Үндсэн агуулга руу

Мэдээ мэдээлэл

Т.ДОРЖ: БИД ТӨМӨР ЗАМ ЧУХАЛ ГЭЖ ЯРИХААС ӨӨР ЮУ Ч ХИЙЖ ЧАДАХГҮЙ БАЙНА

Т.ДОРЖ: БИД ТӨМӨР ЗАМ ЧУХАЛ ГЭЖ ЯРИХААС ӨӨР ЮУ Ч ХИЙЖ ЧАДАХГҮЙ БАЙНА

Өнөөдөр /2017.12.19/ “Монголын төмөр замын эрхзүйн шинэчлэл ба хөгжлийн асуудлууд” эрдэм шинжилгээний хурал боллоо. Хуралд ШУА-ын эрдэмтэн судлаачид, Зам тээвэр хөгжлийн яамны холбогдох мэргэжилтнүүд оролцож, төмөр замын хөгжил, эрхзүйн шинэчлэлийн асуудлаар санал солилцлоо.

         ESA: Одоогоос долоон жилийн өмнө Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулсан. Үүнээс хойш Тавантолгой- Сайншанд чиглэлийн 458 км төмөр зам, Сайншанд-Хөөтийн 433 км төмөр зам, Хөөт-Чойбалсан-Эрээнцав чиглэлийн 365 км төмөр замыг барина хэмээж байв. Өнгөрсөн долоон жилийн хугацаанд Тавантолгой- Сайншанд, Сайншанд-Хөөтийн чиглэлийн төмөр замын ТЭЗҮ-г  боловсруулжээ. Өөрөөр хэлбэл өнөөдөр баригдсан төмөр зам үгүй зөвхөн Техник эдийн засгийн үндэслэл гэсэн цаастай үлджээ.

Улмаар манай улсад төмөр замын мөнгийг идсэн уусан гэх маргаанаас өөр юу ч ирсэнгүй, төмөр замын ачаа тээвэрлэлт нэмэгдсэнгүй. Монголын улс төрчид дорвитой шийдвэр гаргалгүй байтал ОХУ, БНХАУ-тай төмөр замаар холбогдлоо. Гэвч тэр төмөр зам Монголыг тойрон гарчээ. Энэ нь үйл явдал бол Монголын төмөр замд байгаа саад, бэрхшээлийг тодорхойлсон үйл явдал гэж эрдэмтэд үзэж байна.

      Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар гурван улсын эдийн засгийн коридор байгуулах төсөл хэрэгжиж, улмаар төмөр замын ачаа эргэлтийг нэмэгдүүлнэ гэж тооцоолсон ч хоёр хөрш Монголын төмөр замыг тоосонгүй. Тиймээс Монголын төр төмөр замаа хэрхэн сайжруулж, өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлэх вэ? Энэ асуудлаар эрдэмтдийн байр суурийг сонирхлоо.

 ШУА-ын дэд ерөнхийлөгч асан, академич Т.Дорж: Бид хоёр хөршөөсөө хамааралтай нь үнэн. Хөрш орнуудын газар нутгаар дамжин бараа бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд гаргах учраас төмөр замын тухай эрхзүйн орчныг эн түрүүнд өөрчлөх шаардлагатай байна. Хөрөнгө оруулагчид  Монголын төмөр зам баталгаатай юу, ачаа тээвэр найдвартай тээвэрлэж чадах уу гэдэгт анхаарлаа хандуулдаг учраас Монголын Засгийн газар хөрөнгө оруулагчдын итгэлийг олох хэрэгтэй. Ингэхийн тулд одоо байгаа төмөр замаа шинэчлэж, найдвартай болгох ёстой юм.

       








Улаанбаатар Төмөр замын зөвлөх, Монгол Улсын тээврийн зөвлөх инженер Р.Раш: “Дэлхийн төмөр замын хөгжил бол цахилгаан хэлбэрт шилжиж байгаа учраас бид ч түүн рүү тэмүүлэх ёстой. Бид олон улсын төмөр замын тээврийн урсгалыг оруулж ирэхийн тулд одоо байгаа төмөр замаа шинэчлэх шаардлагатай. Болж өгвөл хоёр хөрштэйгөө хамтраад Монголын төмөр замыг цахилгаан болгох тал дээр ажиллаж чадвал аль аль талдаа хожилтой зүйл болох болно” гэв.

ESA: Стратегийн чухал ач холбогдолтой төмөр замын тээврийн асуудлыг хэлэлцэхийн тулд судлаач, эрдэмтдийн санаа бодлыг тусгавал илүү үр дүнд хүрнэ гэж дүгнэж байна. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэр гаргаж байгаагүй учраас бүхий л салбарт бодлогын доголдол үүссэн гэдгийг судлаачид ярьж байлаа. Үүний тод жишээ нь хэдхэн жилийн өмнө Монгол Улстай ижил гараанаас гарсан Казахстан улс Өмнөд Европыг БНХАУ-тай холбох гэж байдаг бүх аргаа хэрэглэж байна. Тэд одоо ачаа тээврийн эргэлтийн хурдыг нэмэгдүүлэх төслийг эхлүүлэн Япон улстай туршлага солилцож, хамтран ажиллахаар болоод байна. Уг нь Монгол Улс транзит орон буюу улс дамнасан тээвэрлэлт хийхэд хамгийн тохиромжтой байрлалтай орон. Хэрвээ манай төмөр зам олон улсын итгэлийг хүлээсэн, найдвартай, түргэн шуурхай байж чадвал Европын бүх улс орнууд Азийн улс орнуудтай шууд харилцаатай болж чадах юм.

      Энэ оны эхний 11 сарын байдлаар төмөр замын тээврээр 20,5 сая тонн ачаа, давхардсан тоогоор 2,4 сая хүн тээвэрлээд байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс буурсан үзүүлэлт бөгөөд сүүлийн жилүүдэд төмөр замын зорчигч урсгал, ачаа тээвэрлэлт буурсаар байна. Гэтэл дотоодын улс төрдөө төмөр замаа хөгжлийн гол салбарын нэгээр тодорхойлсон ч үр дүнгүй байсаар. Одоо төмөр замын өрсөлдөх чадвараа хэрхэн нэмэгдүүлэх вэ?

Энэ тухай Зам тээвэр, хөгжлийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Мэргэнээс тодрууллаа.

ESA: Монголын төмөр замыг олон улс сонирхдог, ашигладаг болгохын тулд манай улсын зүгээс юу хийх шаардлагатай байна вэ?

         - Дэлхий даяар чөлөөт зах зээлийн зарчмаар бүхий л бизнесийг явуулж байна. Манай улсын төмөр замыг сонгох уу, эсвэл манай улсыг тойрсон төмөр замыг сонгох уу гэдэг нь зах зээлийн зарчмаар шийдэгдэж байгаа асуудал. Тиймээс манай улс гадаадын сонирхлыг татахын тулд төмөр замын эрхзүйн орчныг шинэчлэж, тодорхой болгохоос гадна дэд бүтцээ сайжруулах хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм. Манай улсын төмөр зам баригдаад 70 гаруй жил боллоо. Заавал шинэчлэх шаардлага үүссэн гэдгийг салбар бүхэлдээ хүлээн зөвшөөрч байгаа ч маш их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа.

ESA: УБТЗ бол ОХУ-тай хувь нийлүүлсэн байгууллага. Гуравдагч орныг хөрөнгө оруулагчаар татах боломж байгаа юу?

       - Гуравдагч орон гэхээсээ илүүтэй олон улсын санхүүгийн байгууллагуудыг татах боломжтой. Олон улсын байгууллагууд төмөр зам хэр ашигтай ажиллаж байгаагаас шалтгаалж хөрөнгө оруулалт хийх үү, үгүй юу гэдгээ шийддэг. Ер нь эрхзүйн орчны өөрчлөлт гэдэг нь Монголын төмөр замын зах зээлийг ОХУ-аас хараат бус нээлттэй болгох, дотоодын улс төрийн орчин буюу төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого тогтвортой байх зэргийг л хэлээд байгаа юм.

ESA: Дэд бүтцийг шинэчлэхэд их хэмжээний хөрөнгө хэрэгтэй. Магадгүй дахиад 5-6 жил төмөр замын тухай бид ярьсаар л байх болов уу?

       - Уг нь Монгол Улс нь Ази, Европыг холбосон хамгийн дөт зам гэгддэг ч одоогийн байгаа дэд бүтэц, материаллаг зүйлээ шинэчлэхгүй бол манай төмөр замын өрсөлдөх чадвар буурсаар магадгүй улс орнууд Монгол улсыг хоёр талаар нь тойрсон замыг сонгох болно. Улаанбаатар төмөр замын эзэмшлийн төмөр замаас 400 орчим км-ыг нь зайлшгүй шинэчлэх шаардлагатай байгаа. Тиймээс хос төмөр замаас түрүүлж одоо байгаа төмөр зам, хөдлөх бүрэлдэхүүнээ  шинэчлэж хэрэгтэй байна. Зөвхөн төмөр замаа засч, хөдлөх бүрэлдэхүүнээ шинэчлэхэд 500-600 сая ам.доллар шаардлагатай. Энэ асуудлыг л аль аль талдаа хамтарч шийдвэрлэх хэрэгтэй.


Эх сурвалж: Ekhsurvalj.mn

← Бүх мэдээ