Гишүүд
ЛУВСАНДАНЗАН (1921-2008)
АКАДЕМИЧ БУТАЧИЙН ЛУВСАНДАНЗАН (1921-2008) Геологич 1921 онд Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг Цагаанчулуут гэдэг газар төржээ. 1936-1938 онд Шинжлэх ухааны хүрээлэнд дагалдан сурагч, 1938-1940 онд Ардыг Гэгээрүүлэх Яамны дэргэдэх Дээд сургуулийн бэлтгэл курсийн сурагч, 1940-1
АКАДЕМИЧ БУТАЧИЙН ЛУВСАНДАНЗАН
(1921-2008)
Геологич
1921 онд Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг Цагаанчулуут гэдэг газар төржээ.
1936-1938 онд Шинжлэх ухааны хүрээлэнд дагалдан сурагч, 1938-1940 онд Ардыг Гэгээрүүлэх Яамны дэргэдэх Дээд сургуулийн бэлтгэл курсийн сурагч, 1940-1946 онд ЗХУ-ын Москвагийн Ломоносовын нэрэмжит Улсын Их сургуульд суралцаж геологич мэргэжил, 1952-1955 онд ЗХУ-ын Ленинград хотын Улсын Их сургуульд аспирантурт суралцаж төгссөн.
1955 онд ЗХУ-ын Ленинградын А.А.Ждановын нэрэмжит Улсын Их сургуульд “Говь Алтай аймгийн Чандмань сумын геологи, петрографи” сэдвээр геологи-минералогийн ухааны дэд эрдэмтэн, 1961 онд Монгол улсын ШУА-ийн сурвалжлагч гишүүн, 1976 онд ЗХУ-ын ШУА-ийн Геологийн хүрээлэнд “Өрнөд Монголын палеозойн атираат бүтцүүд ба боржинлог формациуд” сэдвээр геологийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг, 1982 онд ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич хэргэм хүртжээ.
1946-1951 онд БНМАУ-ын Шинжлэх ухааны хүрээлэнгийн Геологийн тасгийн эрхлэгч бөгөөд эрдэм шинжилгээ эрхэлсэн орлогч дарга, 1956-1957 онд “Совмонгол металл” нэгдлийн геологи-хайгуулын экспедицэд эрэл-зураглалын ангийн ахлах инженер, 1957-1962 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Геологийн удирдах газрын ерөнхий геологич, орлогч дарга, 1961-1962 онд МУИС-ийн Геологийн тэнхимд багш, 1962-1968 онд ЗСБНХУ-ын Геологийн яамны “Гадаад орнуудын геологийн судалгааны эрдэм шинжилгээний лаборатори”-д ахлах инженер, 1968 онд Монгол улсын ШУА-ийн Геологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ахлах ажилтан, БНМАУ-ын АИХ-ын 11 дэх удаагийн сонгуулиар АИХ-ын депутат, 1969-1987 онд тус хүрээлэнгийн захирал, БНМАУ-ын ШУА, ЗХУ-ын ШУА-ийн Геологийн эрдэм шинжилгээний хамтарсан экспедицийн Монголын талын даргаар ажиллаж байв.
1985 онд Шинжлэх ухааны гавьяат ажилтан, 1996 онд ШУТИС-ийн хүндэт профессор цол хүртжээ.
Монгол орны өрнөд хэсгийн геологи, Монгол улсын геологийн суурь судалгаа, геологийн формац, тектоникийн зураг зохиох, ховор металл, боржин төрлийн чулуулгийг судлах чиглэлээр зонхилон ажилласан байна. “Ховор металлт боржин дотор ховор элементүүд ба хөнгөн цагаан ялгарах, хуримтлагдах геохимийн үзэгдэл” нэртэй шинэ нээлт хийсэн нь Монгол улсын Шинжлэх ухааны анхны нээлтээр бүртгэгдэж (87/001, 1985 он) Шинэ нээлтийн №1 дипломыг авчээ.
- Жинхэнэ гишүүн
- Геологийн шинжлэх ухаан