Үндсэн агуулга руу

Мэдээ мэдээлэл

О.СЭРГЭЛЭН: БИ ӨӨРИЙНХӨӨ АМЬДРАЛЫГ МЭС ЗАСЛЫН ТӨЛӨӨ ӨГСӨН

О.СЭРГЭЛЭН: БИ ӨӨРИЙНХӨӨ АМЬДРАЛЫГ МЭС ЗАСЛЫН ТӨЛӨӨ ӨГСӨН

Монголын эрүүл мэндийн салбарт 20 жилийн дараа л элэг шилжүүлэх хагалгааны талаар ярих боломжтой. Яагаад гэвэл танай улсад эдийн засгийн, дэд бүтцийн гээд шийдвэрлэх асуудал цөөнгүй бий. Тэгээд ч эрхтэн шилжүүлэх хагалгаа хийх эмч нарын бэлтгэгдсэн баг танай улсад байхгүй хэмээн хэлүүлсэн ч тууштай зангийн үр дүнд эх орондоо өөрсдөө бие даан хагалгаа хийдэг болоход үнэтэй хувь нэмэр оруулж, манлайлсан хүн бол АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн Мэс заслын тэнхимийн эрхлэгч, Монгол Улсын Хүний гавъяат эмч, АШУ-ны доктор, профессор Монгол Улсын зөвлөх зэргийн эмч О. Сэргэлэн юм.

Өнөөдөр түүнийг Монголчууд төдийгүй дэлхий мэддэг болсон. Түүний ажил, амжилтын талаар ярилцаж, дэлхийн шилдэг мэс засалч болох хүртэлх туулж өнгөрүүлсэн амьдралын түүхээс нь уншигч тантай хуваалцаж байна. Биднийг очиход О.Сэргэлэн профессортой уулзаж зөвлөгөө авахаар ээж, охин хоёр хүлээж байлаа. Тэд удахгүй гэсэн тул хамтдаа өрөөнд нь орж зөвөлгөө өгөхийг нь харж зогссон билээ.

О.Сэргэлэн эмч ээжийнх нь эмнэлгийн рентгэн зургийг хараад “Ирэх даваа гаригт манай элэгний багийн нэгдсэн хуралтай, 15 цаг гэхэд Эрхтэн шилжүүлэх төв дээр хүрээд ир. Тэнд нарийн мэргэжлийн эмч нартайгаа сайн харж байж хариу өгье. Хавдрын маркерын шинжилгээ нь гайгүй байна. Яг хавдар мөн бишийг батлахад ердөө сар л хүлээхэд мэдэгдэнэ. Дүгнэлт хийсэн эмч нь миний сайн шавь нарын нэг. Шавийнхаа дүгнэлтэд эргэлзэхгүй байна. Гэхдээ хариуг эцэслэхэд ердөө ганцхан сар л хүлээхэд болно. Сарын дотор томорлоо гэхэд эрүүл мэндэд эрсдэл үүстэлээ аюултай том болохгүй. Томрохгүй бол хэвийн гэсэн үг. Ийм их айсан царайтай яваад байж болохгүй. Сэтгэл санаа их чухал. Ирэх даваа гаригт хүрээд ир” гэснээр ээж охин хоёр гарсан юм.

 О.Сэргэлэн профессор тэднийг гарсны дараа “Би ер нь хагалгаанд орчихгүй, ийш тийш ажлаар явчихгүй л бол хүн орж ирвэл шинжилгээний хариуг үзээд өгөхийг л боддог. Тэр хүмүүсээс үнэ мөнгө нэхдэггүй учраас өдөрт 10-20 хүн тасралтгүй ирдэг. Орж ирсэн хүн болгоныг л хүлээлгэлгүй үзээд өгөхийг боддог юм даа” хэмээн өгүүлсэн. Яг энэ үеэр түүний утас дуугарлаа.

 “Сайн байна уу, Ламбаа гуай. Таны бие сайн уу. Баярлалаа. Харин тиймээ сайхан шагнал авлаа... 

... Төсөвт 2,4 тэрбумаараа батлагдчихлаа. Олон хүний амь насыг аварна даа. Өнгөрсөн хавар төсөвт ирэх ёстой мөнгө нь орж ирдэггүй бид чинь загнуулдаг хүмүүс л болоод байсан шүү. Хүмүүс дугаарлаад, эхнээсээ бие нь муудаад, бид чинь санхүү барьдаггүй хүмүүс. Хүмүүст элэг солих хагалгаа хийх боломжгүй болоод жоохон хэцүү л байлаа. Мөнгө нь орж ирэхгүй болохоор бид хэд яалтай нь билээ. Одоо л нэг шийдэгдэж байна.Уг нь өнөөдөр нэг хүнд хагалгаа хийх байсан ч тэр хүн маань цус алдчихаад боломжгүй болоод дараагийн хүндээ хагалгаа хийхээр болоод байж байна...” гэлээ.

Ийнхүү утсаар ярьж дуусаад тэрбээр “За одоо яана аа. Уншигчид надаас залхсан байх даа. Дахиад л нөгөөх чинь гэх вий” хэмээн даруухнаар инээмсэглээд бидний ярилцлага эхэлсэн юм. Түүнтэй ярилцаж суухад хүн гэдэг чин сэтгэлээсээ аливааг хүсвэл учрах саад гэдэг зөвхөн цаг зуурын асуудал. Гагцхүү зорилгодоо үнэнч, итгэлтэй байснаараа өөртөө төдийгүй Монголын эрүүл мэндийн салбарт хөгжил дэвшилийг авчирч, хүн ардынхаа эрүүл энхийн манаанд өргөсөн тангарагтаа үнэнч ажиллаж яваа эрхэм хүндтэй хүмүүсийн нэг гэдгийг нь илүү ихээр ойлгосон юм. Таалан болгооно уу.

-Монгол эмч дэлхийн шилдэг таван мэс засалчийн нэгээр шалгарсанд юуны өмнө халуун баяр хүргэе. Энэхүү шагналыг ямар шалгуураар олгодог юм бол?

-Америкийн мэс заслын коллеж өнөөдөр дэлхийн 124 орны мэс засалчдын холбоодыг нэгтгэсэн 80 мянга гаруй гишүүнчлэлтэй том байгууллага. Энэ байгууллагын хуралд ДЭМБ-ын Эмнэл зүйн тасгийнхан бүрэн бүрэлдэхүүнээрээ ирж оролцдог. Мөн мэс засал, мэдээгүйжүүлэлт, яаралтай тусламж, эх барихын тусламж хариуцсан дэлхийн Жи-4 холбоо гэх мэт байгууллагын төлөөлөл дэлхийн өнцөг булан бүрээс ирж оролцдог юм байна. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 10 мянга орчим хүн цугласан том хурлын танхимд нээлт нь болсон. Хурал 21 салбар хуралдаанаар үргэлжилсэн. Энэ хуралд дэлхийн мэс заслын чиглэлийн бүх л том хүмүүс ирсэн байсан. Шалгаруулалтад 70 гаруй улсын эрдэмтэн нэр дэвшсэнээс Англи, Ирланд, Франц, Япон, Монгол гэсэн таван орны эмч нар дэлхийн шилдэг мэс засалч болсон. Монгол Улс гэж дуудуулаад энэ өндөр шагнал хүртэнэ гэдэг их нэр төрийн хэрэг байлаа. Монгол Улсын нэрийг дэлхийд гаргаж, монголын мэс засал тодорхой хэмжээнд хүртэл хөгжсөн гэдгийг харуулж чадлаа. Энэ бол ганц миний хөдөлмөрийн үр дүн биш, монголын бүх мэс засалчдын ажлын үнэлгээг дэлхийд гаргаж тавьсан гэж бодож байна.


VI КУРС ТӨГСӨХДӨӨ МУХАР ОЛГОЙН ХАГАЛГААГ ГАЙГҮЙ САЙН ХИЙДЭГ БОЛСОН

-Та гуравдугаар курсээсээ мэс засал хийж, тавдугаар курсээсээ бие дааж хагалгаа хийдэг болсон гэж байсан. Энэ талаараа дурсвал?

-Би 4 дүгээр ангид байхаасаа эмч болно гэж боддог байлаа. Учир нь миний ээж элэгний хатууралтай байсан. Хурдан том болоод эмч мэргэжил эзэмшин, ээжийгээ эмчлэх юмсан гэсэн хүүхдийн гэнэн цагаан мөрөөдөлтэй явсан. Аравдугаар ангиа онц дүнтэй төгсч, Москвагийн институтэд суралцах хуваарь авсан. Гэвч тухайн үед нэг том даргын хүүхэд явах болоод асуудал өөр тийшээ эргэсэн. Надад Иркутскт шүдний эмч, Ленинградад хүүхдийн эмч, Венгрт эм зүйн чиглэлээр суралцах санал өгсөн.

Тухайн үедээ би “Том хүний эмч болно. Тиймээс хаашаа ч явахгүй, Монголынхоо сургуульд орно” гээд Анагаах ухааны дээд сургуульд 1976 онд элсэн орсон. Энэ сургуульд элсэн суралцсанаараа өөрийгөө би хожсон гэж боддог. Яагаад гэвэл манай Анагаах ухааны дээд сургуулийн сургалт маш сайн. Нөгөө талаар би гадаадад яваад сураад ирлээ гэхэд тэр орчиндоо ажиллаж чадахгүй. Монголдоо сураад, үргэлжлүүлээд ажиллах нь давуу тал юм байна. Зөв шийдвэр гаргажээ гэж хожмоо бодсон.

Ингээд Анагаахын дээд сургуулийн I курст сурч байхдаа ерөөсөө л мэс заслын эмч болъё, яаж эмнэлэгт орж мэс засал харах вэ гэсэн бодол салдаггүй. Тэгтэл тэр үед дөрөвдүгээр курсын сайн оюутан болох одоо Элэгний М.Шагдарсүрэн нэрээр хүмүүс анддаггүй мундаг эмч байдаг шүү дээ. Тухайн үед түүнд “Би хагалгаа хийж байгааг хармаар байна” гэтэл “Би өнөөдөр орой жижүүрт гарна. Мэс заслын тасагт хувцсаа солиод бэлдээд ирээрэй” гэсэн. Тэгэхээр нь хагалгааны өмд, цамц хийх даавуу авч дор нь оёж, маскаа хийгээд халдвар дамжуулчихна гэж айгаад өмд, цамц, маскаа бүгдийг нь индүүдээд бэлдсэн.

Тэгээд орой нь явж очоод хувцсаа сольж байгаа газар нь адилхан солиод, Шагдарсүрэн ахыг дагаад анх удаа хагалгааны тасагт орж үзсэн нь тэр. Шагдарсүрэн ах маань хагалгаанд туслахаар орохоор боллоо. Тэгээд надад “За чи энэ шугамнаас нааш зогсож болохгүй шүү” гэсэн. Холоос сайн харагдахгүй байгаа юм. Гэтэл хагалгаа хийж байсан эмч нь “Чи мэс засал харах гэж байгаа юм бол ойртоод зогсооч” гэсэн. Тэгэхээр нь бараг л наалдаад зогссон чинь “Хүүе чи холдооч” гэж хөөгдөөд л /инээв/.

Халдваргүйтгэл, ариутгалын дэглэм заалгаагүй хүүхэд юм чинь тэгээд тэр хагалгааг харж, нэг их сайхан санагдсан. Тэр шөнөө Шаагаа ахыг дагаад жижүүрт хоносон. Түүнээс хойш та жижүүрт хэзээ хонох вэ, дагаж очъё гэж гуйгаад л нэгдүгээр курсээсээ эхлээд хагалгаа хийхийг хараад л явдаг байлаа. Гуравдугаар курст мэс заслын хичээл орж эхэлсэн. Тэгэхэд би зөндөө хагалгаа харсан юм чинь их мэдлэгтэй.

Хаана нь хүрч болох, хаана нь хүрч болохгүй вэ гэхчлэн их мэдлэгтэй болсон байсан. Тухайн үед мэс заслын дугуйлан гэж байсан, түүнд орсон. Тэнд намайг өлгийдөж авсан багш маань Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, гавьяат багш Пэлжээгийн Долгор хичээл заадаг байлаа. Монгол даяар “Цагаан Долгор” гэж алдаршсан мундаг хүн байсан даа.

Тэр хүн намайг шавиа болгон мэс заслын дугуйланд маш олон судалгааны аргыг зааж өгсөн. П.Долгор багш болон Монгол Улсын Хүний гавьяат эмч, Анагаах ухааны доктор, профессор Ж.Пунцаг нартай хамтарч, ясны архаг үрэвсэлтэй өвчтөний идээнээс өсгөвөр гарган, түүнийгээ хоргүйжүүлж ариутгаад вакцин бэлдээд буцааж тарьдаг эмчилгээний аргыг гаргасан маань үр дүнтэй болсон.

Тэгээд III курсээсээ хагалгаанд орох эрхтэй боллоо. Оройн цагаар жижүүр дээр байнга ирнэ. Тухайн үед Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн мэс заслын тасаг Улаанбаатар хотын бүх яаралтай тусламжийг авдаг байсан учраас маш их хагалгаатай, шөнөжингөө хагалгаа хийнэ. IV курсээ төгсөөд хөдөө дадлагад явсан чинь Шагдарсүрэн ах маань Сүхбаатар аймагт мэс заслын эмчээр очсон байсан. Тэгээд 20 хоног өдөр шөнөгүй хагалгаанд ороод, анх мухар олгой авах мэс заслыг Сүхбаатар аймагт байхдаа хийж сурсан.

Ирээд V курст байхдаа Нэгдүгээр эмнэлгээр гүйсээр байгаад мэс заслын эмч нарыг бүгдийг нь таньдаг болчихсон. Эд нар маань ч намайг тээршаахгүй, “Хүрээд ир, хагалгаанд ороход туслаад, өвчтөний түүх нээгээд өг” гэдэг байсан. Бусад туслах ажлыг нь сайн хийж өгдөг байсан учир намайг хагалгаанд авч орсоор байгаад VI курс төгсөхдөө мухар олгойн хагалгааг гайгүй сайн хийдэг болж төгссөн. Сургуулиа онц дүнтэй төгсөхөд Долгор багш маань намайг мэс заслын тэнхимд багшаар авсан. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл АШУҮИС-ийн Мэс заслын тэнхим, Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн мэс заслын тасагт 36 жил ажиллаж байна даа.

 

26 ГАХАЙД ТУРШИЛТЫН МЭС ЗАСАЛ ХИЙЖ, ЭХНИЙ ГУРВАН ГАХАЙГАА ШИРЭЭН ДЭЭР ҮХҮҮЛЖ БАЙЛАА

-Манай улс Солонгос эмч нартай хамтран 2011 оноос эхлэн элэг шилжүүлэн суулгах мэс засал хийж эхэлсэн. Эмчилгээний цоо шинэ арга эх орондоо нэвтрүүлнэ гэдэг амаргүй байсан болов уу?

-2002 онд Швейцарийн мэс засалчдын багт Лазанийн их сургуулийн профессор Желе гэдэг дэлхийд нэр хүндтэй мэс засалч хамт ирсэн. Тэр мэс засалчид манай Анагаах ухааны сургуулийн захирал Ц.Лхагвасүрэн багш бид хоёр элэг шилжүүлэн суулгах эмчилгээг Монголд нутагшуулах талаар ямар бодолтой байгааг асуусан. Тэгэхэд Желе багш надад гурван хуудас захиа бичиж, өгсөн. Тэрэндээ “Арай л болоогүй байна. Нэгдүгээрт бөөрөө маш сайн шилжүүлэн суулгадаг болох, лаборатори, хагалгааны орчин сайжрах ёстой. Энэ бүхэн бүрдсэний дараа хийнэ” гэсэн зөвлөмж өгсөн.

Манай улсад 1996 онд анхны бөөр шилжүүлэн суулгах эмчилгээ хийгдээд 2005 оныг хүртэл төдийлөн дэлгэрч чадаагүй. 2005 оноос Английн Маурис Слопак гэдэг буянтай сайхан профессор хүн байдаг. Тэр хүн ирж, манай бөөрний багийнхныг дадлагажуулаад одоогоор 140 гаруй хүнд бөөр шилжүүлэн суулгаад байна. Тэгээд бөөр шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хөгжихөд тусалсан Слопак профессор 2007 онд “Одоо элэг шилжүүлэн суулгах мэс заслын талаар ярьж болно” гээд Нэгдүгээр төв эмнэлгийн мэс заслын эмч Д.Батчулуун багш бид хоёрыг Финланд, Германд элэг шилжүүлэн суулгах чиглэлээр сургахаар явуулсан. Тэнд очоод харахад болмоор санагдаад үнэхээр сэтгэлд багтсан.

Манай монголчууд эвтэй байвал хүчтэй гэдэг үг байдаг даа. Бидний араас Гастроэнтрологийн багш Н.Даваадорж багш очсон юм. Бид гурав нэг орой “Энэ ажлыг хэрэгжүүлж дуустал гурван биенээсээ урвахгүйгээр ажиллана” гэдэг тангараг тавьсан. Тэгээд бид гурав 2007 онд ирэхэд эмнэлгийн бүтэц зохион байгуулалтын хувьд өөрчлөгдөөд биднийг дэмжих хүн цөөхөн байсан. Биднийг 20 жилийн дараа хийх мэс заслыг одоо хийж, хүний амиар тоглох гэж байна гэдэг асуудал тавиад, тэр битгий хэл АШУҮИС-ийн Эрдмийн зөвлөлийн хурал дээр “Чи төрийн шагнал авахын төлөө энэ ажлыг хийх гэж байна” гэж хүртэл хэлж байсан.

Харин тухайн үед Лхагвасүрэн захирал маань их дэмжсэн. Би Шинжлэх ухаан технологийн сан /ШУТС/-д төсөл бичиж үзье гээд 4 сая төгрөгийн туршилтын мэс заслын төсөл бичсэн. Үүнийг их сайхнаар хүлээж авч баталсан. Ингээд 4 сая төгрөгтэй болоод гахайнд туршилтын мэс засал хийх ажлаа эхлүүлсэн.

2007 онд багаа байгуулаад, багийн анхны эх үүсвэр тэр л үед бий болсон. Хагалгааны өрөө тасалгаа засах гээд ажил их байсан учраас 2009 оноос л гахайнд туршилтын мэс заслаа хийж эхэлсэн. Дөрвөн сая төгрөг хаанаа ч хүрэхгүй. Гахайгаа өндөр үнээр худалдаад авбал тав, зургаан гахайнд хийгээд дуусчих гээд байдаг. Маш их хэмжээний шингэн, мэдээгүйжүүлгийн бодис гээд үнэтэй зүйл их орно. Нэг найзаасаа үнэгүй шахам гахай гуйж аваад, 26 гахайд туршилтын мэс засал хийж байсан. Энэ бол манай багийг дадлагажуулсан маш том сургалт болсон.

-Хагалгаа хэр амжилттай болсон бэ?

-Эхний гурван гахай дээр бид үнэхээр туршлагагүй учраас гахайгаа ширээн дээр үхүүлж байсан. Түүнээс хойш туршлагажсан. Гахайнууд хагалгааны дараа 7-8 цаг, хамгийн дээд тал нь 10 цаг хүртэл амьдарсан. Түүнээс цааш үргэлжлүүлээд хийнэ гэхээр эрчимт эмчилгээ, цус, уураг, хагалгааны дараа хийх эмчилгээ байхгүй учраас гахайг амьдруулах нөхцөл байгаагүй. Гахайг амьдруулна гэхээр бидэнд мөнгө байхгүй. Нэгэнт туршилтынх учраас хагалгаагаа хийгээд дуусгадаг. Гэхдээ гахайны элэг нь ажиллаж байна уу гэдгийг шалгах гэж цөсны замд нь гуурс тавьдаг байсан. Түүгээр нь цөс маш сайн ялгарч байсан. Тэгээд элэг ажиллаж байна гээд л. Сүүлдээ бид биохимийн шинжилгээ хийдэг болоод, нэг эхийн гахайны цусны бүлгийн тохироог үзэж байгаад хоорондоо хамгийн сайн тохирч байгааг нь олно. Гахай 26 цусны бүлэгтэй амьтан яваандаа тохирохыг нь ялгаж хийдэг болоод үр дүн ч сайжирсан.

УУЧЛААРАЙ, МАНАЙ ЗАСГИЙН ГАЗРААС БИДНИЙГ МӨНГӨ БАЙХГҮЙ

-Монгол эмч нарт эрхтэн шилжүүлэн суулгах арга барилыг зааж сургасан БНСУ-ын “Асан” төвийн Ли профессортой хамтран ажиллсан түүхээсээ хуваалцаач?

-26 гахайд элэг шилжүүлэн суулгасаны дараа 2009 онд Дэлхийн мэс засалчдын хурал Бээжинд болсон юм. Би БНСУ-ын “Асан” төвийн Сан Гю Ли профессорыг өмнө нь мэддэг, 2-3 удаа мэйл бичсэн байсан юм. Хурлын үеэр Ли профессорт мэйл бичиж, “Та бидэнд туслаач, уулзмаар байна” гэхэд, “Болноо, Сэргэлээн, би чамайг танихгүй учир хурлын завсарлагаар намайг олж уулзаарай, тэгээд ярилцъя” гэсэн хариу ирүүлсэн. Тэр хуралд би албан ёсоор уригдсан байсан тул байр, хоол цаанаасаа төлөгдчихсөн гэсэн үг.

Тэгээд багийнхаа С.Эрдэнэ, П.Батчулуун хоёртоо “Та 2 ямар ч байсан намайг дагаад яв. Гурвуулаа очиж уулзья” гээд явсан. Эмч бид нар чинь ядуу шүү дээ. Бээжинд буудал аваад, байрлах мөнгөгүй. Нөгөө хоёрыгоо өрөөндөө шалан дээр унтуулан байж, хамтдаа Ли профессортой уулзсан. Тэгэхэд Ли профессор бидний хүсэлтийг сонсоод, нэлээн бодож сууснаа, “Яг одоо хариулах боломжгүй байна. Очиж ярьж байгаад хариулт өгье” гэсэн.

Буцаж ирээд байтал долоо хоногийн дараа “Та нарыг 4, 4-өөр хуваагаад БНСУ-д сургахаар боллоо. Зардал мөнгөний асуудлаа шийдээрэй” гэдэг мэйл ирүүлсэн. ЭМЯ-нд өмнө нь бид асуудал тавиад 25 мянган ам.доллар өгнө гэсэн боловч яг шийд гарахад тухайн үед эдийн засаг хүндрэлтэй гээд “мөнгө байхгүй” гэдэг хариу сонссон.

Тэгээд Ли профессорт дахин мэйл бичиж “Уучлаарай, манай Засгийн газраас биднийг сургах мөнгө байхгүй учраас бид танайд очиж чадахгүй нь” гэтэл гурав хоногийн дараа “Санаа зоволтгүй ээ Сэргэлээн, Би өөрийхөө фондноос танай багийг сургана. Тиймээс та нар дөрөв, дөрвөөрөө хүрээд ир” гэсэн. Ингээд л “Асан” төв анх биднийг сургасан. Манай баг 40-өөд гишүүнтэй. 2011 оноос хойш “Асан” төвөөс бидний байр, хоол, зардал, сургалтын төлбөр гээд одоогийн байдлаар 2 сая гаруй доллар бидэнд зарцуулаад байна.

Тухайн үед Ли профессор бидэнд “Би яг та нар шиг анх Солонгост 80-аад оны сүүлээр элэг шилжүүлэн суулгах мэс заслыг суурьшуулах гээд Японы Маттасато Макүчи профессор дээр очиж байсан. Макүчи профессор манай багийг сургаж, бүхнээ зааж өгсөн. Макүчи профессор маань надад “Би та нарыг сургалаа. Та нар цаашдаа бусдыг сургаарай” гэдэг сургаалиа хайрласан учир би Вьетнам, Монгол улсад төсөл зэрэг эхлүүллээ” гэж хэлж байсан.

Вьетнам тэр үеэс хойш 6 хүнд элэг шилжүүлэн суулгаад байна. Харин бид 36 хүнд, сүүлийн 9 хүнд өөрсдөө бие даан элэг шилжүүлэн суулгаад байна. Хамгийн сайхан нь би сая Дэлхийн нэр хүндтэй шагналыг гардахдаа Маттасато Макүчи профессортой хамт зэрэгцэн зогсоод авсан. Тэгээд үнэхээр их баярлаж, “Та Ли профессорт заагаад, Ли профессор таны сургамжаар бидэнд зааж, бид өнөөдрийн энэ хэмжээнд хүрч байгаа явдал бол таны ач шүү” гэж хэлэхэд Макүчи профессор намайг тэвэрч, баяр хүргээд “Ли бол маш ухаантай, миний хайртай сурагч” гэж тодорхойлж билээ. Юм гэдэг уялдаа холбоотой сонин шүү.

Дэлхий яагаад биднийг үнэлээд байгаа юм гэхээр манай улс үнэхээр эдийн засгийн хувьд хязгаарлагдмал орон. Хамгийн наад зах нь багаа сургах, багаж тоног төхөөрөмжөө хангана гэхэд хэцүү гэх мэтээр асуудлууд гардаг. 2012 онд Шинэчлэлийн Засгийн газрын үед бид төсөл бичиж өгсөн.

Өмнө нь Солонгосчууд өөрсдөө багажаа аваад ирдэг, хамтарч мэс заслаа хийдэг, буцаагаад багажаа аваад буцдаг байсан. Багаж оруулж ирэхээр гаалийн хуулиар мөнгө байршуулж багажыг нь оруулж ирдэг. Нийт 29 сая төгрөг байршуулах шаардлагатай болдог. Бидэнд мөнгө байхгүй. Заримдаа бид гаалийнхныг аргалах гэж их зовдог байлаа. Уг нь бусад орны мэс засалчид өвчтөнөө үзээд, хагалгаагаа л хийдэг бол бидний хувьд гаалиа зохицуулна, ирж буй улсуудынхаа хоолыг зохицуулна, өөрсдөө жолооч хийж нөгөө улсуудаа тосч авна гээд энэ хооронд бид олон төрлийн ажил хийсэн дээ.

ГУРВАН ЖИЛИЙН ДАРААХ ҮР ДҮНГ 87 ХУВЬТАЙ БАЙГАА НЬ ӨНДӨР АМЖИЛТ

-Одоо хагалгаа хийлгэсэн 36 хүний биеийн байдал ямар байгаа вэ. Элэг шилжүүлэн суулгах мэс заслын үр дүнг тооцож үзэв үү?

-Хамгийн анх бид 46 настай, Т гэдэг эмэгтэйд элэг шилжүүлэн суулгасан. Одоо биеийн байдал нь сайн. Донор, реципент маань нь ч биеийн байдал сайн байгаа. Өөрсдөө бие дааж 9 хүнд элэг шилжүүлэн суулгасан хамгийн эхний хүн бол 30 гаруй насны С гэдэг эмэгтэй, биеийн байдал нь сайн байгаа. Бидний хагалгаа хийсэн бүх хүмүүс бидэнтэй холбоотой байдаг. Яагаад гэвэл байнга хяналтад байдаг учир сар бүр ирж шинжилгээндээ орно, эмийн тунгаа үзүүлнэ. Ер нь салж хагацаж чадахгүй ах дүү хамаатан садан болсон доо.

Элэг шилжүүлэн суулгасан 36 хүнийхээ үр дүнг тооцсон. Ер нь элэг шилжүүлэн суулгасны дараах үр дүнг гурван сарын дараах, жилийн дараах, 3 жилийн дараах, 5 жилийн дараах гэж тооцдог. Одоогийн байдлаар бид 3 жилийн дараах үр дүнг тооцоод байна. Гурван сарын дараах үр дүн 91 хувьтай байгаа. Элэг шилжүүлэн суулгаж эхэлж байгаа улсын хувьд 50 хувьтай байхад л боломжийн гэж үздэг. Манай улсын хувьд үр дүн 91 хувьтай байна гэдэг бол их гайгүй амжилт юм.

Элэг шилжүүлэн суулгана гэдэг маш хүнд хагалгаа. Эрсдэл байлгүй яахав. Ганц нэг хүнд эрсдэл гарсан. Гэхдээ 24 цагийн дотор нас барсан хүн нэг бий. Бусад нь хожуу, тухайлбал уушгины хатгаа гэх мэтээр нас барсан тохиолдол гарсан. Дархлаа дарангуйлдаг учир бусад өвчин авахдаа маш мэдрэг байдаг. Гурван жилийн дараах үр дүн 87 хувьтай байгаа. Энэ бол бас л өндөр амжилт. Бидний багш нар буюу 5000 хүнд элэг шилжүүлэн суулгасан “Асан” төвийн үр дүнтэй яг адил удирдамжаар хийж байгаа учир харьцуулж үзсэн. Тэгэхэд тэдний үр дүнгийн хэмжээнд байгааг харахад муу гэж болохгүй, үүнийг ч дэлхий үнэлсэн байх.

-Манай улсад элэг шилжүүлэн суулгах шаардлагатай хичнээн хүн байгаа вэ. Гадагшаа явж элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэх хүмүүсийн урсгал багассан байх?

-Гадагшаа явах урсгал хамаагүй багассан. Жилдээ 30-40 хүн гадагш явдаг байсан. Гадаадад элэг шилжүүлэн суулгуулсан 150 гаруй хүн манай багт хяналтад ордог. Мөн манай багийн өөрсдийн элэг шилжүүлэн суулгасан, нэлээн эрт элгээ солиулсан гээд нийт 300 гаруй хүн хяналтад байдаг. Гэхдээ хэцүү ш дээ. Бид хагалгаагаа хийнэ, өвчтөнөө үзнэ.

Нэгэнт энэ байгууллагаас цалинжиж байгаа учир эндхийн ажлаа хийх ёстой, бидний ажлыг орлох хүн байхгүй шүү дээ. Хажуугаар нь 300 гаруй хүнээ хянана. Тэр улсууд маань ханиад хүрсэн ч, гэдэс нь эвгүйрхсэн ч бидэнд л хандана. Шөнийн 2 цагт, үүрийн 4 цагт ч утсаар ярина, дуудна. Цэргийн албанд манаанд байгаа юм шиг л байж энэ хүмүүсээ эсэн мэнд байлгаж, шаардлагатай үед нь яаралтай арга хэмжээ авахгүй бол болохгүй.

А.ЦОГЦЭЦЭГ, Д.САРАНГЭРЭЛ САЙДДАА, УИХ-ЫН ГИШҮҮДЭД БАЯРЛАЛАА ГЭЖ ХЭЛМЭЭР БАЙНА

-Өртөг мөнгөний хувьд ямар үнээр хийж байгаа вэ?

-Санхүү үнэ өртгийн хувьд хэцүү л дээ. Анх 2011 онд элэг шилжүүлэн суулгах хагалгаа 60 сая төгрөгийн үнэтэй байсан. Гэхдээ эхний хүнд ердөө 10 сая төгрөгөөр хийсэн. Энэ нь долларын өртгийн өсөлттэй холбоотойгоор бидний хэрэглэж буй материалууд доллараар үнэлэгддэг жинхэнэ оригнал гэж нэрлэгддэг зүйл хэрэглэдэг учраас их үнэтэй. Долларын үнэ өсөх тусам хагалгааны үнэ өсдөг.

2014 онд үүнийг 85 сая төгрөг болгож өсгөж өгсөн. Гэхдээ энэ нь хүрэхгүй, хязгаарлагдмал. Үүнээс илүү үнээр хийнэ гэхээр Монголын минь ард түмний чадамж хэр билээ. Тэгэхдээ 85 сая төгрөг гэдэг 30 гаруй мянган ам.доллар шүү дээ. Энэ мөнгөөр элэг шилжүүлдэг, тэр тусмаа вирүсыг нь устгадаг эмтэй нь хамт шилжүүлдэг улс орон Монголоос өөр хаана ч байхгүй.

Тиймээс 2015 оны сүүлч 2016 оноос эхлэн мэс заслын зарим өртөг өндөртэй багаж тоног төхөөрөмжийг даатгалаас санхүүжүүлэх шийд гарч, элэг шилжүүлэн суулгахад хэрэглэж буй 10-аад сая төгрөгийн 5-6 багажийг даатгалд оруулж өгсөн. Бид үүнийгээ буцаагаад улсууддаа өгч чаддаггүй. Яагаад гэвэл мөнгө нь хүрдэггүй учир 85 сая төгрөг дээрээ нэмээд 100 сая орчим төгрөгт багтаан хагалгаагаа чадан ядан хийгээд гал алдахгүй зогсоохгүй яваад байсан.

Харин хамгийн сайхан шийд гарсан зүйл гэвэл 2016 оны сүүл 2017 оны эхээр ЭМД-аас тодорхой хувийг санхүүжүүлэх шийд гаргаад, 2016 оны төсвийн тодотголд 700 сая төгрөг, 2018 оны төсөвт 2.4 тэрбум төгрөг эрхтэн шилжүүлэх суулгахад төсөвлөөд оруулж өгсөн. Эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаанд бөөр, ясны чөмөг, элэг шилжүүлэн суулгах мэс засал багтана. Энэ бол Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг сайдын үед хийгдсэн. Үүнийг үргэлжлүүлээд Д.Сарангэрэл сайд батлуулчихлаа. Энэ бол бидэнд өгсөн хамгийн том бэлэг. Юунаас ч илүү том бэлэг.

Яагаад вэ гэхээр бид өвчтөнөө ядуурч, хэцүү байдалд орохыг харах үнэхээр хэцүү байдаг. 85 сая төгрөг төлөөд хагалгаанд орж буй зөвхөн тэр хүн биш ах дүү, хамаатан саднаараа ядуурдаг. Хүний амины төлөө учраас бүх орон байр, унаа машинаа барьцаалж, зарж үрээд хагалгаанд ордог. Одоо энэ байдал бол гайгүй, хүн зөвхөн 15 сая төгрөг өөрөөсөө төлнө. Энэ бол ард түмнийхээ эрүүл мэндийн төлөө авсан маш арга хэмжээ байсан.

Тиймээс би А.Цогцэцэг, Д.Сарангэрэл сайддаа, энийг баталж өгсөн УИХ-ын гишүүдэд баярлалаа гэж хэлмээр байна. Баярлалаа гэдэг үг ч багадна. Бидэнд энэ мөнгө ирэхгүй л дээ. Гэхдээ бидний хийж буй ажлыг дэмжиж байгаа асар том дэмжлэг. Мөн элэг муутай, ядарсан зүдэрсэн олон хүнийг аврах авралын гарц нь болж байна. Одоо бид энэ ондоо багтаагаад 4 хүнд элэг шилжүүлэн суулгана. Төсвийн тодотголыг хүлээгээд цаг жаахан давчуу болчихлоо. Харин 2018 онд бид 25 хүнд элэг шилжүүлэн суулгахаар төлөвлөсөн байгаа.

ДОНОРЫН ХУУЛЬ БАТЛАГДВАЛ АМЬД ХҮНИЙ ЭЛЭГ ТАЙРЧ ДАВХАР ЗАРДАЛ ГАРДАГГҮЙ БОЛНО

-Элэг шилжүүлэн суулгахад донорын олдоц хэр байдаг вэ?

-Бид дандаа амьд донороос элэг шилжүүлэн суулгаж байгаа. Нэг л тохиолдолд цогцосны донороос элэг шилжүүлэн суулгасан. Цогцосны донор Монголд маш их гардаг. Зам тээврийн осол, зүрхний шигдээс, тархины цус харвалтаар өөд болж байгаа тохиолдлуудад донор болох боломжтой. Гэхдээ харамсалтай нь хүмүүсийн ойлгох ойлгоц тааруу байна. Бид энэ чиглэлд сайн ажиллаж чадаагүйн гай л даа. Яг хүнээ донор болгоод өгчих ар гэр тэр бүр олдохгүй байна. Үүнийг зохион байгуулдаг алба байх ёстой.

Бусад улс оронд дандаа алба зохион байгуулдаг. Тухайлбал, би хүнд элэг солих гэж байж тэнд нас барж байгаа хүний ар гэртэй нь уулзан элгийг нь өгөөч гэж хэлэх эрхгүй. Тэгвэл ашиг сонирхлын зөрчил болно. Өөрөөр хэлбэл тухайн хүн үхээгүй байхад нь би элгийг нь авчих гээд гүйчихэж магадгүй гэдэг. Тиймээс ДЭМБ-аас хуулиар хориглосон байдаг. Тухайн багийн гишүүд эрхтэн авах гэж буй ар гэртэй уулзахгүй, ар гэрээс нь эрхтэн гуйхгүй. Үүнийг зохицуулдаг тусгай алба байдаг. Бидний шинэчилсэн Донорын хуулинд энэ албыг байгуулах талаар орсон явж байгаа.

УИХ-аар анхны хэлэлцүүлэг нь өнгөрсөн хавар хийгдсэн. Хоёр дахь хэлэлцүүлэг хэдийд орохыг сайн мэдэхгүй байна. Энэ хууль батлагдвал тархины үхэлтэй донорын асуудал үндсэндээ шийдэгдэнэ. Тэгвэл бид ирэх онд хийх 25 хүндээ заавал эрүүл хүнээс элгийг нь авч, бас нэг хүнд давхар мэс засал хийж, хүнийг зовоож, давхар зардал гаргахгүй. Элэг тайрах хагалгаа гэдэг амаргүй шүү дээ. Тиймээс энэ хуулийг зохицуулах гээд явж байна.

-Гэр бүлийн хоёр буюу эхнэр нь нөхөртөө донор болсон гэсэн. Донорын хуулинд заавал цусан төрлийн улсууд нь донор болно гэж заасан байдаг?

-1990 онд анх Донорын хууль батлагдсан. Тухайн үед зөвхөн цусан төрлөөс нь эрхтэн авна гэж хатуу гэж заасан. Тухайлбал, надад төрсөн ах дүү маань элгээ өгнө үү гэхээс биш эхнэр нөхөр нь, эсвэл эхнэрийн хамаатан садан нь элгээ өгөх боломжгүй байсан. Үүнийг 2012 онд ах дүү, төрөл төрөгсөд, хамаатан садан, олон жилийн хамтын ажиллагаатай найз нөхөд гээд өөрчилсөн.

Үүний ачаар өнгөрсөн хавар манай нэг реципентэд нөхөр нь элгээ өгсөн. Одоо хоёулаа эсэн мэнд сайхан, элэг бүтэн амьдраад явж байна. Энэ бол сайхан жишээ л дээ. Шинээр батлуулах гэж буй Донорын хуулинд тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлж авах албаны зохицуулалтыг хийж өгөх талаар бүтэн шинэ бүлэг оруулсан. Энэ бүлэг батлагдвал асуудал харьцангуй эерэгээр шийдэгдэнэ.

 36 ЖИЛИЙН ХУГАЦААНД 6000 ГАРУЙ МЭС ЗАСАЛ ХИЙЖЭЭ

-Та анх ээжийгээ эмчлэхээр эмч болсон гэсэн. Энэ хүсэл мөрөөдлийнхөө ач буянаар хугацаанд хичнээн хүнд хагалгаа хийж амьдрал бэлэглэв?

-Би багш хүн учраас хичээлээ заана, өдөр бүр хагалгаанд ороод зогсоод байж чаддаггүй. Гэхдээ энэ 36 жилийн хугацаанд 6000 гаруй мэс засал хийжээ. Тэр дундаа 1998 оноос хойш ходоодны мэс заслыг түлхүү хийсэн. Ходоодны мэс заслын үр дүнгээр шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. 1998 онд миний багш, академич Б.Гоош намайг “Ходоодны мэс заслын хүндрэл их байна. Солонгост очоод 6 сарын хугацаанд ходоод тайрах мэс заслыг сайн сураад ир” гээд явуулсан.

Тухайн үед ходоодны мэс заслын хүндрэл 15 хувьтай байсан. Тэр үед 100 хүнээс 15 нь эндэж байсан гэсэн утгаараа хүндрэл их байсан. Би ер нь багшийн хувьд их азтай л даа. Солонгост очоод нэг хүн дагалдсан чинь Солонгосын номер нэг ходоодны мэс засалч эмч байсан. Багш маань надад 14 хоног хагалгаа харуулаад багтаа авсан. Тэгээд багштайгаа хамтарч 100 гаруй хагалгааг Солонгост хийсэн.

Тэд нар дамжлагаар ажилладаг. Хоёр нь эхлээд хэвлийгээ нээж байхад нөгөө хоёр нь орж ирээд дөрвүүлээ нийлж, ходоодоо тайраад сүүлд орж ирсэн хоёр нь гараад дараагийнхаа хүний хэвлийг нээх бэлтгэлээ хангаад явчихдаг. Өдөртөө 4-5 хүнд ходоодны хагалгаа хийдэг багт жинхэнэ гишүүнээр нь ороод 6 сар ажилласан. Тэгээд ирээд ходоодны хагалгаа хийж эхлээд нийтдээ 590 гаруй хүнд хагалгаа хийсэн байдаг юм.

Миний хагалгаа хийсэн 590 гаруй хүнээс хоёр л хүн хүндэрч нас барсан, бусад нь бүгд эдгэрсэн. Тэгэхээр багш маань энэ хагалгааг сайн зааж өгч дээ гэж боддог. Хэцүү ш дээ анх ирээд хагалгаа хийж байхад. Гоош багш маань миний анхны таван хагалгаанд надтай хамт орж тусалсан. Тэгээд таван хагалгаа амжилттай болсны дараа “За одоо миний охин бие даан хийх боломжтой болжээ. Үргэлжлүүлээд хий дээ” гээд эрх өгсөн.

Тэгэхээр би одоо олон сайхан багш нартаа мөргөж явахаас өөр арга байхгүй. Ли профессор маань элэг шилжүүлэн суулгах нарийн арга технологийг зааж өглөө. Энэ хүн надад маш нарийн техноолгийг зааж сургаж, бидний бүх зардлыг дааж, “Асан” төвтэйгээ холбож өглөө. “Асан” төв одоо ч бидний бүх зардлыг даасан хэвээр байна, тэнд очиход гэртээ очсон юм шиг л болдог. Асаны элэг шилжүүлэн суулгах багийнхан бүгдээрээ биднийг хараад л инээд алдаад л уулзана.

Тэд бидэнтэй Монголд байхдаа хамтраад ажиллаад сурчихсан учраас аль болох л туслах гээд хичээнэ. “Асан” төвд гадаадын маш олон орны хүмүүс ирж суралцдаг. Америк, Англи, Герман, Францын гээд л 20-30 хүн суралцаад байж байна. Эдгээр улсууд бүгд амьд донороос элэг шилжүүлэн суулгадаг аргаас суралдцаг. Бид нар харин тэр аргыг эхлээд сурчихсан. Европт дандаа цогцосны донороос элэг шилжүүлэх хагалгаа хийдэг. Цогцосны донороос хагалгаа хийхэд амьд донорт хагалгаа хийхээс амархан. Гэтэл бид хүндээс нь эхлээд суралцчихсан учраас цогцосны донороос элэг шилжүүлэхэд асуудалгүй.

-Олон хүнд ач тустай, том ажлыг хийгээд явахад ар гэрийн амьдрал орхигддог байх. Түүнийгээ яаж зохицуулж байна. Хэдэн хүүхэдтэй вэ. Таны мэргэжлийг өвлөсөн үү?

-Ер нь хүний амьдралд хань ижил, ар гэр гэдэг бол ялангуяа эмэгтэй мэс засалч хүн цаашаа хөгжиж чадах уу, үгүй юү гэдгийг шийддэг маш чухал асуудал. Тийм болохоор би эмэгтэй мэс засалч болох гэж буй охиддоо “Ханиа сайн сонгоорой” гэж хэлдэг. Яагаад гэвэл харддаг ч юм уу янз бүрийн байдлаар хэцүү асуудал үүсдэг. Хэцүү ханьтай учирчихвал энэ ажил руугаа төвлөрч ажиллаж чадахаа болино. Яг үнэнийг хэлэхэд би өөрийнхөө амьдралыг энэ мэс заслын төлөө өгсөн ч гэж хэлэхэд болох байхдаа.

Би нэг хүүтэй. Хүүгээ эмч болгох санаатай хүсэлт тавьсан боловч хүү маань “Ээж, би өөрийн сонирхсон сонирхолоороо явна. Би компьютерийн програмчлал, программ хамгааллаар явна” гээд Бээжингийн шинжлэх ухаан технологийн их сургуулийг банкны компьютер хамгааллын чиглэлээр төгссөн. Одоо Монголбанкинд ажиллаж байна. Өвлөж авсан хүн гэвэл миний дүүгийн хүү дотрын эмч, мөн ахын маань хүүхэд миний шавь болж үений мэс засалч чиглэлээр суралцсан. Эд нар маань голомтыг минь таслахгүй аваад явах боломжтой улсууд байгаа юм.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР ЗАХ ЗЭЭЛД ОРООГҮЙ УЧРААС ЭРҮҮЛ МЭНД НЬ ҮНЭГҮЙ БОЛЧИХСОН

-Шавь нарынхаа талаар яриач. Хичнээн шавьтай вэ?

-АШУҮИС-д 36 жил ажиллаж байгаа учир манай сургуулийг төгссөн оюутнуудын ихэнхэд нь хичээл заасан, лекц уншсан. Тэр тусмаа сүүлийн хэдэн жил 6 дугаар курсын оюутнуудад мэс заслын лекц уншиж байна. Төгссөн бүх хүүхэд надаас лекц сонссон гэж болно. Яг гарын шавь мэдээж байлгүй яахав. Монголын бүх мэс засалчид намайг Сэргэлэн багшаа гэж дууддаг. Энэ их сайхан. Улаанбаатар хотын эмнэлэг, Монголын 21 аймаг, сум хаана ч очсон мэс засалчид нь шавь нар маань байдаг. Тэгэхээр шавь нараараа бахархаж явдаг.

-Монголд цаашид эрхтэн суулгах өөр ямар мэс заслыг нутагшуулахаар төлөвлөөд байна вэ?

-Тархины үхэлтэй донорын асуудал шийдэгдвэл цаашид зүрх, нойр булчирхай, уушги гээд эрхтэн шилжүүлэн суулгах боломжтой. Түүнийг л шийдэх хэрэгтэй байна.

 -Хагалгаа гэдэг бол үнэндээ тухайн хүний эрүүл мэнддээ анхаарал тавиагүйн хамгийн эцсийн аврал байдаг шүү дээ. Тиймээс хүмүүст хандаж эрүүл мэндээ хамгаалах тал дээр зөвөлгөө өгөөч?

-Хөгжилтэй орнуудад зургаан сарын хяналтын систем гэж байдаг. Энэ маш чухал. Хүн бүр 6 сар болоод шинжилгээ өгдөг, өрхийн эмчдээ үзүүлдэг. Яагаад гэвэл тэр орнуудад зах зээл хөгжсөн. Хэрэв элэг шилжүүлэн суулгах юмуу эсвэл том хагалгаа хийлгэвэл тухайн хүнээс өөрөөс нь маш их зардал гарна. Тиймээс тэр зардлыг хэмнэхийн тулд тухайн хүн өвдөхгүй байх ёстой. Манай улсын эрүүл мэндийн салбар үнэнийг хэлэхэд зах зээлд ороогүй учраас эрүүл мэнд нь үнэгүй болчихсон. Хүмүүс нь өвдөнө үү байна уу хамаагүй, өвдвөл очоод үнэгүй мэс засал хийлгэчихнэ гэдэг сэтгэхүйтэй болчихсон. Бусад орон өндөр технологио илүү харж үзээд улсаас мөнгө гаргадаг. Бусад мэс ажилбарууд бүгд төлбөртэй. Үүнийг манайх ч гэсэн бодолцох хэрэгтэй.

 

ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ НЬ 100 ХУВЬ ЭРҮҮЛ БОЛГОДОГТ ОРШДОГ

-Монголд элэг шилжүүлэн суулгах хагалгаа хамгийн хямд байгаа гэсэн. Ер нь дэлхийн бусад орнуудад энэ хагалгааг ямар үнээр хийдэг юм бол?

-Орон оронд өөр. АНУ-д ойролцоогоор 300 мянган ам.доллар, Европын орнуудад 250-300 мянган евро, БНСУ-д 150-250 мянган доллар. Энэтхэг улсад хамгийн хямд. Яагаад гэвэл Энэтхэгт вирусын эсрэг эмчилгээг хийлгүйгээр элгийг нь сольж өгөөд явуулдаг. Вирүсын эсрэг эмчилгээ нь хамгийн өндөр өртөгтэй. Хагалгааны ширээн дээрээс эхлээд вирүсын эсрэг эмчилгээг хийдэг номтой. Даанч тэрийг нь хийлгүйгээр явуулчихдаг. Хагалгааны дараах өртөг гэж байна.

Хагалгааны дараа эхний гурван сар зайлшгүй вирүсын эсрэг эмчилгээг хийнэ. Энэ нь нэг сая гаруй төгрөг болно. Дээрээс нь сар болгон шинжилгээнүүдээ хийлгэнэ, эмээ авна гэх мэтээр зардал гарна. Ер нь жил ирэх тусам элэг шилжүүлэн суулгасан хүний зардал багасаад явдаг. Сүүлдээ улсаас өгч байгаа үнэгүй эмээ өдөрт нэг ширхэгийг ууж явсаар эрүүл болдог. Эрхтэн шилжүүлэн суулгахын хамгийн сайхан нь хүнийг үлгэн салган сэхээдэггүй, 100 хувь эрүүл болгодогт оршдог юм даа.

 -Цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа.Таны ач буяныг Монголын ард түмэн төдийгүй дэлхий мэддэг боллоо. Монголын хүүхэд багачуудын эрүүл мэндийн төлөө хийсэн бүхэнд тань талархаж явья. Та бүхэнд ч гэсэн амжилт хүсэн ерөөе.

 Ийнхүү бидний ярилцлага өндөрлөсөн юм. Учир нь Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Мэс заслын тасгийн хамт олон баяр хүргэхээр ирээд байлаа. О.Сэргэлэн профессор “Хүүхдийн хагалгаанд хамтран орж байсан шавь нар маань. Бид гурван ч хүүхдэд элэг шилжүүлэх хагалгаа хийсэн. Донор нь мэдээж ээжүүд нь. Хүүхэд хэцүү л дээ. Том хүний сувилагч нар хүүхдийн судас олохоос авахуулаад ажиллагаа ихтэй. Тэр болгоныг манай ЭХЭМҮТ-ийн Мэс заслын тасгийнхан маань чухал үүрэгтэй ажилладаг.

Хагалгаагаа хамтарч хийгээд мэс заслын дараа хяналтандаа хамт ажиллаад явчихдаг том баг байгаа юм. Бид ажлаа л хийгээд явдаг болохоос хүний амь нас аварчихлаа гээд сурталчилаад яваад байдаггүй. Яахав элэг гэдгээр нь л Монголчууд илүү сайн мэддэг болж байгаа болов уу. Тэрнээс биш бусад талаар биднийг нэг их таниад байдаггүй дээ” гэсэн юм.

Ирсэн зочид “Дэлхийн шилдэг мэс засалч болсонд манай хамт олны зүгээс халуун баярыг хүргэж байна. Энэ үйл хэргээрээ та Монгол Улсын нэр хүндийг, Монголын анагаах ухааны нэр хүндийг цаашилбал мэс засалч бидний нэр хүндийг өндөрт өргөлөө гэж бодож байна. Таны цаашдын амьдралд нь аз жаргал, ажилд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе” хэмээн О.Сэргэлэн профессорт баглаа цэцгээ бэлэглэсэн билээ.

Ярилцсан П.Нарандэлгэр

Эх сурвалж: Zaluu.com

← Бүх мэдээ