Гишүүд
РИНЧЕН (1905-1977)
АКАДЕМИЧ БЯМБЫН РИНЧЕН (1905-1977) Хэл бичиг судлаач, зохиолч, орчуулагч 1905 онд Түшээт хан аймгийн Эрдэнэ вангийн хошуу буюу одоогийн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Буурын голын эх Булсарай хэмээх газар төржээ. Багаасаа гэрээрээ бичиг үсэг, гадаад хэл сурч, 1924-1927 онд ЗХУ-
АКАДЕМИЧ БЯМБЫН РИНЧЕН
(1905-1977)
Хэл бичиг судлаач, зохиолч, орчуулагч
1905 онд Түшээт хан аймгийн Эрдэнэ вангийн хошуу буюу одоогийн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Буурын голын эх Булсарай хэмээх газар төржээ. Багаасаа гэрээрээ бичиг үсэг, гадаад хэл сурч, 1924-1927 онд ЗХУ-ын Ленинград хотын Дорно дахины хэлний институтэд дорно дахин судлаач мэргэжлээр төгссөн. Тэнд сурч байхдаа Судар бичгийн хүрээлэнгийн хүсэлтээр тусгай лекц, хичээлийг нэрт эрдэмтдээр заалгаж байв. 1929 онд байгуулсан Монголын зохиолчдын дугуйлангийн анхны гишүүн, орос, чех, польш, франц, англи, эсперанто, герман зэрэг олон хэлийг эзэмшсэн байна.
1956 онд БНУАУ-д “Монгол бичгийн хэлний зүй” бүтээлээрээ докторын зэрэг, 1956 онд БНМАУ-ын СнЗ-ийн дэргэдэх эрдмийн зэрэг цол олгох дээд зөвлөлийн шийдвэрээр шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг, 1961онд Монгол улсын ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич хэргэм хүртжээ.
1921 онд Алтанбулаг хотноо Хязгаарын яамны бичээч, 1927 онд Улаанбаатар хотын 1 дүгээр сургуулийн багш, захирал, 1927 онд Судар бичгийн хүрээлэнд ажилтан, дуун ухааны тасгийн эрхлэгч, 1936-1937 онд Улсын хэвлэлийн газар хариуцлагатай нарийн бичгийн дарга, 1942-1958 онд Үнэн сонины утга зохиолын нарийн бичгийн дарга, 1946 онд МУИС-д багш, 1948 онд Шинжлэх ухааны хүрээлэнд ЭША, 1952 онд “Үнэн” сонины утга зохиолын нарийн бичгийн дарга, 1958-1977 онд Шинжлэх ухааны хүрээлэнд Хэл зохиолын тасгийн ажилтан, захирлаар ажиллаж байв.
1945 онд Монгол улсын Төрийн шагнал, 1958 онд Сомали-Угро нийгэмлэгийн хүндэт профессор, 1965 онд МЗЭ-ийн шагналаар шагнуулжээ.
2005 онд Бямбын Ринчений мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан түүний дурсгалын хөшөөг Улсын төв номын сангийн өмнөх талбайд босгосон юм.
Монгол бичгийн хэлний зүй, монгол хэл аялгуу, түүх соёл, утга зохиол, аман зохиол, угсаатны зүй, бөө судлал, нэр томьёо зэрэг монгол судлалын бараг бүх салбараар судалгаа хийсэн, зохиолч, орчуулагч, сэтгүүлч, сурган хүмүүжүүлэгч эрдэмтэн байв.
- Жинхэнэ гишүүн
- Хэл шинжлэлийн шинжлэх ухаан