Гишүүд
АВДАЙ
АКАДЕМИЧ ЧИЛХААЖАВЫН АВДАЙ Хөнгөн үйлдвэрийн механик инженер 1943 онд Увс аймгийн Зүүнхангай сумын нутаг Улаан-Энгэр хэмээх газар төржээ. Увс аймгийн Зүүнхангай сумын бага сургууль, Баруунтурууны 10 жилийн дунд сургуулийг дүүргэж, 1961-1966 онд МУИС-д суралцан Хөнгөн үйлдвэрийн м
АКАДЕМИЧ ЧИЛХААЖАВЫН АВДАЙ
Хөнгөн үйлдвэрийн механик инженер
1943 онд Увс аймгийн Зүүнхангай сумын нутаг Улаан-Энгэр хэмээх газар төржээ.
Увс аймгийн Зүүнхангай сумын бага сургууль, Баруунтурууны 10 жилийн дунд сургуулийг дүүргэж, 1961-1966 онд МУИС-д суралцан Хөнгөн үйлдвэрийн механик инженер мэргэжлээр төгссөн.
1975 онд ЗХУ-ын Ташкент хотод аспирантурт суралцаж “Монгол орны хөрс, цаг уурын нөхцөлд чацаргана хураах ажиллагааг механикжуулах боломжийн судалгаа боловсруулалт” сэдвээр техникийн ухааны дэд эрдэмтэн, 1990 онд ЗХУ-ын Санкт-Петербург хотод “Монгол орны хөрс, цаг уурын нөхцөлд чацаргана жимс хураах машины технологийн параметрүүдийн динамикийн шинжлэх ухааны үндэслэл” сэдвээр техникийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан. 1991 онд Монгол улсын ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич хэргэм хүртжээ.
1966-1976 онд МУИС-д багш, 1976-1982 онд МУИС-ийн проректор, Политехникийн дээд сургуулийн захирал, 1982-1990 онд Политехникийн дээд сургуулийн ректор, 1990-1992 онд ТИС-ийн ректор, 1992-2000 онд ТИС-д тэнхимийн эрхлэгч, 2000-2008 онд Монгол улсын Их Хурлын гишүүн, 2008 онд ШУТИС-ийн профессор, Хүрээ дээд сургуульд сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байна.
2002 онд Улаанбаатарын Их сургуулийн профессор, 2006 онд Монгол улсын Ардын багш, 2017 онд Казахстаны Л.Гумилевын нэрэмжит Евразийн их сургуулийн хүндэт профессор, 2018 онд ОХУ-ын Эрхүүгийн их сургуулийн хүндэт профессор, 2019 онд Олон улсын академиудын холбооны академич болжээ.
1976 онд Засгийн газрын хүндэт жуух бичиг, 1978 онд Батлан хамгаалахын тэргүүний ажилтан, 1979 онд Боловсролын тэргүүний ажилтан, 1981 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 1982 онд Эрчим хүчний тэргүүний ажилтан, 1983 онд Хөнгөн үйлдвэр, Хүнс хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан, 1984 онд Монгол улсын шилдэг зохион бүтээгч, 1991 онд Алтан гадас одон, Шинжлэх ухааны тэргүүний ажилтан, 1997 онд Монгол улсын Гавьяат багш, 2001 онд Байгаль орчны тэргүүний ажилтан, 2004 онд Статистик хэмжилзүйн тэргүүний ажилтан, 2006 онд Монгол улсын Ардын багш цол хүртсэн.
Монгол улсад дээд боловсролтой инженер техникийн ажилтан бэлтгэх, техник, технологийн шинжлэх ухааныг хөгжүүлж, техникийн шинжлэх ухааны онол арга зүй, чацаргана болон байгалийн бусад баялгийн технологи, тоног төхөөрөмж, нүүдэлчдийн уламжлалт мэдлэг, хүнсний үйлдвэрлэлийн технологи, аж үйлдвэрийн хөгжлийн бодлого, технологийн дэвшил, мөн биохими, сансрын биологи, анагаах ухаан, хүнсний химийн салбарт зонхилон ажиллаж байна.
- Жинхэнэ гишүүн
- Техникийн шинжлэх ухаан