Үндсэн агуулга руу
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи · 1961 оноос

Гишүүд

НАМЖИМ (1936-2018)

АКАДЕМИЧ ТӨМӨРИЙН НАМЖИМ (1936-2018) Инженер-эдийн засагч 1936 онд Сүхбаатар аймгийн Уулбаян сумын нутаг Билүүт хэмээх газар төржээ. Сүхбаатар аймагт бага дунд сургууль, 1955-1960 онд ЗХУ-ын Москва хотын Инженер-эдийн засгийн дээд сургуулийг инженер-эдийн засагч мэргэжлээр төгссө

НАМЖИМ (1936-2018)


АКАДЕМИЧ ТӨМӨРИЙН НАМЖИМ

(1936-2018)

Инженер-эдийн засагч

1936 онд Сүхбаатар аймгийн Уулбаян сумын нутаг Билүүт хэмээх газар төржээ. 

Сүхбаатар аймагт бага дунд сургууль, 1955-1960 онд ЗХУ-ын Москва хотын Инженер-эдийн засгийн дээд сургуулийг инженер-эдийн засагч мэргэжлээр төгссөн. 

1968 онд ОХУ-д “Грузовой автомобильный транспорт Монголии” сэдвээр эдийн засгийн ухааны дэд эрдэмтэн, 1974 онд “Проблемы эффективного развития транспортной системы МНР” сэдвээр эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан. 1982 онд Монгол улсын ШУА-ийн сурвалжлагч гишүүн, 1991 онд ШУА-ийн жинхэнэ гишүүн академич хэргэм хүртжээ.

1960-1964 онд БНМАУ-ын Тээвэр ба Холбооны яам, түүний харьяа газарт мэргэжилтэн, ахлах инженер-эдийн засагч, хэлтсийн дарга, 1963-1964 онд ШУА-ийн Эдийн засгийн хүрээлэнд ЭША, 1964-1965 онд Засгийн газарт Тээвэр, холбооны салбарыг эрхэлсэн референт, 1965-1975 онд Тээврийн яамны орлогч сайд, нэгдүгээр орлогч сайд, 1970-1975 онд Тээврийн эрдэм шинжилгээ, зураг төслийн институтийн захирал, 1975-1982 онд Улсын төлөвлөгөөний комисс ба ШУА-ийн Үйлдвэрлэх хүчний хөгжил байршлын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, 1982-1984 онд ШУА-ийн Эдийн засгийн хүрээлэнгийн захирал, Улсын төлөвлөгөөний комиссын орлогч дарга, АИХ-ын депутат, 1985-1990 онд Монгол улсын сайд, Засгийн газрын гишүүн, Улсын төлөвлөгөө, эдийн засгийн хорооны нэгдүгээр орлогч дарга, 1990-1992 онд ГХЯ-нд тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд, Нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, 1992-2006 онд Японы Осака гадаад судлалын их сургууль, Шига их сургуулийн профессор, 2007-2011 онд УИХ дахь МАХН-ын ажлын албаны ахлах зөвлөх, 2009-2017 онд ШУА-ийн Нийгмийн ухааны салбарын бага чуулганы орлогч дарга, 2012-2016 онд УИХ-ын даргын орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байв. 

2001 онд Монгол улсын Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн, 2006 онд Төрийн соёрхол, 2006 онд Японы Шига Кенрицу их сургуулийн хүндэт профессор цол олгожээ. 

Тээврийн эдийн засаг, Монгол улсын үйлдвэрлэх хүчний хөгжил, байршлын чиглэлээр зонхилон ажилласан байна.


  • Жинхэнэ гишүүн
  • Эдийн засгийн шинжлэх ухаан

← Бүх мэдээ