Үндсэн агуулга руу
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи · 1961 оноос

Гишүүд

ТӨМӨРТОГОО (1939-2019)

АКАДЕМИЧ ОНОНГЫН ТӨМӨРТОГОО (1939-2019) Геологийн эрэл-зураглалын геологич-инженер, геотектоникч 1939 онд Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутаг Хутаг уулын өвөрт төржээ. 1963 онд Москвагийн Геологи-хайгуулын дээд сургуульд суралцан, геологийн эрэл-зураглалын геологич-инженер мэрг

АКАДЕМИЧ ОНОНГЫН ТӨМӨРТОГОО

(1939-2019)

Геологийн эрэл-зураглалын геологич-инженер, геотектоникч

1939 онд Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутаг Хутаг уулын өвөрт төржээ. 

1963 онд Москвагийн Геологи-хайгуулын дээд сургуульд суралцан, геологийн эрэл-зураглалын геологич-инженер мэргэжлээр төгссөн.

1973 онд ЗХУ-ын Москва хотын ШУА-ийн Геологийн хүрээлэнд “Орхон-Сэлэнгийн хотгорын тектоник ба хөгжлийн түүх” сэдвээр Геологи-минералогийн ухааны дэд эрдэмтэн, 1989 онд тус хүрээлэнд “Монгол орны офиолит эвшлүүд ба атриат мужуудын үүсжилт” сэдвээр Геологи-минералогийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан. 1991 онд Монгол улсын ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич хэргэм хүртжээ. 

1963-1966 онд МУИС-ийн Геологийн тэнхимд багш, 1966-1986 онд ШУА-ийн Геологийн хүрээлэнд эрдэмтэн нарийн бичгийн дарга, 1986-1997 онд тус хүрээлэнд эрдэм шинжилгээний ахлах, тэргүүлэх ажилтан, төслийн удирдагч, 1997-2005 онд ШУА-ийн Геологи, эрдэс баялгийн хүрээлэнгийн захирал, 2005-2019 онд тус хүрээлэнд захирлын зөвлөх бөгөөд Геодинамикийн секторын эрхлэгчээр ажиллаж байв. 

Монгол улсын Шинжлэх ухаан, технологийн Үндэсний зөвлөлийн гишүүн, ШУА-ийн Геологи-газарзүйн салбарын Бага чуулганы дарга, тус Академийн дэргэдэх Геологи-газарзүйн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүн, Геологи-минералогийн ухааны боловсролын докторын (Ph.D) зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүн, ШУА-ийн Геологи, эрдэс баялгийн хүрээлэнгийн эрдмийн зөвлөлийн дарга, ПГХ-ийн эрдмийн зөвлөлийн гишүүн, АМГТГ-ын дэргэдэх Эрдэс баялгийн зөвлөлийн гишүүн, Монголын Геологийн холбооны тэргүүлэгч гишүүнээр сонгогджээ.

1998 онд дэд профессор, 1999 онд Монгол улсын Техникийн Их сургуулийн Хүндэт профессор цол, 2003 онд профессор цол, 2014 онд Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн цол хүртсэн.

Регионал геологи, тектоник, геодинамик, геологийн зураг зүйн Монголын Геологи судлалд Плейттектоникийн онолын үзэл баримтлал нэвтрүүлэх чиглэлүүдээр зонхилон ажилласан байна.

  • Жинхэнэ гишүүн
  • Геологийн шинжлэх ухаан

← Бүх мэдээ