Мэдээ мэдээлэл
“УХААЛАГ ХОТУУД: ТОГТВОРТОЙ ХИЙГЭЭД ХӨДӨЛГӨӨНТ БАЙДАЛ” (SUCOMOS) ТӨСЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Монгол Улсын Шинжлэх ухааны Академи нь Зам, тээврийн хөгжлийн яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, ХБНГУ-ын Сансар судлалын төв /German Aerospace Center (DLR)/-тэй хамтран “Ухаалаг хотууд: тогтвортой хийгээд хөдөлгөөнт байдал” (Sustainability and Mobility in the Context of Smart Cities) хурлыг зохион байгуулахаар 2017 оноос төлөвлөн ажиллаж ирсэн.
Тус хурлыг ХБНГУ-ын Холбооны Боловсрол, Шинжлэх ухааны Яамнаас грант олгон санхүүжүүлэх төслийн нэгээр сонгон шалгаруулсан тул 2019 оны 9 дүгээр сарын 23-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар боллоо.
Энэ өдрүүдэд хоёр улсын оролцогч талуудын экспертийн түвшний мэргэжилтнүүд болон эрдэмтэн, судлаачдын оролцоотой симпозиум зохион байгуулах, залуу судлаачдад зориулсан лекц, сургалт, уулзалт, хэлэлцүүлэг хийх зэрэг 4 өдрийн хурал, семинарыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Энэ хугацаанд ХБНГУ-ын ухаалаг хотуудын туршлагаас суралцахаас гадна бусад хөгжиж буй орнуудын хотуудын ижил төстэй тулгамдсан асуудлууд болон тэдгээрийг шийдвэрлэсэн арга, барилтай танилцан, туршлага хуримтлуулах юм.
“УХААЛАГ ХОТУУД: ТОГТВОРТОЙ ХИЙГЭЭД ХӨДӨЛГӨӨНТ БАЙДАЛ”
(SUCOMOS) ТӨСЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Ерөнхий тойм
“Ухаалаг хотууд: тогтвортой хийгээд хөдөлгөөнт байдал” (Sustainability and Mobility in the Context of Smart cities - SuMoCoS) бага хурлыг ХБНГУ, Узбекстан, Монгол Улсын оролцогч талууд хамтран ХБНГУ-ийн Холбооны Боловсрол, Судалгааны Яам (BMBF)-ны явуулын хурлын грант төслийн (Travelling Conferences grant) санхүүжилтээр зохион байгуулах юм.
Төслийн зорилго нь Төв Ази дахь ухаалаг хот төслүүдийн онол, практикийн тулгамдсан асуудлуудын тухай ойлголтуудыг улам гүнзгийрүүлэх, оролцогч талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оршино. Үүний зэрэгцээ оролцогч хоорондын мэдлэгийн солилцоогоор дамжуулан эрдэм шинжилгээ, эдийн засгийн салбарын төслүүдийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх боломжийг нээнэ.
Хамтрагч талууд:
• ХБНГУ-ын Олденбургийн их сургууль, Программ хангамж инженерчлэлийн салбар: профессор, доктор Андреас Винтер (Төслийн удирдагч)
• ХБНГУ-ын Сансар судлалын төв (DLR), Тээврийн хөдөлгөөний системийн технологийн хүрээлэн: профессор, доктор Франк Кёстер
• ХБНГУ-ын Олденбургийн их сургууль, Системийн програм хангамж ба түгээлтийн системийн салбар: профессор, доктор Оливер Тийл
• ХБНГУ-ын Олденбургийн их сургууль, Том хэмжээний бизнесийн хэрэглээний салбар: профессор, доктор Ёрге Маркс Гёмез
• ХБНГУ-ын Олденбургийн их сургууль, Мэдээллийн нийгэм дэх хууль зүйн салбар дундын төв (ZRI): профессор, доктор Юрген Тегер
• Оффис Информатикийн хүрээлэн: профессор, доктор Вольфганг Небел, профессор, доктор Себастиан Леенхоф
• Олденбургийн Эрчим хүчний кластер: ОЛЕК Холбоо
• Ембетеко ХХК
• Ерминас ХХК
• Экологи + харилцаа холбоо бизнес консалтинг ХХК (ECCO)
• Электрик – Спешил Фотрониксистем ХХК
• ОЕКОН бүтээгдэхүүн & үйлчилгээ ХХК
• Олденбург хотын захиргаа
• Ташкентын Мэдээллийн технологийн их сургууль (TUIT)
• Ташкентын Мэдээллийн технологийн их сургуулийн Ургенч дахь салбар
• Ташкентын Мэдээллийн технологийн их сургуулийн Нукус дахь салбар
• Самарканд хотын захиргаа
• Ургенч хотын захиргаа
• Нукус хотын захиргаа
• ЖиВи МАН Авто - Узбекстан
• Мустафо софтвейр ЛДТ
• Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам
• Монгол Улсын Шинжлэх ухааны Академи
• Улаанбаатар хотын захиргаа
Төслийн тодорхойлолт
Хүрээлэх орчныг хамгаалах, тээвэр, хөдөлгөөнийг зохицуулах хяналтын ажиллагаа нь агаарын бохирдлыг бууруулах, урьдчилан сэргийлэх шинэ шийдлүүдэд хүргэх боломжтой. Олденбург (ХБНГУ) шиг авто машины хөдөлгөөний хориг ихтэй, Улаанбаатар шиг бохирдол өндөртэй хотуудын хувьд утааг бууруулах үр дүнтэй арга нэн даруй хэрэгтэй байна. Бусад оролцогч хотууд дээрхтэй адил асуудлыг тулгарахаас нь өмнө бидний үр дүнг шууд ашиглаж болно. Эдгээрийг үндэслэн SuCoMoS төсөл нь олон улсын судлаачдын хамтын ажиллагааг бэхжүүлэх замаар Ухаалаг хот хандлагад суурилан тогтвортой шийдлүүдийг хөгжүүлэхэд шинжлэх ухаанд тулгуурласан, бодлогын чанартай хувь нэмэр оруулахыг зорилгоо болгож байгаа юм.
Монгол, Узбекстаны талууд энэхүү төслийн арга хэмжээнд оролцсоноор Улаанбаатар, Ташкент хотууд ХБНГУ-ын ухаалаг хотуудын туршлагаас суралцахаас гадна бусад хөгжиж буй орнуудын (бүс нутгаараа ялгаатай) хотуудын ижил төстэй тулгамдсан асуудлууд болон гаргасан арга барилтай танилцан, туршлага хуримтлуулах юм. Үүнээс гадна ХБНГУ-ын мэргэжилтнүүд дээрх хоёр хотын нөхцлийг харьцуулан судалж, улмаар ялгаатай талуудаас нь зарим нэгэн чухал ойлголтуудыг гаргаж болох талтай юм.
Олон улсын оролцогч Монгол, Узбекстан нь ухаалаг хотын хэрэглээг нэвтрүүлж, хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах, тээврийн хөдөлгөөнийг зохицуулах нэгэн үндсэн зорилготойгоос гадна тэргүүлэх зорилтоо тодорхойлсон байна. Тухайлбал, Узбекстаны хамтрагч талууд, авилгыг бууруулах аюулгүй байдлыг сайжруулах дээр илүү ач холбогдол өгч байгаа бол Монголын талын хамтрагчид замын хөдөлгөөний хяналтыг сайжруулах тал дээр илүү ач холбогдол өгч ажиллахыг эрхэмлэж байна. Бие биенээ нөхөх ухаалаг хотуудын эдгээр туршлагуудаас санал солилцохоос гадна Германы талын хамтрагчидтай зөвлөлдөнө.
Зорилгоо хэрэгжүүлэхээр дараах арга хэмжээнүүдийг төлөвлөөд байна. Үүнд:
• Улаанбаатар хотод болох хурал: ХБНГУ, Монгол хоёр улсын оролцогч талуудын аж үйлдвэрийн салбарынхан болон эрдэмтэд илтгэл хэлэлцүүлэх, лекц унших, төлөвлөсөн уулзалтууд хийх зэрэг 4 өдрийн хурал, семинарыг зохион байгуулна.
• Улаанбаатарт айлчлах: Талуудын төлөөлөгчид тогтвортой хөгжил болон тээврийн асуудлаар санал солилцоно.
• Ташкент хотод болох хурал: ХБНГУ, Узбекстан хоёр улсын оролцогч талуудын аж үйлдвэрийн салбарынхан болон эрдэмтэд илтгэл хэлэлцүүлэх, лекц унших, төлөвлөсөн уулзалтууд хийх зэрэг 4 өдрийн хурал, семинарыг зохион байгуулна.
• Ташкентад айлчлах: Талуудын төлөөлөгчид Тогтвортой хөгжил болон тээврийн асуудлаар санал солилцоно.
• Самарканд хотын аялал: Нэг өдрийн аялал хийж, МАН-ийн төлөөлөгчидтэй хотын хөдөлгөөний талаар санал солилцоно.
• Олденбург дэх семинар: Төсөл дуусах үед ХБНГУ-ын хамтрагч талуудын хамтын ажиллагааг сайжруулах нэг өдрийн уулзалт, семинар зохион байгуулна.
Гадаад хамтын ажиллагааны үнэ цэнэ одоо байгаа харилцааг (Олденбург/Узбекстан, Брауншвайг/Монгол) гүнзгийрүүлэх, шинэ харилцаа, хамтын ажиллагааг бий болгоход оршино. Улаанбаатар, Ташкент хотуудад болох хурлын тус бүр нэг өдөрт нь залуу судлаачид, докторантуудад зориулсан семинар зохион байгуулна. Энэхүү семинараар Узбекстан, Монголын оролцогчид, ялангуяа шинжлэх ухааны салбарынхан, бизнес эрхлэгч талуудын оролцоотойгоор ухаалаг хотуудын үзэл баримтлал дахь тогтвортой хөгжил ба тээврийн талаар мэдлэг, туршлагаа солилцох бололцоотой болж байгаа юм. Энэ утгаараа төсөлд хамтрагч талуудад олон улсын туршлагаас суралцах боломж бүрдэх юм. Үүнээс гадна ХБНГУ-ын компаниуд болон эрдэм шинжилгээний байгууллагуудын чадавхыг танилцуулах бөгөөд энэ нь цаашид ухаалаг хотын техник, технологийн хэрэглээний талаар хамтран ажиллах, хамтарсан судалгаа хийх боломжийг бас бүрдүүлж өгөх юм.
Монгол, Узбекстан улсын хамтрагч талуудын ажлын туршлага, чадвартай эрдэмтэд, ажилтан, албан хаагчдын тусламжтайгаар хурал зохион байгуулах танхим болон бусад дэд бүтцийг бүрдүүлэх замаар төсөлд дэмжлэг, туслалцаа авч байгаа болно.
Төслөөс хүлээгдэж буй үр дүн нь хөгжиж буй дээрх хоёр улстай одоо байгаа хамтын ажиллагааг өргөжүүлэх, бэхжүүлэхэд оршиж байна. Хуралд Ташкент, Улаанбаатар хотуудын төлөөллөөс гадна бусад томоохон хотуудын төлөөлөл болон Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, Монгол улсын Шинжлэх ухааны Академи зэрэг байгууллагууд оролцоно. Олон улсын хамтран зохион байгуулагч талууд болох Монгол улсын Шинжлэх ухааны Академи, Ташкентын Их сургуулийн салбар сургуулиуд нь судалгаа боловсруулалтын ажил, заах арга барилаараа бүс нутагтаа манлайлагч байгууллагууд юм.
“Ухаалаг хотууд: тогтвортой хийгээд хөдөлгөөнт байдал” сэдэвт хурал нь ухаалаг хот төслийг хэрэгжүүлэх явцын хувь хүний эрхийг хамгаалах асуудлыг авч үзэх хэдий боловч оролцогч хотуудын практик, эрдэм шижилгээний байгууллагуудын онолын үзэл баримтлалыг түлхүү авч хэлэлцэнэ. Тиймээс цаашид олон төсөл хэрэгжүүлэх боломж, бололцоо нээгдэж байгаа юм. ХБНГУ-ын Олденбургийн их сургууль нь ухаалаг хот руу чиглэсэн олон талын судалгааг (мэдрэгчид суурилсан хүрээлэн буй орчны мэдээллийн систем, эрчим хүчний зохицуулалт, эрх зүйн үзэл баримтлал, бүс нутаг болон их хотын тээврийн хөдөлгөөн гэх мэт) хүчтэй явуулж байхад Сансар судлалын төвийн Тээврийн хөдөлгөөний системийн технологийн хүрээлэн нь хот, суурин газрын тээврийн хөдөлгөөний талаар илүү нарийвчилсан төсөл боловсруулан гаргадагаараа онцлог юм.
Төслийн үр дүнд оролцогч талууд хамтран “Ухаалаг хотууд” чадамжийн атласыг 2019 оны сүүлээр гаргах болно.
---оОо---