Гишүүд
ШИРЭНДЭВ (1912-2001)
АКАДЕМИЧ БАЗАРЫН ШИРЭНДЭВ (1912-2001) Түүхч 1912 онд Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошууны Их баг, одоогийн Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын нутаг Худагийн амны Нурамтын өвөлжөө хэмээх газар төржээ. Бага насандаа хошууныхаа Нүхтийн хүрээнд шавилан сууж, 1929-1930 онд
АКАДЕМИЧ БАЗАРЫН ШИРЭНДЭВ
(1912-2001)
Түүхч
1912 онд Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошууны Их баг, одоогийн Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын нутаг Худагийн амны Нурамтын өвөлжөө хэмээх газар төржээ.
Бага насандаа хошууныхаа Нүхтийн хүрээнд шавилан сууж, 1929-1930 онд Цэцэрлэг мандал аймгийн Хөдөө аж ахуйн түр сургууль, 1930-1932 онд Намын сургууль, 1932-1937 онд ЗХУ-ын Улаан-Үүд хотын Монгол рабфакт, 1937-1941 онд Эрхүү хотын Багшийн дээд сургуулийг түүхч мэргэжлээр, 1949 онд ЗХУ-ын ШУА-ийн Дорно дахины дээд сургуулийн аспирантур, 1960 онд докторантурт суралцаж төгссөн.
1954 онд Москва хотноо “Монгол орон дахь ардын хувьсгал, БНМАУ байгуулагдсан нь” сэдвээр дэд доктор, 1960 онд “XIX-XX зууны зааг дахь Монгол улс” сэдвээр шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан, 1961 онд Монгол улсын ШУА-ын жинхэнэ гишүүн, академич хэргэм хүртжээ.
1941-1944 онд Багшийн техникумд багш, БНМАУ-ын Засгийн газрын гэгээрэл, шинжлэх ухаан хариуцсан референт, 1944-1952 онд МАХН-ын Төв хорооны суртал ухуулга эрхэлсэн нарийн бичгийн дарга, МУИС-ийн захирал, Ардын гэгээрлийн яамны сайд, 1953-1957 онд БНМАУ-ын ерөнхий сайдын соёл боловсрол эрхэлсэн орлогч, нэгдүгээр орлогч, МАХН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, 1961-1981 онд Монгол улсын ШУА-ийн Ерөнхийлөгч, 1982-1995 онд ЗХУ-ын Дорно дахины хүрээлэнгийн ахлах болон тэргүүн зөвлөх, 1995 оноос ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн зөвлөхөөр ажиллаж байв. Монгол улсын Бага хурлын гишүүн, АИХ-ын 10 удаагийн депутат, АИХ-ын орлогч дарга, Монголын Энх тайвны хорооны дарга, Дэлхийн энх тайвны зөвлөлийн гишүүн, Монгол-Зөвлөлтийн Найрамдлын нийгэмлэг, ЗХУ-д сургууль төгсөгчдийн холбоо, Монгол-Польшийн Найрамдлын нийгэмлэгийн даргын сонгуульт ажлыг хийж байв.
1966 онд Төрийн шагнал, 1991 онд Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн, 1997 онд Монгол улсын Хөдөлмөрийн баатар, БНМАУ, ЗХУ, БНПАУ төрийн дээд одон медалиуд, Дэлхийн Энх тайвны Зөвлөлийн Жолиа-Кюрийн мөнгөн медалиар шагнуулжээ. ЗСБНХУ, БНСЧСУ, БНАГУ, БНБАУ, БНПАУ-ын ШУА-ийн Хүндэт ба гадаад гишүүн, Английн Лийдсийн их сургуулийн утга зохиолын Хүндэт доктороор өргөмжлөгдсөн.
Монгол улсын Засгийн газрын шийдвэрээр академич Б.Ширэндэвийн нэрэмжит шагнал буй болгож, Засгийн газар болон Нийслэл Улаанбаатар хотын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр түүний хүрэл хөшөөг Улаанбаатар хотод босгож, амьдарч байсан гудамжийг нэрэмжит болгов. Монгол улсын ШУА-ийн хүрээлэнгүүдийн Нэгдсэн 1-р байранд академич Б.Ширэндэвийн цээж баримал бүхий хүндэтгэлийн булан, нэрэмжит кабинетыг байгуулжээ.
Монгол улсын Шинжлэх ухааны байгууллагуудыг үүсгэн хөгжүүлэх, Монгол улсын түүх, Ардын хувьсгалын түүх, уран зохиолч, сэтгүүл зүйн чиглэлээр зонхилон ажилласан байна.
- Жинхэнэ гишүүн
- Түүхийн шинжлэх ухаан