Гишүүд
АЮУРЗАНА
АКАДЕМИЧ ТҮНДЭВИЙН АЮУРЗАНА (1910-1972) Мал зүйч 1910 онд Амгаланбаатар хотод төржээ. 1924-1926 онд Орос улсын Улаан-Үүд хотод багш нарыг бэлтгэх техникум, 1926-1930 онд Парис хотноо Лицей Мишельд суралцаж төгссөн. 1938 онд ЗХУ-д “Мал хөнгөлөлтөд тэжээлийн шингэцийн үзүүлэх нөлөө
АКАДЕМИЧ ТҮНДЭВИЙН АЮУРЗАНА
(1910-1972)
Мал зүйч
1910 онд Амгаланбаатар хотод төржээ. 1924-1926 онд Орос улсын Улаан-Үүд хотод багш нарыг бэлтгэх техникум, 1926-1930 онд Парис хотноо Лицей Мишельд суралцаж төгссөн.
1938 онд ЗХУ-д “Мал хөнгөлөлтөд тэжээлийн шингэцийн үзүүлэх нөлөө” сэдвээр дэд эрдэмтний зэргийг хамгаалсан. 1961 онд Монгол улсын ШУА-ийн гишүүн, академич хэргэм хүртжээ.
1930-1931 онд Ардын гэгээрүүлэх яамны дэргэдэх латин үсгийн зөвлөлийн нарийн бичгийн дарга, 1931 онд Шинжлэх ухааны хүрээлэнд судлагч, 1938-1957 онд Шинжлэх ухааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, хөдөө аж ахуйн тасгийн эрхлэгч, 1958-1961 онд Хөдөө аж ахуйн дээд сургуульд эрдэм шинжилгээний ажилтан, 1961-1972 онд Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнд эрдэм шинжилгээний ахлах ажилтан, мал аж ахуйн тасгийн эрхлэгч, 1945 онд Монгол-Зөвлөлтийн хамтарсан мал аж ахуйн экспедицийн даргаар ажиллаж байв.
1960 онд БНМАУ-ын Ардын их хурлын депутат, 1961 онд МАХН-ын XIV их хурлаас МАХН-ын төв хорооны гишүүн, 1961 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлөөс томилогдсон Мал аж ахуйн үржлийн ажлын удирдагч, байцаагч зэрэг төр олон нийтийн ажилд сонгогдож байжээ.
1943 Засгийн газрын хүндэт жуух бичиг, 1946 онд Алтан гадас одон, 1952 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 1961 онд Чойбалсангийн нэгдүгээр шагнал (БНМАУ-ын төрийн шагнал), 1961 онд Гавьяат зоотехникч цол хүртжээ.
1961 онд Мах ноосны чиглэлийн нарийвтар ноост “Орхон” үүлдрийн хонь, 1972 онд мах ноосны чиглэлийн нарийвтар ноост ууцан сүүлт “Жаргалант” үржлийн цөм сүргийг бий болгосон байна. Мал сүргийг эрүүлжүүлэх, мал аж ахуйг шинжлэх ухааны үндэстэй хөгжүүлэх, мах-ноосны чиглэлийн нарийвтар ноост хонь бий болгох, үндэсний үйлдвэрлэлийг түүхий эдээр хангах чиглэлээр зонхилон ажиллаж байв.
- Жинхэнэ гишүүн
- Хөдөө аж ахуйн шинжлэх ухаан