Мэдээ мэдээлэл
Коронавирусийн халдвар (Ковид-19) цар тахлын дөрвөн боть бүтээлийг бүтээсэн эрдэмтдийн багийг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хүлээн авч уулзаж, талархал илэрхийллээ.
Коронавирусийн халдвар (Ковид-19) цар тахлын дөрвөн боть бүтээлийг бүтээсэн эрдэмтдийн багийг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хүлээн авч уулзаж, талархал илэрхийллээ.
Номын зохиогчид: Пагважавын Нямдаваа, Шаравын Болд,
Энэбишийн Оюунсүрэн, Дамирангийн Энх-Амгалан;
Монголчууд үндэсний уламжлалт анагаах ухааны өнө эртний түүхтэй ард түмэн бөгөөд XX зуунтай золгосноор европын соёл шинжлэх ухааныг дэлгэрүүлэх болсон билээ. XXI зууны эхэнд дэгдсэн Коронавируст халдварын цар тахал нь нэг талаасаа улс орны эрүүл мэндийн хөгжлийн түвшин, бодлого, түүний хэрэгжилт, бэлэн байдлыг шалгасан хүнд сорилт, нөгөө талаасаа анагаах ухаан, эрүүл мэндийн салбарын алдаа дутагдал, ололт амжилтад үнэлэлт өгөхийн зэрэгцээ хүний нийгмийн хөгжлийн салшгүй нэг хэсэг, хойшид ч ийм сорилт дахин тохиох магадлалтайг сануулсан үйл явдал болсон билээ.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан энэ оны 12 дугаар сарын 16-ны өдөр Зохиогчид, судалгааны баг, Ерөнхий редактор, Ботийн редакторуудыг хүлээн авч уулзаж, талархал илэрхийлэн хэлэхдээ: Монгол Улс төдийгүй дэлхий нийтээрээ хүч мөхөстсөн, хүн төрөлхтөн хөл алдсан коронавируст цар тахлыг даван туулахад академчид, эрдэмтэд, судлаачид, эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналт болон бусад салбарын хамтын ажиллагаа маш чухал үүргийг гүйцэтгэсэн. Манай улсыг дэлхий нийтэд тэр дундаа Ази Номхон далайн бүс нутгийн улс орнуудад үлгэр жишээ болохуйц стратегийг хэрэгжүүлсэн хэмээн ДЭМБ болон бусад улс орнууд дүгнэсэн. “Угтаж мэдээд тосож бэлдээд тэсэж гарна” гэх эртний үг бий. Аливаа үйл явдал болоод өнгөрсний дараа дахин давтагдахгүй гэх баталгаа байхгүй. Нөгөөтэйгүүр дэлхий дахинд аливаа зүйлийн хувьсал маш хурдтай явагдаж байна. Олон улсын нөхцөл байдал амаргүй байна. Технологи болон бусад хөгжил, шинэчлэлтэй холбоотой эрсдэлүүд ч бий болсоор байна. Хүний болон амьтны гаралтай вирус, түүний хувьсал мутац цаашид яаж өрнөхийг бид хэлж мэдэхгүй. Тиймээс ямар ч үед ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хангахад төрийн бодлогыг бодитой бөгөөд илүү шинжлэх ухаанчаар хэрэгжүүлэхэд эрдэмтэн судлаачид, эмч, мэргэжилтнүүдийн үүрэг оролцоо ихээхэн чухал байна.
Эрдэмтэд дөрвөн боть бүтээл туурвин үлдээж байгаа нь дараа дараагийн болзошгүй цар тахлын үед бидний хойч үед үнэлж баршгүй гарын авлага, архив болж үлдэнэ хэмээн онцлон хэллээ. Энэхүү үнэт өвийг эмхэтгэн, найруулан туурвисан ШУА-ийн төрөлжсөн академи Монголын Анагаах Ухааны Академийн Ерөнхийлөгч, академич Ш.Болд, МАУА-ийн тэргүүлэгч гишүүн, академич П.Нямдаваа, ЭМЯ-ны судалгаа, төлөвлөлтийн хэлтсийн дарга Э.Оюунсүрэн, ШУА-ийн Төрөлжсөн академууд хариуцсан эрдэмтэн нарийн бичгийн дарга Д.Энх-Амгалан болон бүтээлийн Ерөнхий редактор, редакторуудад, Эрүүл мэндийн яам, Монголын фото мэдээ сэтгүүлийн хамт олон сэтгүүлчдэд гүн талархал илэрхийлье хэмээн хэлэв.
Шинжлэх Ухааны Академийн төрөлжсөн академи
Монголын Анагаах Ухааны академи