Гишүүд
ЦЭРЭНДУЛАМ (1931-2000)
АКАДЕМИЧ РЭНЦЭНГИЙН ЦЭРЭНДУЛАМ (1931-2000) Мал зүйч 1931 онд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Уялга харуул хэмээх газар төржээ. 1939-1943 онд Төв аймгийн Батсүмбэр сумын бага сургууль, 1944-1947 онд Батсүмбэр дэх Зоотехникум, 1947-1952 онд МУИС-д суралцан төгсөж мал зүйч мэргэжлээр төг
АКАДЕМИЧ РЭНЦЭНГИЙН ЦЭРЭНДУЛАМ
(1931-2000)
Мал зүйч
1931 онд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Уялга харуул хэмээх газар төржээ. 1939-1943 онд Төв аймгийн Батсүмбэр сумын бага сургууль, 1944-1947 онд Батсүмбэр дэх Зоотехникум, 1947-1952 онд МУИС-д суралцан төгсөж мал зүйч мэргэжлээр төгссөн.
1954-1957 онд Москва хотноо Бүх холбоотын мал аж ахуйн эрдэм шинжилгээний институтэд аспирантурт суралцаж, 1957 онд “БНМАУ-ын малын тэжээлийн найрлага, шимт чанар” сэдвээр дэд эрдэмтэн, 1974 онд “Монгол орны малын тэжээлийн нөөц” сэдвээр шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан. 1982 онд Монгол улсын ШУА-ийн сурвалжлагч гишүүн, 1990 онд ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич хэргэм хүртжээ.
1952-1954 онд ШУ-ны хүрээлэнд ЭША, 1957-1961 онд МУИС, ХААДС-д багш, ЭША, 1961-1968 онд ХАА, МАА-ийн эрдэм шинжилгээний хүрээлэнд ЭША, эрдэмтэн нарийн бичгийн дарга, тасгийн эрхлэгч, 1969-1984 онд Бэлчээр тэжээлийн ЭШ-ний хүрээлэнд ЭШТА, сектор, салбарын эрхлэгч, 1984-1991 онд МААЭШХүрээлэнд тэргүүлэх ажилтан, сектор салбарын эрхлэгч, 1991-1995 онд судлаач, зөвлөхөөр ажиллаж байв.
1958-1964 онд Монголын эмэгтэйчүүдийн хорооны тэргүүлэгч гишүүн, 1963-1986 онд Монгол-Унгарын найрамдлын нийгэмлэгийн орлогч дарга, тэргүүлэгч гишүүн, 1971-1980 онд ХААҮЭ төв хорооны тэргүүлэгч гишүүн, 1976-1978 онд Ажилчны районы намын хорооны гишүүн, 1986-1990 онд МАХН-ын Төв Хорооны гишүүн, 1976-1989 онд Төрийн шагнал эрхлэх хорооны гишүүн, МАХН-ын XVIII их хуралд төлөөлөгчөөр сонгогджээ.
1961, 1981, 1991 онд Ардын хувьсгалын 40, 60, 70 жилийн ойн медаль, 1971 онд Алтан гадас одон, 1984 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 1995 Монгол улсын ШУ-ны гавьяат зүтгэлтэн цолоор шагнагдсан.
Mонгол орны байгалийн үндсэн төрлийн бэлчээр хадлангийн өвс ургамал бэлтгэн хэрэглэдэг төрөл бүрийн тэжээлийн химийн найрлага, эрдэс бодис, витамин, нүүрс ус, шүвтэн хүчлийн шингэцийг тодорхойлж шимт чанарын иж бүрэн үнэлгээ өгөхийн хамт тэдгээрийн өөрчлөгдөх зүй тогтол, нөлөөлөх хүчин зүйлүүдийг илрүүлсэн нь үйлдвэрлэлд өргөн нэвтэрч бэлчээрийн тэжээлийн нөөцийг тогтоох, даацыг тодорхойлох болон мал сүргийн тэжээллэгийн жор, норм зохиох, тооцох бүх ажилд үндсэн хэрэглэгдэхүүн болж байна. Мөн бэлчээрийн монгол малын тэжээллэг, маллагааны онцлогийг байгаль, цаг уурын онцлогтой холбон судалж, тэжээлийн хангамж, нэмэгдэл тэжээлийн хэрэгцээ, шаардлагыг тооцон гаргах, саалийн үнээ, бордооны мал, гахай, шувууны тэжээллэг, маллагааны технологи боловсруулах судалгааны ажлыг удирдан гүйцэтгэж, үр дүнг үйлдвэрлэл, сургалтад нэвтрүүлсэн.
- Жинхэнэ гишүүн
- Мал эмнэлгийн шинжлэх ухаан