Гишүүд
ДАВААСАМБУУ
АКАДЕМИЧ ЖАВЫН ДАВААСАМБУУ Физикч, физикийн багш 1966 онд Увс аймгийн Тэс суманд төрсөн. 1984 онд Тэс сумын 10 жилийн дунд сургууль, 1989 онд Монгол Улсын Их Сургуулийг физикч, физикийн багш мэргэжлээр төгссөн. 2003 онд ХБНГУ-ын Потсдамын Их Сургуулийн Физикийн Институтэд “Гаднын
АКАДЕМИЧ ЖАВЫН ДАВААСАМБУУ
Физикч, физикийн багш
1966 онд Увс аймгийн Тэс суманд төрсөн.
1984 онд Тэс сумын 10 жилийн дунд сургууль, 1989 онд Монгол Улсын Их Сургуулийг физикч, физикийн багш мэргэжлээр төгссөн.
2003 онд ХБНГУ-ын Потсдамын Их Сургуулийн Физикийн Институтэд “Гаднын цахилгаан орон дахь пьезоэлектрик кристаллын бүтцийн факторын өөрчлөлтийн температурын хамаарал” сэдвээр байгалийн ухааны доктор (Dr.rer.nat), 2020 онд Монгол улсын ШУА-д “Кристалл дахь фазын шилжилтийн синхротрон цацрагийн болон нейтроны сарнилын судалгаа” сэдвээр физик-математикийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан. 2021 онд Монгол улсын ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич хэргэм хүртжээ.
1989-1994 онд МУИС-д эрдэм шинжилгээний ажилтан, багш, 1994-1996 онд ХБНГУ-ын Дрездений Техникийн Их Сургуульд мэргэжил дээшлүүлж, 1997-1999 онд ХБНГУ-ын Клаусталын Техникийн Их Сургуулийн Хэрэглээний Физикийн Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, 1999-2003 онд Потсдамын Их Сургуулийн Физикийн Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, 2003-2008 онд Гёттингений Биофизик химийн Макс Планкийн Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, 2008-2011 онд Гёттингений Их Сургуульд эрдэм шинжилгээний ажилтан, 2011-2014 онд МУИС-ийн Физик-Электроникийн Сургуулийн захирал, 2014-2016 онд БСШУЯ-ны Шинжлэх ухааны бодлого, зохицуулалтын газрын дарга, 2016-2021 онд МУИС-ийн ШУС-д профессор, тэнхимийн эрхлэгч, лазерын судалгааны лабораторийн эрхлэгч, 2019 оноос МУИС-ийн ШУС-ийн Лазерын судалгааны төвийн захирал, 2021 оноос ШУА-ийн Физик, Технологийн Хүрээлэнгийн захирлаар ажиллаж байна.
2011-2014, 2017-2020 онд Физикийн ухааны докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга, 2014-2016 онд Физикийн ухааны докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дарга, 2011-2014, 2016-2021 онд МУИС-ийн эрдмийн зөвлөлийн гишүүн, 2014 оноос Монголын Физикийн Нийгэмлэгийн ерөнхийлөгч зэрэг сонгуульт ажлуудыг хашиж ирсэн.
ХБНГУ-ын Академийн солилцооны албаны судалгааны (DAAD) тэтгэлэг 3 удаа (1994, 2012, 2018), 2001 онд Олон улсын кристаллографийн нийгэмлэгийн залуу судлаачийн грант, 2014 онд Шинжлэх ухааны тэргүүний ажилтан, Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн хүндэт профессор, 2015 онд Монгол Улсын ШУА-ийн “Хубилай хаан” алтан медаль, 2016 онд Төрийн албаны тэргүүний ажилтан, 2018 онд Боловсролын тэргүүний ажилтан, 2019 онд Алтан гадас одонгоор шагнуулжээ.
Хатуу биеийн физик, материал судлал, рентген цацрагийн болон нейтроны сарнилын судалгаа, лазерын физик, технологийн чиглэлээр зонхилон судалгааны ажлаа хийж байна.
- Жинхэнэ гишүүн
- Физикийн шинжлэх ухаан