Гишүүд
ЧАДРАА (1939-2016)
АКАДЕМИЧ БААТАРЫН ЧАДРАА (1939-2016) Физикч, их энергийн физикч 1939 онд Архангай аймгийн Мөрөн багийн нутаг Ороох хэмээх газар төржээ. Мөрөн багийн бага сургууль, Цэцэрлэг хотын нэгдүгээр 10 жил, Улаанбаатар хотын нэгдүгээр 10 жилийн дунд сургууль, 1963 онд Ломоносовын нэрэмжит
АКАДЕМИЧ БААТАРЫН ЧАДРАА
(1939-2016)
Физикч, их энергийн физикч
1939 онд Архангай аймгийн Мөрөн багийн нутаг Ороох хэмээх газар төржээ.
Мөрөн багийн бага сургууль, Цэцэрлэг хотын нэгдүгээр 10 жил, Улаанбаатар хотын нэгдүгээр 10 жилийн дунд сургууль, 1963 онд Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийг физикч мэргэжлээр төгссөн.
1968 онд ЗХУ-ын Дубна хот дахь Цөмийн шинжилгээний нэгдсэн институтэд “Образование странных частиц П-мезонами с импульском 40” сэдвээр дэд эрдэмтэн, 1975 онд Монгол улсын ШУА-ийн сурвалжлагч гишүүн, 1991 онд жинхэнэ гишүүн, академич хэргэм хүртэж, 2003 онд ОХУ-д “Цаг уурын хүйтэн нөхцөлд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ажиглах нь” сэдвээр техникийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан.
1963 онд Монгол улсын ШУА-ийн Байгалийн ухааны хүрээлэнд ЭША, Физик математикийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, Физик техникийн хүрээлэнгийн захирал, Сэргээгдэх эрчим хүчний шинжлэх ухааны үйлдвэрлэлийн нэгдлийн ерөнхий захирал, Сэргээгдэх эрчим хүчний хүрээлэнгийн захирал, Электрон техник-эрдэм шинжилгээний багаж төхөөрөмжийн үйлдвэр МОНЕЛ-ын захирал, Улаанбаатар их сургуулийн захирал, 1964-1968 онд Дубна дахь Цөмийн шинжилгээний нэгдсэн хүрээлэн, Москва дахь Сансрын физикийн хүрээлэн, 1979-1982, 1989-1992, 1992-1996 онд ШУА-ийн Дэд ерөнхийлөгч, 1996-2009 онд ШУА-ийн Ерөнхийлөгчөөр 3 удаа сонгогдон ажиллаж байв.
Монгол улсын Засгийн газрын Цөмийн энергийн комиссын орлогч дарга, Эрдмийн цол зэрэг олгох дээд комиссын орлогч дарга, МАХН-ын Төв хорооны Сансрын хамтарсан нислэгийг бэлтгэх Улсын комиссын орлогч, эрдэм шинжилгээний багийн ахлагч, Засгийн газрын Шинжлэх ухаан технологийн үндэсний зөвлөлийн орлогч, Монгол-Оросын Найрамдлын нийгэмлэгийн орлогч дарга, 1976-1981 онд АИХ-ын гишүүн, 2000-2004 онд УИХ-ын гишүүн, МХЗЭ-ийн гишүүн, ОХУ болон Киргизстаны ШУА, Гуравдагч орнуудын ШУА, Европын ШУА, Олон улсын дээд боловсролын ШУА, Дэлхийн Инновацийн сангийн жинхэнэ гишүүн зэрэг 10 гаруй орон, шинжлэх ухааны байгууллагын гишүүнээр сонгогдон ажиллаж байжээ.
2001 онд Монгол улсын Шинжлэх ухааны Гавъяат зүтгэлтэн, 2008 онд Төрийн шагнал, XX зууны манлай эрдэмтэн, АНУ-аас шалгаруулдаг “Дэлхийн нөлөө бүхий 500 тэргүүний хүмүүс”-т өргөмжилжээ.
- Жинхэнэ гишүүн
- Физикийн шинжлэх ухаан