Гишүүд
ТЭМҮҮЖИН
АКАДЕМИЧ ЖАДАМБЫН ТЭМҮҮЖИН
Материал судлаач, керамикийн технологич
1967 онд Дархан хотод төржээ.
1975-1985 онд Ерөнхий боловсролын 10 жилийн 3-р дунд сургууль, 1985-1991 онд ЗХУ-ын Киев хотын Политехникийн дээд сургуулийг Галд тэсвэртэй, металл бус, силикат материалын химийн технологич инженер мэргэжлээр төгссөн.
1995 онд Монгол улсын Техникийн их сургуульд “Орон нутгийн түүхий эдээр цахилгаан тусгаарлах материал үйлдвэрлэх технологийн үндэс” сэдвээр техникийн ухааны дэд доктор, 2006 онд Монгол улсын ШУА-д “Нано бүтэцтэй органик биш материалыг жолоодлоготойгоор гарган авах хими-технологийн судалгаа” сэдвээр химийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. 2011 онд Монгол улсын ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич хэргэм хүртжээ.
1991 онд ШУА-ийн Хими-хими технологийн хүрээлэнгийн Хавсарга химийн тасагт эрдэм шинжилгээний дэд ажилтан, эрдэм шинжилгээний ажилтан, эрдэм шинжилгээний ахлах ажилтан, эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, 1996-1997 онд Япон улсын Токио хотын Технологийн их сургуульд ЭША, 1998 онд ХБНГУ-ын Кёлн хот дахь Сансар судлалын төвийн Материал судлалын хүрээлэнд ЭША, 1999 онд Англи улсын Лийдс хотын их сургуульд ЭША, 2000-2002 онд Япон улсын Токио хотын ТИС-д шинжлэх ухааныг дэмжих сангийн судлаач, 2002-2003 онд Герман улсын Харбургийн Техникийн их сургуульд Хумболдтын сангийн судлаач, 2003-2005 онд Япон улсын Ёокохама хотын Кейо их сургуулийн лабораторийн ЭША, 2007-2010 онд Австрали улсын Куртины их сургуульд төслийн удирдагч, ЭШАА-аар ажиллаж байв.
Азийн нунтаг материалын их хурлыг зохион байгуулах олон улсын хорооны байнгын гишүүн, Зүүн Азийн нунтаг материалын тэргүүлэх профессоруудын бага хурлын гишүүн, Америкийн нано нийгэмлэг, Америкийн материал судлалын нийгэмлэгийн гишүүн, Research Bulletin of the Australian Institute of high Energetic Materials сэтгүүлийн редакцын комиссын гишүүнээр сонгогджээ.
1998 онд Гуравдагч орнуудын ШУА-ийн залуу эрдэмтний шагнал, 2006 онд ШУА-ийн шилдэг залуу эрдэмтний шагнал, 2010 онд ШУА-ийн оны шилдэг бүтээлийн 3-р байрын шагналыг хүртсэн.
Монгол орны эрдэс түүхий эдийг боловсруулан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи боловсруулах, нано бүтэцтэй материалыг химийн болон механохимийн зөөлөн урвалын дагуу нийлэгжүүлэх, дулааны цахилгаан станцын хаягдал үнс болон уул уурхайн хаягдлыг дэвшилтэт технологиор боловсруулан шинэ төрлийн барилгын материал гаргах чиглэлээр 20 гаруй жил судалгааны ажил хийж байна. Судалгааны ажлаа ХБНГУ, Австрали, Япон, Англи улсын их дээд сургууль, хүрээлэнгүүдэд урт богино хугацаагаар гүйцэтгэж байв. Керамик, материал судлал, нано технологийн чиглэлээр зонхилон ажиллаж байна.
- Жинхэнэ гишүүн
- Химийн шинжлэх ухаан