Гишүүд
ӨЛЗИЙХУТАГ (1938-2013)
АКАДЕМИЧ НАДМИДЫН ӨЛЗИЙХУТАГ (1938-2013) Ургамал судлаач, биологийн багш 1938 онд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын нутаг Хөтөл гэдэг газар төржээ. 1947-1957 онд Дэлгэрхангай сумын дунд сургуулийг дүүргэж, 1957-1962 онд МУИС-ийн Биологийн салбарыг ургамал судлаач-биологийн багш
АКАДЕМИЧ НАДМИДЫН ӨЛЗИЙХУТАГ
(1938-2013)
Ургамал судлаач, биологийн багш
1938 онд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын нутаг Хөтөл гэдэг газар төржээ.
1947-1957 онд Дэлгэрхангай сумын дунд сургуулийг дүүргэж, 1957-1962 онд МУИС-ийн Биологийн салбарыг ургамал судлаач-биологийн багш мэргэжлээр төгссөн.
1974 онд Улаанбаатар хотод “Монгол орны Ортуузын төрлийн ургамал: ангилал зүй, тархац, экологи, түүхэн хөгжил, аж ахуйн ач холбогдол” сэдвээр биологийн ухааны дэд эрдэмтэн, 1989 онд Ленинград хотод “Монгол орны буурцагтан: ангилал зүй, экологи, тархац, түүхэн хөгжил, аж ахуйн ач холбогдол” сэдвээр биологийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. 1998 онд Монгол улсын ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич хэргэм хүртжээ.
1962-1974 онд МУИС-ийн Байгалийн ухааны тэнхимд биологи, ургамал судлалын багш, тэнхимийн эрхлэгч, 1970-1974 онд Монгол-Оросын хамтарсан иж бүрэн биологийн экспедицэд эрдэм шинжилгээний удирдагч, 1974-1979 онд ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, 1979-1984, 1988-1997, 2002-2013 онд орлогч захирал, захирал, 1997 онд ШУА-ийн Ботаникийн хүрээлэнд эрдэм шинжилгээний зөвлөх, 1984-1989 онд ЗХУ-ын В.Л.Комаровын нэрэмжит Ботаникийн хүрээлэнд уригдан ЭШАА, 1992-1995 онд Шинжлэх ухаан, боловсролын сайд, 1996-2003 онд Монгол улсын ЗГХЭГ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбар хариуцсан референтээр ажиллаж байв.
Монгол улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн, Байгаль орчин хамгаалах нийгэмлэгийн төв зөвлөлийн тэргүүлэгч гишүүн, Эрдмийн зэрэг, цол олгох дээд зөвлөлийн дарга, Цөмийн энергийн комиссын дарга, Биологийн шинжлэх ухаанаар эрдмийн зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүн, Соёл, урлагийн их сургуулийн удирдах зөвлөлийн гишүүн, Монголын боловсролын хөгжлийг дэмжих сангийн ерөнхийлөгч, Ургамлын мэдээллийн олон улсын байгууллагын гишүүнээр сонгогджээ.
1990 онд профессор цол, 1991 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 1993 онд Петрийн нэрэмжит шинжлэх ухаан, урлагийн академийн жинхэнэ гишүүн, 1994 онд Ардын боловсролын тэргүүний ажилтан, 1996 онд Шинжлэх ухааны тэргүүний ажилтан, 1996 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 1999 онд Байгаль орчны тэргүүний ажилтан, 2004 онд Монгол улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, 2005 онд Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдсан.
Монгол орны ургамлын аймаг, ургамалжилтын болон биологи, хөдөө аж ахуй, экологийн салбарт, ялангуяа хадлан бэлчээрийн болон экологийн судалгаа, буурцагтны ангилал зүй, биологи-экологи, тархац, түүхэн хөгжлийн судалгаагаар зонхилон ажилласан байна.
- Жинхэнэ гишүүн
- Биологийн шинжлэх ухаан