Үндсэн агуулга руу
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи · 1961 оноос

Гишүүд

ЛУВСАНДАГВА (1931-2019)

АКАДЕМИЧ ЭРЭЭДЭРИЙН ЛУВСАНДАГВА (1931-2019) Их эмч 1931 онд Архангай аймгийн Хайрхан сумын нутаг Хөтөл булаг гэдэг газарт төржээ. 1956 онд МУИС-ийн хүн эмнэлгийн факультетыг их эмч мэргэжил, 1959-1961 онд ЗХУ-д хүүхдийн их эмчийн дээд курс, 1966 онд Москва хотын Пироговын нэрэмжи

ЛУВСАНДАГВА (1931-2019)


АКАДЕМИЧ ЭРЭЭДЭРИЙН ЛУВСАНДАГВА

(1931-2019)

Их эмч 

1931 онд Архангай аймгийн Хайрхан сумын нутаг Хөтөл булаг гэдэг газарт төржээ. 

1956 онд МУИС-ийн хүн эмнэлгийн факультетыг их эмч мэргэжил, 1959-1961 онд ЗХУ-д хүүхдийн их эмчийн дээд курс, 1966 онд Москва хотын Пироговын нэрэмжит эмнэлгийн II дээд сургуулийн аспирантурт суралцаж төгссөн.

1969 онд Москва хотод “БНМАУ дахь бага насны хүүхдийн сульдаа өвчний тархвар эмгэг жам, эмнэлзүй эмчилгээ урьдчилан сэргийлэлт” сэдвээр дэд доктор, 1990 онд “Монгол орны байгаль цаг уурын янз бүрийн нөхцөлд хүүхдийн бөөрний олдмол ба төрөлхийн эмгэгийн эзлэх хувийн жин, оношилгоо эмчилгээний асуудал” сэдвээр доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан. 1994 онд Монгол улсын ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич хэргэм хүртжээ.

1956-1961 онд Улсын хүүхдийн төв эмнэлэгт тасгийн эрхлэгч, ерөнхий эмч, зөвлөх эмч, 1962-1976 онд Анагаах ухааны дээд сургуулийн хүүхдийн өвчин судлалын тэнхимд багш, тэнхимийн эрхлэгч, 1977-1988 онд Эх нялхсын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, 1988-1997 онд Эх нялхсын эрдэм шинжилгээний улсын төвд эрдэм шинжилгээ эрхэлсэн тэргүүн дэд захирал, зөвлөх эмч, 1998-2007 онд Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн бөөр, дотоод шүүрлийн эмгэгийн зөвлөх эмч, Монгол-Украйны найрамдлын нийгэмлэгийн тэргүүн, Болгар улсын хүүхдийн эмч нарын үндэсний нийгэмлэгийн хүндэт гишүүн, ОХУ-ын “Ураг, нярай хүүхдийн эмгэг” сэтгүүлийн гадаад зөвлөлийн гишүүн, Монголын хүүхдийн анагаах ухааны сэтгүүлийн тэргүүлэгч, ЭМШУИС, ЭНЭШТ, Анагаахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдмийн зөвлөлийн гишүүн,  1981-1986 онд АИХ, орон нутгийн депутат, МАХН-ын XIX их хурлын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байв.

1967 онд доцент, 1986 онд Монгол улсын Хүний гавьяат эмч, 1993 онд профессор, 2000 онд Ардын эмч цол, Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Украйн Улсын гавьяаны III зэргийн одонгоор шагнуулжээ.

Монгол улсын хүүхдийн анагаахыг үндэслэгчдийн нэг, хүүхдийн өвчин судлал,  эмчилгээ, анагаах ухааны дээд боловсролын салбарт зонхилон ажилласан байна. 


  • Жинхэнэ гишүүн
  • Анагаахын шинжлэх ухаан

← Бүх мэдээ