Мэдээ мэдээлэл
"ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИ-2017" ЭКСПО ҮЗЭСГЭЛЭНД УРЬЖ БАЙНА
Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 163 тоот тогтоолын дагуу жил бүр 11 дүгээр сарын сүүлийн 7 хоногт “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Монгол улсад орчин үеийн шинжлэх ухааны байгууллага үүсч хөгжсөний 96 жил, Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Шинжлэх ухааны академи, Шинжлэх ухаан технологийн сан, хамтран шинжлэх ухааны ажилтны баярын хурал, хүндэтгэлийн концерт “Шинжлэх ухаан, технологи, инноваци - 2017” бүтээлийн үзэсгэлэнг энэ оны 11 дүгээр сарын 22- 24-ны өдрүүдэд тус тус зохион байгуулах гэж байна.
Энэхүү арга хэмжээ нь шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх, салбарынхаа чиг хандлага, үйл ажиллагааны төгөлдөржилтийг хангах асуудлаар санал бодлоо илэрхийлж, шинжлэх ухааны салбарын дэвшил, эрдэмтэн судлаачдын гаргасан шинэ нээлт, ололт амжилтыг нэгтгэн дүгнэх, салбарын залуу судлаачдын авъяасыг хөхиүлэн дэмжих, шинжлэх ухааны ололт, үр дүн, шинэ технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, оюуны бүтээлийг эдийн засгийн эргэлтэнд оруулах, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ бий болгох, төр-эрдэм шинжилгээний байгууллага, хувийн хэвшлийн хоорондын уялдаа холбоог өргөтгөх зорилготой юм.Үзэсгэлэнд эрдэм шинжилгээний байгууллагууд, улсын их, дээд сургуулиуд, гарааны компани, төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшил, бизнесийн төлөөлөл зэрэг 60 гаруй байгууллага оролцох юм.
ХХI зуун хүн төрөлхтний хөгжил дэвшилд зарчмын ихээхэн өөрчлөлт гарч шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх, түүний үр шимийг хүртэх чадавхийг хэрхэн бий болгосноос хамаарч байна. Үүнтэй уялдуулан 13 дахь удаагийн арга хэмжээнд Монголын эрдэмтэн судлаачдын онолын болон хэрэглээний судалгаа, шинжилгээний ажлын үр дүн, шинэ технологи, инновацийн бүтээгдэхүүнүүдийг олон нийтэд хүргэж, түгээн дэлгэрүүлэн сурталчилах юм.
Үзэсгэлэнд ном, товхимол, урьдчилан сэргийлэх эм бэлдмэл, вакцин, оношлуур, биологийн идэвхит бүтээгдэхүүн, шинэ эм бэлдмэл, малын эм бэлдмэл, вакцин, оношлуур, тэжээлийн ургамал, шинэ сорт, үр тариа, төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, ургамал хамгаалал, пестицид, бордоо, эрчимжсэн мал аж ахуй бэлчээр, тэжээл, мал амьтны гаралтай хүнсний үйлдвэрлэл, ХАА-н техникийн үйлдвэрлэл, барилгын материал, био халаагуур, сэргээгдэх, эрчим хүч, уул уурхайн нөхөн сэргээлтийн технологи, загвар, байгаль орчинд халгүй технологи, ноос, ноолуур, арьс шир, ширэн бүтээгдэхүүн, шинэ материал, үнэт метал, газрын ховор элемент, мэдээллийн технологийн чиглэлийн 200 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн, технологи, загвар дэлгэн тавигдах юм.
Зохион байгуулагчид:
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яам
Шинжлэх Ухааны Академи
Шинжлэх Ухаан, Технологийн Сан