Мэдээ мэдээлэл
Бэлчээрийн нөхөн сэргээлт, ард иргэдийн амьжиргааны түвшнийг сайжруулахад олон талт хамтын ажиллагаанд түшиглэсэн шийдлийг нэвтрүүлэх нь
Бэлчээрийн нөхөн сэргээлт, ард иргэдийн амьжиргааны түвшнийг сайжруулахад олон талт хамтын ажиллагаанд түшиглэсэн шийдлийг нэвтрүүлэх нь
Тус арга хэмжээ 3 үндсэн хэсгээс бүрдсэн бөгөөд нээлтийн ёслол, үндсэн илтгэлийг ХШУАИС-ийн профессор Ху Ронхай, ШУАИС-ийн захирал профессор Баттогтох Доржготов нар хамтран удирдсан. ШУА-ийн дэд ерөнхийлөгч академич Б. Авид, ХШУАИС-ийн дэд ерөнхийлөгч, профессор Ван Янфен, ХШУАШЭГХ-ийн дэд захирал, профессор Дуан Вэйли нар ANSO-ийн Хуурай газрын тогтвортой хөгжлийн санаачилгын таван үйл ажиллагааны хүрээнд нийцүүлэн зэрэгцээ арга хэмжээг нээж үг хэлэв. Профессор Б. Авид тус зэрэгцээ арга хэмжээ нь олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, шинжлэх ухаанд суурилсан мэдээлэл дата бүрдүүлж үнэлгээ хийх, шийдвэр гаргах, хэрэгжилт, хүний нөөцийг тогтвортой бэхжүүлэх зэрэг санаачилгыг хэрэгжүүлэх анхдагч арга хэмжээ болж байгааг онцоллоо. Профессор Ван Янфен, дэд захирал Дуан Вэйли нар шинжлэх ухаан, судалгааны үр дүн нь ард иргэдийн амьжиргаатай холбоотой бэрхшээлүүдийг шийдвэрлэх ёстой бөгөөд энэхүү зэрэгцээ арга хэмжээний олон талт оролцогч талуудын харилцан яриа нь ийм судалгааны үр дүнд хүрэхэд тусална гэдгийг онцоллоо.
Арга хэмжээний түлхүүр илтгэлийг Хятадын Шинжлэх ухааны академийн харьяа Шинжаны экологи газарзүйн хүрээлэнгийн профессор Юй Сян, профессор Лэй Жиацян нар ANSO санаачилгын хүрээнд цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны зөвлөмжийг дэвшүүлэв. Мөн ШУА-ийн гадаад төсөл хөтөлбөр хариуцсан доктор Б. Сувданцэцэг Төв Азийн хуурай газрын экосистемд тохирсон бэлчээрийг нөхөн сэргээх, малчдын амьжиргааг сайжруулах практик ач холбогдолтой төслийн санал санал танилцуулж хамтын ажиллагааг өргөжүүлэхийг уриалав. Тус арга хэмжээнд Монгол болон хятад улсын орон нутгийн байгууллагууд хуурай газрын экосистем, бэлчээрийг хамгаалах, нөхөн сэргээх, ард иргэдийн амьжиргааг сайжруулахад шинжлэх ухааны болон олон улсын бүх байгууллагуудтай хамтран ажиллахаар санаачилга гаргаж оролцов. Монгол улсын баруун бүсээс Говь-Алтай аймгийн засаг даргын тамгын газрын байгаль орчны газрын дарга Д. Батмагнай, Хятадын Ганьсу мужийн Цөлжилтийг хянах судалгааны хүрээлэнгийн судлаач Юань Хунбо нар орон нутгийн түвшний туршлага, тулгамдаж буй бэрхшээлүүдийн талаар олон нийттэй хуваалцаж, шинжлэх ухааны байгууллага, аж ахуйн нэгжүүдийн шийдэл шаардлагатай гурван асуултыг хөндөв.