Үндсэн агуулга руу
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи · 1961 оноос

Гишүүд

ПУНЦАГНОРОВ (1924-1994)

АКАДЕМИЧ ЦЭВЭГЖАВЫН ПУНЦАГНОРОВ (1924-1994) Түүхч 1924 онд Улаанбаатар хотын 3 дугаар хороонд төржээ. 1932-1938 онд Улаанбаатар дахь Зөвлөлтийн дунд сургууль, 1942-1947 онд Москва хотын Ломоносовын нэрэмжит Улсын их сургууль, 1947 онд аспирантурт суралцаж төгссөн. 1951 онд “Автон

ПУНЦАГНОРОВ (1924-1994)


АКАДЕМИЧ ЦЭВЭГЖАВЫН ПУНЦАГНОРОВ

(1924-1994)

Түүхч

1924 онд  Улаанбаатар хотын 3 дугаар хороонд төржээ. 

1932-1938 онд Улаанбаатар дахь Зөвлөлтийн дунд сургууль, 1942-1947 онд Москва хотын Ломоносовын нэрэмжит Улсын их сургууль, 1947 онд аспирантурт суралцаж төгссөн.

1951 онд “Автономитын үеийн Гадаад Монгол орон (1911-1919)” сэдвээр түүхийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалсан. 1961 онд Монгол улсын ШУА-ийн сурвалжлагч гишүүн, 1991 онд ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич хэргэм хүртжээ. 

1939-1940 онд Улсын албан газруудын захиалгыг эрхлэх контор, 1940 оноос ШУА-д, 1951-1955 онд Шинжлэх ухааны хүрээлэнгийн түүхийн кабинетын ахлах ажилтан, эрхлэгч, нийгмийн ухааны секторын эрхлэгч, “Шинжлэх ухаан” сэтгүүлийн ерөнхий эрхлэгч, 1951-1957 онд Намын дээд сургуулийн түүхийн тэнхимийн багш, эрхлэгч, 1956 онд МАХН-ын Төв хорооны дэргэдэх Намын түүхийн институтийн орлогч захирал, 1960-1962 онд МАХН-ын Төв хорооны соёлын хэлтсийн эрхлэгч, 1962-1963 онд “Үнэн” сонины ерөнхий эрхлэгч, 1963-1972 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн орлогч дарга, 1963-1968 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дэргэдэх Дээд ба тусгай мэргэжлийн дунд боловсролын хорооны дарга, 1971-1972 онд Соёлын яамны сайд, 1963-1971 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дэргэдэх цөмийн энергийн комиссын дарга, 1963-1971 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дэргэдэх эрдмийн зэрэг цол олгох улсын комиссын дарга, 1972-1978 онд БНМАУ-аас НҮБ-ын дэргэд суух байнгын төлөөлөгч, 1978-1991 онд Монголын эрдэм дэлгэрүүлэх нийгэмлэгийн дарга, ШУА-ийн Дорно дахин, Олон улс судлалын хүрээлэн, Монголын АНУ судлалын төв зэрэг байгууллагад зөвлөхийн алба, МАХН-ын Төв хорооны гишүүн, АИХ-ын депутат, 1963-1969 онд Монголын парламентын бүлгэмийн дарга, нам, эвлэл, олон нийтийн сонгуульт ажил, Монгол-Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэгийн Төв зөвлөлийн орлогч дарга, Монгол-Энэтхэгийн нийгэмлэгийн даргаар сонгогдон ажиллаж байв. 

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон 2 удаа, Алтан гадас одон 2 удаа, Ардын хувьсгалын ойн болон бусад медалиуд, ЗХУ, БНСЧСУ, Унгар, Болгарын медалиудаар шагнагджээ.

Монголын түүх, Монгол улсын гадаад харилцааны асуудлууд, эрдэм дэлгэрүүлэх чиглэлээр зонхилон ажилласан байна. 


  • Жинхэнэ гишүүн
  • Түүхийн шинжлэх ухаан

← Бүх мэдээ