Үндсэн агуулга руу
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи · 1961 оноос

Гишүүд

ДЭМБЭРЭЛ (1934-1996)

АКАДЕМИЧ БАЗАРЫН ДЭМБЭРЭЛ (1934-1996) Хүний их эмч 1934 онд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 8-р багийн нутаг Номтын дэв гэдэг газар төрсөн. 1942-1952 онд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум, Алтанбулаг хотын ерөнхий боловсролын бага, дунд сургууль, 1952-1957 онд МУИС-ийн Хүн эмнэлг


АКАДЕМИЧ БАЗАРЫН ДЭМБЭРЭЛ

(1934-1996)

Хүний их эмч

1934 онд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 8-р багийн нутаг Номтын дэв гэдэг газар төрсөн.

1942-1952 онд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум, Алтанбулаг хотын ерөнхий боловсролын бага, дунд сургууль, 1952-1957 онд МУИС-ийн Хүн эмнэлгийн факультетын хүний их эмч мэргэжлээр төгссөн.

1972 онд Азербайжан улсын Анагаах ухааны дээд сургуулийн эрдмийн зөвлөлөөр “БНМАУ-ын эмнэлгийн боловсон хүчин,  анагаах ухааны боловсрол 1921-1970 он” сэдвээр анагаах ухааны дэд эрдэмтэн, 1989 онд “БНМАУ-ын Эрүүлийг хамгаалахын зохион байгуулалтын онол-практикийн зарим асуудлууд” сэдвээр анагаахын шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан. 1991 онд Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн жинхэнэ гишүүнээр сонгогдож, академич хэргэм хүртжээ.

1957-1959 онд МУИС-ийн Хүн эмнэлгийн факультетын орлогч декан, 1959-1962 онд тус факультетын дотор өвчний эмчилгээ, судалгааны тэнхимд багш, 1960-1963 онд БНМАУ-ын Эрүүлийг хамгаалах яамны Эмчлэн сэргийлэх хэлтсийн дарга, 1963-1966 онд ЭХЯ-ны нэгдүгээр орлогч сайд, 1966-1973 онд ЭМЯ-ны сайд, 1973-1978 онд Дархан хотын АДХГЗ-ны Эрүүлийг хамгаалах газрын дарга, 1978-1992 онд Анагаах ухааны дээд /их/ сургуулийн Нийгмийн эрүүл ахуй, эрүүлийг хамгаалахын зохион байгуулалтын тэнхимд профессор, эрхлэгч, 1987-1989 онд ЭМЯ-ны Эрүүлийг хамгаалахын удирдлагын эрдэм шинжилгээний төвийн захирал, 1989-1990 онд Анагаах ухааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний асуудал эрхэлсэн орлогч захирал, 1990 оны 6-р сараас ШУА-ийн Анагаах ухааны салбарын дарга /дэд ерөнхийлөгч/, 1992 онд Улсын Их Хурлын гишүүн, 1993 онд Улсын Их Хурлын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байнгын хорооны даргаар ажиллаж байв.

Ардын Их Хурлын депутатаар 3 удаа /Y, YI, YII дахь удаагийн сонгууль/, МАХН-ын XY, XYI болон онц /1990 он/ Их Хурлын төлөөлөгч, МАХН-ын Төв Шалган байцаах комисс /1966-1971/, МАХН-ын Төв Хорооны гишүүн/1971-1976/, МҮЭ, Монголын биеийн тамир, спортын эвлэл, МУЗН-ийн Төв Зөвлөлийн бүгд хурлын болон тэргүүлэгч гишүүн /1962-1977/, Улаанбаатар, Дархан хотын намын хорооны бүгд хурлын гишүүн, депутат /1968-1978/, ДЭМБ-ын гүйцэтгэх хорооны гишүүн /1965-1967/, БНМАУ-ын хүний их эмч, эмнэлгийн байгууллагын ажилчдын II, III, IY их хурлын /1956,1976, 1990 он/ төлөөлөгчөөр сонгогдож байжээ.

1960 онд “Эмнэлгийн сайчуул” тэмдэг, 1969 онд “Почётный знак гражданской обороны СССР”, Ардын хувьсгалын 50,60,70 жилийн ойн медаль, 1971 онд Алтан гадас одон, 1986 онд YII таван жилийн гавшгайч, 1990 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, ойн бусад медалиудаар шагнуулжээ.

Монгол улсын Эрүүлийг хамгаалахын хөгжлийн түүх, хүн амын эрүүл мэнд, өвчлөлийг судлах, эрүүлийг хамгаалах байгууллагыг хөгжүүлэх, эмнэлгийн дээд мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, эрдэм шинжилгээний ажил зохион байгуулахад олон жил үр бүтээлтэй ажиллаж байв.

  • Жинхэнэ гишүүн
  • Анагаахын шинжлэх ухаан

← Бүх мэдээ