Мэдээ мэдээлэл
ОДОН ОРОН, ГЕОФИЗИКИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” БОЛОВ
Дэлхийн шинжлэх ухааны өдөр болон Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнд энэ оны 11 дүгээр сарын 14-ны өдөр
судлаачдын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг олон нийтэд таниулах, түгээн дэлгэрүүлэх хүрээнд “Нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулав.
Нээлттэй хаалганы өдөрлөгийг нээж Монгол улс, ЗХУ-ын баатар, Сансрын нисэгч Ж.Гүррагчаа, ООГХ-ийн захирал С.Дэмбэрэл нар үг хэлэв.
Нээлттэй хаалганы өдөрлөгт оролцсоноор “Сансар” танхимд орчлон ертөнцийн үүсэл, манай галактик ба гадаад галактикууд, нар ба нарны аймгууд, дэлхийн сансар судлалын түүх, ололт амжилт, сансрын хөлөг, пуужинг хэрхэн зохион бүтээсэн түүх, пуужингийн загварууд байхаас гадна Монгол хүн анх сансарт ниссэн түүхэн үеийн баримт материалууд, мөн Монгол Улс, ЗХУ-ын баатар, Монгол Улсын сансрын нисэгч Ж.Гүррагчаагийн хөлөглөн сансарт хүрсэн “Союз-39” хөлгийн буугч аппарат, бэлтгэл хийж байхдаа өмсөж байсан хувцас хэрэглэлүүдтэй таницах боломжтой. “Нар, сар, кино” танхимд эрдэм шинжилгээний ажилтнуудын бэлтгэсэн орчлон ертөнцийн үүсэл хөгжлийн тухай шинжлэх ухааны сонирхолтой цуврал лекц, баримтат киног үзүүлж мэдлэг олгодог юм. “Од эрхэс” танхимд Японы эрдэмтэн Сакай Ёшихитогийн бэлэглэсэн “Минолта MS-8” планетарийн тусгай багаж, тоног төхөөрөмжийн тусламжтайгаар хагас бөмбөрцгөн дэлгэц дээр одот тэнгэрээр аялан одод ба оддын ордууд, сүүн зам бусад тэнгэрийн эрхсүүдийн дүрс, тэдгээрийн гэрэлтэлт, одот тэнгэрийн хоногийн эргэлт, дэлхий яагаад өдөр шөнө солигддог тухай, нарны аймгийн бусад гаригууд, сүүлт од, бага гаригуудын тухай мэдлэгийг олж авна. Планетари нь дэлхийн аль ч цэгээс өнгөрсөн, одоо, ирээдүй аль ч хугацаанд тэнгэрт харагдах оддын байрлалын мэдлэгийг олж авах юм.
Тус өдөрлөгт ХСИС, МУИС, ШУТИС-МехТС, Улаанбаатар Их Сургуулийн оюутнууд оролцож, үйл ажиллагаатай танилцав.
Одон орон, геофизикийн хүрээлэн нь хүүхэд, залуучуудад, одон орон, сансар судлалын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, сансар судлал, одон орны шинжлэх ухааныг нийтэд таниулах ялангуяа хүүхэд залуучуудад танин мэдүүлэх, орчлон ертөнц, од гаригийн талаар мэдлэгийг өргөжүүлэх, шинжлэх ухаанч хүмүүжлийг олгох зорилгоор үйл ажиллагаа явуулдаг юм.