Гишүүд
АВИД
АКАДЕМИЧ БҮДЭЭБАЗАРЫН АВИД Химич-инженер-технологи 1968 онд Улаанбаатар хотод төржээ. 1986 онд Нийслэлийн 10 жилийн 17 дугаар дунд сургуулийг дүүргэж, 1993 онд Менделеевийн нэрэмжит Оросын Хими-Технологийн Их сургуулийг өндөр молекулт нэгдлийн технологич, инженер, химич мэргэжлээ
АКАДЕМИЧ БҮДЭЭБАЗАРЫН АВИД
Химич-инженер-технологи
1968 онд Улаанбаатар хотод төржээ.
1986 онд Нийслэлийн 10 жилийн 17 дугаар дунд сургуулийг дүүргэж, 1993 онд Менделеевийн нэрэмжит Оросын Хими-Технологийн Их сургуулийг өндөр молекулт нэгдлийн технологич, инженер, химич мэргэжлээр магистрын зэрэгтэй төгссөн.
1993-2007 онд ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнд ЭША, лабораторийн эрхлэгчээр ажиллан, нүүрс, шатдаг занар, бал чулууны судалгааны ажилд оролцож ирсэн бөгөөд төвийн бүсийн шатдаг занарын ордуудын судалгааг анх удаа нөхдийн хамт гүйцэтгэн 1999 онд химийн ухааны докторын зэрэг, 2007 онд “Хүрэн нүүрс, шатдаг занар, нефтийн хүнд үлдэгдлийн пиролиз, хийжүүлэлт ба дулааны уусгалтын судалгаа” сэдвээр химийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэргийг хамгаалсан. 2018 онд Монгол улсын ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич хэргэм хүртжээ.
2007-2011 онд ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын Эрдэм шинжилгээ мониторингийн хэлтсийн дарга, 2013-2014 онд Эдийн засгийн хөгжлийн яаманд ахлах мэргэжилтэн, 2015-2016 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд мэргэжилтэн, 2016 оны 12-р сараас ШУА-ийн Эрдэмтэн нарийн бичгийн даргаар ажиллаж байна.
2001 онд Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит Залуу эрдэмтний анхны шагнал, 2010 онд ШУТИС-ийн дэд профессор, 2016 онд Алтан гадас одонгоор шагнагджээ.
Energy & Fuels, Fuel, Fuel Processing technology, Oil shale, Химия твердого топлива зэрэг гадаадын өндөр зэрэглэлийн сэтгүүлүүдэд 30 гаруй өгүүлэл хэвлүүлсэн байна.
2000-2006 онд нүүрсний пиролиз, баяжуулалт, хийжүүлэлтийн судалгааг Фрайбергийн ТИС, Английн Империал коллеж, Японы Цукуба хот дахь Үйлдвэр, Шинжлэх ухаан технологийн үндэсний хүрээлэн, Германы Штутгартын их сургууль зэрэг газруудад DFG, Вангийн нийгэмлэг, JSPS, Гумбольдтын сангийн шугамаар тус тус хийж гүйцэтгэн Багануур, Шивээ-овоо, Цайдам нуурын хүрэн нүүрсний чанарыг дулаан уусгалтын аргаар боловсруулан чулуун нүүрсний зэрэгтэй, сайжруулсан түлш гарган авах, нефтийн хүнд вакуум үлдэгдлийг боловсруулан шингэн түлш гарган авах, нүүрсний хийжүүлэлтийн реактор зохион бүтээх талаар зонхилон ажиллаж байна.
- Жинхэнэ гишүүн
- Химийн шинжлэх ухаан