Мэдээ мэдээлэл
ШУА-ИЙН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРАЛ ХУРАЛДЛАА
ШУА-ийн тэргүүлэгчдийн ээлжит хурал өнөөпөр боллоо. Энэ удаа ШУА-ийн ээлжит Их чуулганы хэлэлцэх асуудал, товыг тогтоох, ШУА-ийн хүрээлэнгүүдийн чадавхийг сайжруулах төслийн саналыг хэлэлцэх, ШУА-ийн шилдэг судлаач, шилдэг залуу судлаачийг шалгаруулах асуудлыг хэлэлцсэн юм.
Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцээд ШУА-ийн ээлжит Их чуулганыг 12-р сарын 19-ний өдөр хуралдуулах тов тогтжээ. Их чуулганаар Монгол улсын Тогтвортой хөгжилд шинжлэх ухааны гүйцэтгэх үүрэг: Шинэ хандлага, шинэ боломж сэдвийн хүрээнд академичид хэлэлцэх юм байна.
Улмаар ШУА-ийн хүрээлэнгүүдийн лабораторийн чадавхи сайжруулах ажлын саналыг дэмжиж, ШУА-ийн Физик технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Г.Сэвжидсүрэнг ШУА-ийн 2019 оны Шилдэг судлаачаар, ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний дэд ажилтан Ц.Золзаяаг ШУА-ийн 2019 оны Шилдэг залуу судлаачаар тус тус шалгаруулж, шагналыг олгохоор шийдвэрлэжээ.