Үндсэн агуулга руу

Мэдээлэл

Шинжлэх Ухааны Хүрээлэнг Шинжлэх ухаан, Дээд боловсролын хүрээлэн болгон өргөтгөн байгуулжээ.

6 дугаар сарын 5-ны өдөр МАХН-ын Төв Хороо, СнЗ, ШУХ-г Шинжлэх ухаан, Дээд боловсролын хүрээлэн болгон өргөтгөн байгуулжээ. ШУДБХ-нд  бүх их, дээд сургууль хамаарагдаж байснаас гадна байгалийн нийгмийн шинжлэх ухааны секторууд шинээр байгуулагджээ. 

Намын Төв Хороо, Сайд нарын Зөвлөлийн 1957 оны 2 дугаар сарын хамтарсан хурлаар тус орны шинжлэх ухааныг хөгжүүлэх 3 жилийн (1958-1960) төлөвлөгөө баталжээ. Уг төлөвлөгөө ёсоор 3 жилд мал аж ахуй, мал эмнэлэг, газар тариалан, анагаах ухаан, геологи, хими, биологи, газар зүй, газар хөдлөл, цэвдэг судлал, эдийн засаг, түүх, археологи, хэл бичиг, утга зохиолын салбарын 44 шийдвэрлэх асуудалд хамаарагдах 200 гаруй сэдэвт ажлыг судлан боловсруулна гэж заажээ. 

Тус онд нутагшсан алимны анхны ургацыг хүлээн авсан байна. Мөн зэрлэг жимсгэнэ тарималжуулах судалгаа хийжээ. 

Зарим нутаг дэвсгэрийн геологийн зүй тогтоцыг судлах ашигт малтмалын эрэл хайгуулын шинжилгээ хийж, нөөцийг илрүүлэхэд чиглэгдэх судалгаа хийв. Газар зүйн талаар Монгол орны байгалийн мужуудын газар зүйн элементүүдийг судлан шинжилж, зарим аймаг районы эдийн засгийн газар зүйг нарийвчлан судалсан байна. 

Тус орны газар хөдлөлтийн хүчийг нарийвчилсан ажиллагаатай багаж техникээр шинжлэх болж, газар хөдлөлтийг ажиглан судлах эрдэм шинжилгээний анхны станцыг  7 дугаар сард Улаанбаатар хотноо байгуулжээ. Мөн оны 12 дугаар сарын 14-нд Говь-Алтайн гурван Богд ууланд 11,5 баллын хүчтэй газар хөдлөлт болж 850-аад км урт хагарал, ан цав үүсгэсэн юм. ШУДБХ-ээс энэхүү хүчтэй газар хөдлөлийн голомт дахь ул мөр геофизикийн үзэгдлийг нарийвчлан ажиглаж шинжлэх хээрийн шинжилгээний ангийг 3 удаа зохион байгуулж, шинжилгээний ажлыг Эрхүү хотын газар хөдлөлийг судлах төвийг өндөр мэргэжлийн эрдэмтэдтэй хамтран явуулжээ.

  • Он дарааллын хэлхээ

← Бүх мэдээ