Үндсэн агуулга руу

Гишүүд

СЭРЭЭТЭР (1924-)

СЭРЭЭТЭР (1924-)


АКАДЕМИЧ ЧИМИДИЙН СЭРЭЭТЭР

(1924-)

Эдийн засагч

1924 онд Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Ханзатын цагаан нуур хэмээх газар төрсөн.

1951 онд Монгол Улсын Их сургуулийг төгсжээ. 1957 онд “БНМАУ-ын Аж ахуйн социалист өмч үүсэн хөгжсөн нь” сэдвээр доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалсан. 1961 онд Монгол Улсын Шинжлэх Ухаан Академийн сурвалжлагч гишүүнээр сонгогдож, 1991 онд академич хэргэм хүртжээ.

1947 онд Ардын цэргийн 9-р морин хороонд цэрэг, 1951-1953 онд Монгол Улсын Их Сургуулийн багш, 1957-1958 онд Шинжлэх ухаан, дээд боловсролын хүрээлэнгийн 1-р орлогч дарга, 1958-1959 онд МАХН-ын ТХ-ны Хөдөө аж ахуйн, мөн Аж үйлдвэр ба худалдааны хэлтсийн дарга, 1959-1960 онд Шинжлэх ухаан, дээд боловсролын хүрээлэнгийн орлогч дарга, 1960-1961 онд Эдийн засгийн дээд сургуулийн захирал, 1961-1974 онд ШУА-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, 1974-1982 онд МАХН-ын ТХ-ны Шинжлэх ухаан, боловсрол, эрүүлийг хамгаалах хэлтсийн эрхлэгч, 1982-1985 онд Ардын Боловсролын Яамны сайд, 1985-1988 онд Дээд, тусгай дунд боловсролын улсын хорооны дарга, 1988-1990 онд БНМАУ-аас БНПАУ-д суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар ажиллаж байв.

1961-1964 онд ШУА-ийн Намын хорооны дарга, 1966-1976 онд МАХН-ын Төв хорооны орлогч гишүүн, 1976-1990 онд МАХН-ын Төв хорооны гишүүн, 1977-1990 онд АИХ-ыг сонгох 9,10,11 дэх удаагийн сонгуулиар АИХ-ын депутат, 1959-1962, 1966-1982 онд МҮЭ-ийн Бүгд хурлын гишүүн, 1966-1977 онд МҮЭ-ийн Төв Зөвлөлийн тэргүүлэгч гишүүн, 1965-1987 онд МЭДН-ийн Бүгд хурлын гишүүн, 1963-1977 онд МЭДН-ийн дарга, 1960-1975 Монгол, Чехословакийн найрамдлын нийгэмлэгийн дарга, 1982-1986 онд Монгол, Кубын найрамдлын нийгэмлэгийн даргын сонгуульт ажил үүргийг гүйцэтгэж байжээ.

1971 онд Алтан гадас одон, 1974, 1984 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 2005 онд Сүхбаатарын одон, 1961-2001 онд Ардын хувьсгалын 40,50,60,70,80 жилийн ойн медалиуд, 2000 онд МАХН-ны “Ахмад зүтгэлтэн” тэмдэг, 1984 онд Ардын боловсролын тэргүүний ажилтан, 1984 онд МҮЭ-ийн тэргүүний ажилтан, 1984 онд МХЗЭ-ийн тэргүүний ажилтан, 2005 онд  Шинжлэх ухааны тэргүүний ажилтан, 2008 онд Багшийн гавьяа одонгоор шагнуулжээ.

Монгол Улсын ШУА-ийг үүсгэн зохион байгуулахаас эхлээд түүний төлөвшил, хөгжлийг хангах үйл хэрэгт үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан юм. БНМАУ-д Шинжлэх Ухааны Академи үүсгэн байгуулах зохион байгуулалтын бэлтгэл ажлыг хариуцаж, ШУА-ийн бүтэц зохион байгуулалтын төсөл, эрдэм шинжилгээний ажлын анхны 5 жилийн төлөвлөгөөг боловсруулалцаж, улмаар 1961 оноос шинэ тутам байгуулагдсан академийн хүрээлэнгүүдийг боловсон хүчин, материаллаг баазаар  бэхжүүлэх, удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, шинжлэх ухаан, сургалт-үйлдвэрлэлийн уялдаа холбоог хангах, сайжруулах эрдэм шинжилгээ, судалгааны  ажлыг нь аргазүйн удирдлагаар хангах зэрэг үйл хэрэгт хүч тавин анхаарч ажиллажээ.

  • Жинхэнэ гишүүн
  • Эдийн засгийн шинжлэх ухаан

← Бүх мэдээ