Мэдээ мэдээлэл
“Шинжлэх ухаан, технологийн салбарт хөрөнгө оруулалт хийх боломж” 7 хоногийн арга хэмжээ эхэллээ
Нээлтийн арга хэмжээний үндсэн илтгэл болох “Шинжлэх ухаан, технологийн салбарт хөрөнгө оруулалт татах боломж” сэдэвт илтгэлийг ШУА-ийн Ерөнхийлөгч, академич С.Дэмбэрэл хөрөнгө оруулагчдад танилцууллаа.
Нээлтийн арга хэмжээний хүрээнд үндэсний судалгаа, хөгжүүлэлтийн зарим төслийн саналыг танилцуулж, эрдэм шинжилгээний байгууллагуудын судалгаа, инновацsн шийдлүүдийг олон нийтэд хүргэлээ. Тухайлбал: Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, доктор Б.Батцэцэг “Малын эрүүл мэндийн бүтээгдэхүүний дэвшилтэт технологийн үйлдвэрлэл”, ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн, доктор Б.Алтансүх “Дулааны цахилгаан станцын хаягдал үнсийг дахин боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх ногоон технологи”, ШУА-ийн Эрдэм шинжилгээ, судалгаа хөгжүүлэлтийн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн доктор Ө.Болортуяа “Экспортод чиглэсэн био-эдийн засгийн тогтвортой хөгжлийг үндэслэх нь: чихэр өвс” төслийн саналыг танилцуулав.
Мөн арга хэмжээний үеэр шинжлэх ухаан, технологийн салбарын үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой, хэрэгжүүлэхэд бэлэн төслүүдийн танилцуулга хийгдэв. Үүнд:
- ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн захирал Д.Гантулга, “Арьс ширний үйлдвэрлэлд ашиглах боломжтой ферментийн идэвхтэй бактерийн бэлдмэл”
- Ургамал, газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Н.Баярсүх,“Төмсний нутагшсан болон ирээдүйтэй сортуудын үр үржүүлэг”
- ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн захирал Л.Жаргалсайхан “Уурагт бүтээгдэхүүн үйлдвэрлэх жишиг үйлдвэр”
- Анагаах ухааны хүрээлэнгийн АУ-ны доктор, профессор Л.Тулгаа “Түргэвчилсэн оношлуурын прототип бүтээгдэхүүн гарган авах”
- Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн доктор С.Ариунаа “Б-СУБТИЛ-99” биобэлдмэл
- Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Б.Батцэцэг “Малын эрүүл мэндийн бүтээгдэхүүний дэвшилтэт технологийн үйлдвэрлэл”
Мөн түүнчлэн уг арга хэмжээнд хувийн хэвшлийн төлөөлөл болох “Гарааны Био Ундарга” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Удвал “Шинжлэх ухаанд суурилсан инновацын бүтээгдэхүүн” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, шинжлэх ухаан–бизнесийн уялдаа холбооны бодит жишээг танилцууллаа. Энэхүү арга хэмжээ энэ 7 хоногийн турш үргэлжлэх юм.