхийн философийн өдрийг тохиолдуулан ШУА-ийн Философийн хүрээлэн, ЮНЕСКО-гийн Mонголын Үндэсний комисстой хамтран жил бүрийн 11 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн пүрэв гарагт тэмдэглэж ирсэн уламжлалтай. 

Ийнхүү 11 дүгээр сарын 16-ны өдөр тус бага хурлын үеэр ШУА-ийн Философийн хүрээлэнгийн болон их, дээд сургуулийн доктор, магиструуд Монголын философийн шинжлэх ухааны салбарт философи нь хөгжлийн шинэ замаар хөгжих ёстой. Сүүлийн жилд философийн хөгжил, судалгаа сул дорой байгааг онцлов. Энэ үеэр эрдэмтэн багш нар олон сайхан шинэ санаа, санал дэвшүүлсэн илтгэл тавьж байсан.

2016 онд УИХ-аар "Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030" хөтөлбөрийг баталсан. Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд философчидын оролцоо шаардлагатай, түүнчлэн философийн мэдлэг ухаан, арга зарчмыг нийтээр эзэмших нь тодорхой болсон. Үүний тулд энэхүү хурлаар эрдэмтэн судлаачид Монголын өнөөгийн нийгмийн бодит байдал, цаашдын тогтвортой хөгжлийн асуудлыг оюуны соёлын хүрээнд авч үзэж, тус чиглэлийн судалгаа шинжилгээний ажлыг хэлэлцүүллээ.

Хуралд оролцогчид тогтвортой хөгжлийн асуудлыг философийн үүднээс шинжилсэн, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг монголын оюуны соёлын үнэт зүйлс, үндэсний онцлог, сэтгэлгээний өв уламжлалдаа нийцүүлэн бүтээлчээр хэрэглэх боломжийг хэрэгжүүлэх ёстой гэж хэлсэн.

Энэхүү хуралд олон магистр, доктор, докторантууд илтгэл тавьснаас ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал, доктор /Sc.D/, профессор Ш.Ариунаа “Орчин үеийн оюуны соёл: Урлагийн философи”, МУИС-ийн доктор Р.Дарьхүү “Монголын нийгмийн хөгжил ба хүний хөгжил” ШУТИС-ийн доктор Ц.Батцэрэн “Тогтвортой хөгжил ба их сургуулийн нийгмийн хариуцлага”, МУИС-ийн доктор Д.Оюунгэрэл “Хүний хөрөнгө:Ёс суртахуун”, Отгонтэнгэр их сургуулийн докторант Б.Наранбаатар “Нийтлэг нөөцийн эзэмшил дэх ёс зүйн асуудал” болон мөн тус сургуулийн доктор Б.Галиндэв “Нийгмийн эрсдэл ба ёс суртахууны асуудал”, ХСИС-ийн доктор Ц.Батбаяр “Аж үйлдвэржсэний дараах нийгмийн үзэл баримтлал ба тогтвортой хөгжил” зэрэг илтгэлүүд нь цаг үеэ олсон, шинэлэг санааг дэвшүүлжээ.

Хурлын төгсгөл үед БСШУ-ны сайд асан, философийн ухааны доктор Н.Уртнасан үнэ, цэнэтэй үг хэлсэн бол Ш.Ариунаа доктор шинжлэх ухааны мэдлэгиыг олон түмэнд бид хэрхэн яаж хүргэж, ажиллах вэ гэдэг нь тулгамдсан асуудал болж байгааг тодотгоод, Азийн философийн холбооны чуулган 2018 оны нэгдүгээр сард болно гэж Монголын философичдод дуулгасан юм.

Б.Баярмаа

Эх сурвалж: Udirdagch.mn

← Бүх мэдээ